МОНГОЛ ЭРЧҮҮД ЭХНЭРИЙНХЭЭ ТОМ ХҮҮ ШИГ АМЬДАРДАГ


Монгол амьдрал тэр чигээрээ эрх чөлөөгүй. Бүгдээрээ дураараа аашилдаг тул нэг нэгэндээ саад болж нэг нэгнийхээ эрх чөлөөг хаадаг.  Эхнэр хүн нөхрөөсөө салах  ч эрх чөлөөгүй. Бүгд айдастай. Бүгдээрээ аймхай.  Өөрөө шийдэж чадахгүй тул бүгд лам руу гүйж ламын орон болсон. Сайд хүртэл ажлаа хийж чадахгүй тул лам дуудаж ламд бүх хариуцлагаа даатгадаг. Сайдаасаа авхуулаад оюутан залуус хүртэл мухар сүсэгт хүлэгдсэн тул муу ёр далдын хүчнээс айх айдастай,  жинхэнэ эрх чөлөөгүй. Хэн нэг албан тушаалтан эсвэл баян хүнийг бараадахгүйгээр ажлаа хийгээд биеэ даагаад амьдрах эрх чөлөө байхгүй. Тиймээс эрх чөлөө гэсэн нийгмийн суурь үнэт зүйлийг зөвөөр тайлбарлаж зөвөөр ойлгоцгоох шаардлагатай. Ганц нэг онолч судлаач хүн биш бүх нийтээрээ, нийгмээрээ нэгдсэн ойлголттой болж байж нийгэм зөвөөр төлөвших боломжтой.
Монголчууд ядаж л ээж, ааваасаа чөлөөлөгдөж чадахгүй байна. Энэ нь түүхийн шалтгаантай л даа. Малчин удамтай, эсгий гэрт олуулаа халуун ам бүлээрээ амьдарцгаадаг байсан зэрэг үүдэл шалт­гаанууд бий. Гэтэл дээр үеэсээ уламжлагдсан энэ их дотно байдлаа орчин үеийн нийгэмд орж ирчихсэн атлаа хадгалах гээд зүтгээд байдаг нь гол алдаа.  Ухаан нь, ээжийгээ хүндлэх, ачийг нь хариулах ч гэдэг юм уу, аавынхаа заасан заавар, загнасан дүрмэнд нь баригдаад л яваад байдаг. Гэтэл орчин үеийн нийгэмд ээж, аавуудын туулж өнгөрүүлсэн  цаг үеийн амьдралын туршлагууд ерөнхийдөө хүчингүй бол­чихсон. Тухайлбал, орчин үеийн охид ээжийнхээ зааснаар явахад маш их хэцүү болсон.  Ээжийн амьдралын туршлага өнөөдөр биелэгдэхгүй.  Ээжийг залуу байхад өнөөдрийнх шиг интернэт, гар утас гэж байсангүй. Тэгэхээр ээж ямар амьдарлын туршлага ярих вэ. Аав нар хүүдээ амьдралын туршлага ярих ямар ч боломжгүй болсон. Яагаад гэвэл орчин цагийн хөвгүүд огт өөр амьдралын туршлагаар амьдарч байна. Дээхэн үеийн малчин айлд бол аавыгаа дагаад л адуучин болохоос өөр замгүй байлаа. Энэ тохиолдолд аавын туршлага маш их хэрэгтэй.  Уурга яаж хэрэглэх, адуугаа яаж манаж хонох, эмнэгээ хэрхэн сургах гэх мэт тэр бүх амьдралын туршлагууд хүүхдэд чухал болох нь тодорхой. Гэтэл өнөөдөр чи аавыгаа дагаад  адуучин болохгүй нь тодорхой шүү дээ. Чи эмч, багш, сэтгүүлч, хуульч болох хэрэгтэй.  Тэгэхээр орчин цагт залуучуудад аавын сургаал, туршлага нэг их хэрэг болохгүй.  Энэ талаар номондоо бичсэн байгаа. Мөн монголын нийгмийг харж байхад хүүхдүүд нь нэг л их аавынхаа зааж зааварласан замаар явах гээд байх шиг.  Аавыгаа их л ухаантай, хангай шиг түшигтэй гэж бодоод байдаг.  Үнэн хэрэг дээрээ өнөөдөр тийм боломж байхгүй. Хангай шиг түшигтэй аавыг хайж олно гэвэл үнэхээр хэцүү.
