ХОЛЛИВУДЫН АЛДАРТ ЖҮЖИГЧИН ЖЭКИ ЧАН МОНГОЛ ГАРАЛТАЙ ГЭНЭ




Өдгөө 69 настай Холливудын тулаантай киноны од, алдарт жүжигчин Жэки Чаныг шүтэн бишрэгчид дэлхийн өнцөг булан бүрт хэдэн саяар тоологдоно гэдэгтэй хэн ч маргахгүй. Алдарт жүжигчин тэрээр Хятадын иргэний дайны гал дүрэлзсэн 1954 оны дөрөвдүгээр сарын 7-нд Чарлес болон Ли Ли Чан нарын хүү болон мэндэлжээ. Нэрт кино жүжигчин Жэки Чаны эхээс мэндлэхэд өгсөн нэр нь Чан Конг-Санг ажээ. Тэрээр Чан овогтой. Гэвч багадаа үргэлж энд тэнд үсэрч дэгдэн явдаг байсан тул түүнийг Pao-Pao буюу "Их бууны сум" хэмээн хочилдог байв. Жэки Чаны хүүхэд ахуйд гэр бүл нь тарчиг амьдралтай байсан гэдэг.
Гэвч үнэндээ Жэки Чаны эцэг, эх Хонгконг аралд дүрвэн ирэхээс өмнө чухам хэн байсан талаарх нэгэн баримт байдаг. Энэ баримтад өгүүлснээр Жэки Чаны эцэг, эх угаас ядуу хүмүүс байгаагүй гэнэ. Эцэг Чарльз Чан Дэлхийн II дайны өмнө Хятадын Гоминданы засгийн газрын тагнуул, эх Ли Ли Чан Шанхайд жүжигчин байжээ. Гэвч 1949 онд Мао тэргүүтэй коммунистууд иргэний дайнд ялалт байгуулж, Хятадын засгийн эрхэнд гарахад тэд Английн эзэмшил нутаг Хонгконг руу дүрвэсэн гэдэг. Харин Жэки Чан өнөөгийн нэр алдар, амжилтад хүрэхэд түүний язгууртан угсаатай эсэх нь огтоос чухал биш байсан юм. Хонгконгийн ядуу гэр бүлд өсөж торнисон хүү өөрийн хүч хөдөлмөрөөр л алдарт Холливуд хүртэл хөл тавьж чадсан билээ. Одоо түүнд дэлхий даяар дуурсах нэр алдар, эд баялаг бүгд бий. 1960 онд  түүний гэр бүлийнхэн Австрали руу цагаачилж, АНУ-ын Элчин сайдын яаманд тогоочоор ажилласан ба Жэки Чан "China Drama Academy"-д элсэн орж тулааны их мастер Ю Жим Юүний шавь болсноор амжилтын эхлэлээ тавьсан гэдэг. Тэрбээр таван настайдаа кино урлагт хөл тавьснаас хойш  нийт 150-аад кинонд дүрээ мөнхөлжээ. Энэ цагаас хойш тэрээр уйгагүй хөдөлмөрлөж хүн төрөлхтөний хайртай жүжигчин, найруулагч, продюссер, тулаанч, кино зохиолч, бизнес эрхлэгч, дуучин болж чадсан байна. Жэки Чан 1982 онд Тайванийн жүжигчин Лин Фэнг Жиаотай гэрлэв.  Жэки Чан буддын шашинтай бөгөөд кантон, мандарин, англи хэлтэй. 16 нас хүртлээ боксоор хичээллэж, 2009 онд Камбожийн их сургуульд хүндэт докторын цол хамгаалсан байна.
Жэки Чан кино хийх явцдаа олон улсын нэр хүнд бүхий 28 шагналын эзэн болсон бөгөөд одоо тэрээр дэлхийн энхийн байгууллагуудад өөрийн хөрөнгөөс тогтмол хандив өгдөг нэгэн. НҮБ-ын Хүүхдийн сангийн Сайн үйлийн элчин сайд ба энэрлийн үйл явдлын төлөө маш их ажилладаг. 2006 оны зургаадугаар сард тэрбээр үхсэний дараа өөрийн хөрөнгийн хагасыг нь хандивлахаа зарласан юм. 2008 оны Сычуань мужийн газар хөдлөлтөд нэрвэгдэгсдэд Жэки Чан нь 10 сая юань хандивлаж, Хятадын газар хөдлөлтийн тухай баримтат кино хийсэн юм. Жэки Чан "Жэки Чан" хандивын сан болон "Луугийн зүрх" гэсэн  хоёр сантай. 1988 онд байгуулагдсан "Жэки Чан" хандивын сан нь Хонгконгийн залуучуудад тэтгэлэг болон тусламж үзүүлдэг. Сан нь үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр ирсэн ба эрүүл мэндийн тусламж, байгалийн гамшигт нэрвэгдсэн хүмүүст үзүүлэх тусламж ба Хонгконгийн хүмүүс болон байгууллагуудад ашигтай төслүүдийг санхүүжүүлдэг болжээ.
Жэки Чан Монголд 2010 онд хүмүүнлэгийн айлчлал хийсэн билээ. Тэрээр энэ айлчлалынхаа талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Би өөрийн багийн хамт Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот руу нисэх гэж эрт бослоо. Чингис хаан нисэх буудалд буухад намайг хүүхдүүд, томчууд гээд олон хүн угтсан. Анх удаагаа, тэр тусмаа өөрийнхөө дуртай ажил болох хүмүүнлэгийн ажлаар энд ирж байгаа учир миний сэтгэл их хөдөлж байсан. Монгол Улс дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын нэг. Онгоц газардахаас ч өмнө утаа нь харагдаж байлаа. Шинэ Засгийн газрын зүгээс цэвэр агаарын төлөөх ажлыг сурталчлахад намайг туслахыг хүссэн юм. Гэхдээ би Монголд нэгхэн зүйл хийхийн төлөө ирэхийг хүсээгүй тул хүмүүнлэгийн ажил хийх хүсэлт тавьсан" гэсэн байдаг.  Энэ үеэр Жэки Чан монгол дээл өмсөж зургаа даруулахад нэгэн сэтгүүлч "Та монгол угсаатай гэдэг үнэн үү" гэж түүнээс асуухад "Би үнэндээ мэдэхгүй байна. Аав маань өвөөг минь монгол цустай гэж хэлсэн. Тийм ч учраас би хэзээ нэгэн цагт Чингис хааны тухай кино хийе гэж бодож байгаа" гэж хариулж байжээ.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=