Орчин үеийн нийгэмд залуу хүн өөрөө өөрийгөө авч явахын тулд ээж, аавтайгаа зууралдаж ерөөсөө болохгүй.  Ээж аавууд ч гэсэн хүүхдүүдээ бариад л, заавал өөрийнхөө үгээр явуулах гээд байх хэрэггүй. Чи тэрэнтэй суу, одоо хүүхэд гаргахгүй бол нас чинь явлаа гээд л шахаад байдаг шүү дээ эцэг, эхчүүд. Ээж нар цагаан сар болохоор хүүхдүүдээ Ганданд дагуулж очиж суудлыг нь засуулна ч гэх шиг. 100 жилийн өмнө Гандан, сүм хийд чухал байсан нь маргаангүй. Гэтэл орчин үед тэд нар шиг хэрэггүй юм алга.  Ламд очиж засал хийлгүүлж байхаар тэр мөнгөөрөө олигтойхон шиг ном худалдаж аваад уншаад сууж байсан нь дээр биздээ.  Яаж ч бодсон ламд мөнгөө өгснөөс номонд мөнгөө өгсөн нь чухал. Монголчууд өнөөдөр зуун жилийн өмнөх хоцрогдсон амьдралтайгаа зууралдаад байна. Зуун жилийн өмнөх тэр амьдрал өнөөгийн нөхцөлд ямар ч хүчингүй болсон. Товчхондоо, эцэг эхдээ уягдсан байдал, лам, бөө, мухар сүсэг, зан заншилд баригдсан байдал маань бидний эрх чөлөөтэйгээр, өөрөө өөрийнхөө амьдарлыг аваад явах тэр боломжуудыг хаагаад байна. Өнөөгийн залуучууд аль хэдийнэ өөрөө, өөрийгөө аваад явчих чадвартай болчихсон.  Хамгийн гол нь ээж, аавууд нь үүнд саад болж болохгүй. Маш их боломжтой үе эхэлчихээд байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Зуун жилийн өмнөх монгол хүнд өнөөдрийнх шиг эрх чөлөөтэй байх боломж байгаагүй.  Ер нь нүүдэлчид буюу малчин ард түмэнд эрх чөлөө гэдэг зүйл нэг их байдаггүй л дээ. Харин зан заншил гэх мэт эрх чөлөөг хааж боосон зүйлүүд бол багагүй бий. Ээж, ааваасаа холдсон залуу хүн маань огт танихгүй хүмүүстэй танилцаж,  тэдний дунд сайн сайхан аж амьдарлаа зохиохыг нийгмийн эрх чөлөө гэж үзэж болно. Мэдээж хэрэг өнөөх залуу хүн маань мэргэжилтэй болно, ажилтай болно, шинэ найзуудтай, тэр бүү хэл эхнэртэй ч болно.  Эхнэртэй болчихоод ээжийгээ яриад, санаад байх утгагүй шүү дээ. Энэ тохиолдолд тэр эмэгтэй чиний гол хүндэтгэх хүн чинь болж хувирч байгаа юм.  Авгайтай болчихоод ээжийгээ санаад уйлаад суугаад байж яасан ч болохгүй. Охид бол нөхөртэй болчихоод нөхрийгөө яаж хүндэтгэх вэ, хайрлах вэ гэсэн тухай л бодох хэрэгтэй. Аавыгаа, ахыгаа санаад суугаад байх нь утгагүй.Уг нь залуу хүнд зоригтойгоор гэрээсээ гарах, аав, ээжийгээ орхиж сурах гэх мэт зүйлүүд маш чухал.  Одоо бол тэгж чадахгүй байна л даа. Хүнтэй суусан атлаа л аав, ах нар нь нөхрөөс нь ямагт дээгүүрт байдаг. Эхнэр авдаг, эхнэрийгээ тоохгүй ээжийнхээ үгээр яваад байдаг.  Тийм залуучууд зөндөө байна шдээ. Энэ бол яахав, нийгмийн амьдралд орж чадахгүй нөгөө л хүүхэд насны гэрийнх нь амьдрал үргэлжлээд байгаагийн тод жишээ. Аав, ээжээсээ холдож чадахгүй, үгээр нь байгаад байх юм бол хүний хүүхдийг нөхөр, гэргийгээ болгож баллаад яах юм бэ.
Монголын залуу үеийг харахад маш их мухар сүсэгтэй, үүнийгээ дагаад ямар ч эрх чөлөөгүй болчихсон байгаа нь анзаарагддаг.   Бүр нэг хөгшин хүн шиг дандаа зан заншил ярина. Уламжлалт монгол ёс, монгол ёсонд ингэж болохгүй ш дээ гэх мэтээр ярина. Урагшаа харсан, хөгжил боловсрол, уншсан номоо хоорондоо ярилцана гэж байхгүй. Уулзахаараа дандаа зан заншил, ямар ч ач холбогдолгүй түүх, хов жив ярьцгаана. Ерөнхийдөө хараад байхад хүн хөгжихгүй, толгой өвтгөсөн хачин сэдвүүдээр залуучууд хоорондоо их ярилцдаг болсон байна. Үүнийг нэг орой бааранд орж суугаад хажуу ширээнийхээ залуучуудын ярианаас захаас аваад анзаарч болно.
Тийм хүн харамсалтай нь ховор байна. Яагаад гэвэл насанд хүрэхийн тулд хүн өөрийгөө танин мэдэх ёстой. Ингэхийн тулд өндөр боловсрол, мэдлэг хэрэгтэй. Өөр­ийгөө олох хэрэгтэй. Өөрийгөө олоход мораль буюу ёс суртахууны өндөр чадвартай байх хэрэгтэй. Хувь хүн өөрөө өөрийгөө л насанд хүргэнэ шүү. Өөр хүн чамайг хэзээ ч насанд хүргэж чадахгүй. Хүн, хүндээ хүмүүжил өгч болно. Бусдадаа мэдлэг боловсролоо зааж болно. Харин насанд хүрэхэд нь туслаж чадахгүй.  Өөрөө өөрийгөө дайчилж байж л тухайн хүн насанд хүрнэ.
Үүний тулд юун түрүүн нийгэмтэйгээ зөрчилд орно, мухар сүсэг, ламыг эсэргүүцнэ, ээж, аавыгаа эсэргүүцнэ, багшдаа эргэлзэнэ, төрийг шүүмжлэлтэйгээр харна. Энэ бүх чадварууд чам дээр явагдах ёстой. Тэгж байж чи насанд хүрнэ.  Энэ нь тийм амар биш. Хараад байхад манайхан сүүлийн үед маш их нутгархдаг болсон байна.  Хүнд нутаг биш эх орон хэрэгтэй.  Наадмаар яадаг билээ. Хоёр бөх барилдаад нэг нь түрүүлээ л биз. Гэтэл хэн нэгэн бөхийг нь өмчирхөн дэмжиж нутгархаад л, талцаад л  бөөн юм болдог биздээ. Уг нь бол монголын газар нутаг дээр төрсөн хоёр нөхөр хоорондоо үзэлцээд нэг нь түрүүлээ л биз. Энэнд чинь нутгархаад байх ямар шаардлага байна аа. Аливаа хүн насанд хүрнэ гэдэг маань жинхэнэ утгаараа эх оронч болж төлөвшихийг хэлж байгаа юм.  Эх оронч гэдэг бол бас бусдыг ад үзээд үндсэрхэг үзэл үнэртүүлээд явахын нэр биш шүү.  Эх оронч гэдэг бол хөдөө явж байхдаа хогоо хаячихдаггүй, нутаг усаа хайрлачихдаг, архины шилээ хаа хамаагүй шидчихдэггүй, наад голдоо битгий машинаа угаагаад бай, наад модондоо битгий хадаг уяаад өнгө үзэмжийг нь гутаагаад бай гээд хэлчихдэг, дуугардаг ухамсартай хүнийг хэлнэ. Ийм байж л хүн насанд хүрнэ. Биологийн хувьд бол хүн тэртэй тэргүй 30, 40 хүрээд л насанд хүрчихдэг. Гэтэл үүний хажуугаар  тархи оюунаараа хүн насанд хүрэх ёстой. Оюун санаагаараа насанд хүрнэ гэдэг бол тийм амар зүйл биш. Монгол хүмүүс маш их бялдууч байна. Энэ нь тэднийг насанд хүрэхэд нь саад болж байна.  Улстөрийн сонгуулийн үеэр  энэ нь илүү сайн анзаарагддаг шүү дээ.
Монгол эрчүүдийн ихэнх нь эхнэрийнхээ том хүү шиг нь байдаг гэж.  Авгай нь ихэвчлэн ар гэрээ авч явдаг. Ээж нь нь хүмүүжүүлж хүн болгож чадаагүй айлын хүүг авгай нь  хүн болгох гэж оролдоод эцэстээ бууж өгдөг байхгүй юу. Бидний яриад байгаа энэ хямрал монгол эрчүүд насанд хүрээгүй цагт үргэлжилсээр л байх болно.  Хүний хямрал нь нийгмийн хямрал болчихлоо. Өөрөөр хэлбэл, монгол хүний өөрийнх нь хямрал нийгэм, эдийн засаг, улстөрийн хямрал болсон байна.  Монгол хүн өөрөө хүн болж чадахгүй байна. Сэтгэл зүйн баахан асуудалтай,  тархи толгой нь мухар сүсгээр дүүрчихсэн, айдастай, өс хонзонтой, нутгархаж, талцаж байгаа цагт монгол орон одоо байгаагаасаа илүү өндийж чадахгүй.  Тэгэхээр монгол эрчүүд юун түрүүнд насанд хүрэх хэрэгтэй байна. Шинэ цагийн монголчуудыг гаднаас нь харвал үнэтэй хувцас өмссөн, iphone гар утас барьсан,  хэдэн давхар байшинд амьдарцгааж байна. Гэтэл ухамсар сэтгэлгээ нь зуун жилийн өмнөхөөрөө. Хаанаа вэ, тархиндаа. Бодож байгаа бодол нь, ярьж байгаа үнэт зүйл нь, ёс заншил нь зуун жилийн өмнөхөөрөө. Энэ чинь л бидний хямралын эх үүсвэр, гол асуудал болоод байна. Бидэнд эх оронч үзэл гэж байхгүй учраас эв нэгдэл гэдэг зүйл  ч бас алга байна.  Эх орноо хэзээ ч хүндэлдэггүй.  Эх орноо хэн ч ярьдаггүй зөвхөн нутаг усаа л ярьцгаадаг.  Хаана төрсөн, аль нутаг вэ гэхчлэн.  Хэн ч эх орныхоо тухай ярьдаггүй. Тэр тусмаа гадаад оронд явж байгаа монголчууд маш хариуцлагагүй.  Эх орныхоо нэрийг өндөрт өргөдөггүй.  Дандаа Монгол орныхоо нэрийг муугаар харуулна. Монгол хүн тэнд тэгж гэнэ, ингэж гэнэ гэх мэтээр дандаа муухай зүйл сонсогдоно. Эв нэгдэлтэй байна гэдэг бол хамгийн энгийнээр хүн бүр эх орон гэсэн нэгдсэн нэг ойлголт, ухамсартай болохыг хэлээд байгаа юм. Тэгж байж бид  улс орны хөгжил, ирээдүйн тухай ярина. Түүнээс биш эх орон гэсэн ойлголтгүй хэдэн улсууд мянган сайхан ирээдүйн тухай яриад яах юм бэ. Зун болохоор манай монголчууд яадаг вэ. Хөдөө гараад л, аялал зугаалга хийгээд л, архи ууж, хоног төөрүүлсэн газраа хогоо хаяад эрх чөлөөгөө эдлээд явдаг. Гэтэл энэ чинь яг үнэндээ эрх чөлөө биш дураараа аашлах зангийн нэг хэлбэр байхгүй юу. Монголчуудын дунд билэг танхай гэх нэг ойлголт бий. Энэ бол бүдүүлгээ л илэрхийлж байгаа болохоос биш огтоосоо эрх чөлөө гэсэн үг биш. Эрх  чөлөө гэдэг чинь ухамсартай, хариуцлагатай  үйл ажиллагаа байдаг. Шийдэлтэй, сонголттой байдаг. Сонголтгүй газар эрх чөлөө яриад яах юм, ямар ч утгагүй шүү дээ. Сонголт байхгүй учраас хүсэх эрх чөлөө байхгүй. Найзууд орчин тойрныхныхоо үгээр явдаг, өөрийнхөөрөө шийдвэр гаргаж чаддаггүй учраас нийгмийн эрх чөлөө байхгүй. Боловсрол нь худлаа, диплом нь худлаа, профессорууд нь худлаа учраас оюуны эр-х чөлөөгүй, хуурамч хаяг зүүж явцгаадаг. Ээж аавууд өөрийнхөөрөө байлгах гэж зүтгээд үр хүүхэддээ зааж сургах боловсрол байхгүй тул залуус ээж аавдаа, ээж аавууд үр хүүхэддээ баригдсан нэг нэгнийхээ золиосууд болдог.
                                                                                                              

                                                                                          Доктор С.Молор-Эрдэнэ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=