Албан ёсны баримтаар эдгээр хэлмэгдсэн хүмүүсийн 30 мянга гаруйг цаазалж, 124 нь шоронд тамлал даалгүй нас барж, 7442 нь шоронд 10 жил хоригдож байсан статистик бий. Тэр дунд 8 эмэгтэй цаазалсны 3-4 нь жирэмсэн эмэгтэй байсан. 1937 онд Онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр Дэмид жанжны жирэмсэн эхнэр Б.Навчаа, Дорнод аймгийн хошуу захирагч жирэмсэн эмэгтэй Д.Дунгаржид, Богд хааны их цагаан дагина жирэмсэн эмэгтэй Н.Гэнэнпил нарыг буудан хороосон юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар Дотоодыг хамгаалах газрын дарга Намсрайг жирэмсэн эхнэр М.Дулмаа (Магсар бээсийн охин)-тай нь хамт цаазалсан гэдэг. Тэгвэл жирэмсэн дөрвөн эмэгтэйг цаазалсан болж таараад байгаа юм. Энэ бүхнийг би яагаад бичих болов гэвэл хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө бараг тохиолдоогүй яргалал Монголд болж байсныг эрх баригчид нууж хаагаад, булзааруулаад өнгөрдгийг бид л өнөөдөр түүхэнд үнэн мөнөөр нь үлдээх ёстой юм. Сэтгэл санааны болон эд материалын тэр асар их хохирлыг өнөөдөр л үр ач-д нь хүртээж, “эсэргүүний гэр бүл, үр хүүхэд, ач зээ” хэмээн насаараа гадуурхагдаж байсан хүмүүсийг, үхэхээс нь өмнө нэг ч удаа болов баярлуулах хэрэгтэй юм. Энэ асуудал хөндөгдөөд ирэхтэй зэрэг эрх баригч хоёр намын удирдлага, төр засгийн газрын дарга сайд нар, Улсын дээд шүүх, Улсын прокурор, Тагнуулын Ерөнхий газрын удирдлагууд л эсэргүүцэж, нууцалж, хэлмэгдэгсдийн гэр бүл, үр хүүхдийг хуурах төдий хандаж ирсэн нь нууц биш. Энэ газруудын удирдлагад тухайн үеийн яргаллыг гардан хийж байсан хүмүүсийн үр хүүхэд, ах дүү нар байдаг юм болов уу гэж хардахад хүрдэг. Ер нь тэгээд хэлмэгдэж, зовж зүдэрч үзээгүй хүн энэ улс төрийн хилс хэргээр хэлмэгдэнэ гэдгийг ойлгодоггүй, бүр хатуухан хэлвэл “басамжлал, доромжлол” болгоод байгаа юм. Тэдэнд амь насны нөхөх олговор нэрээр 500 мянгаас 1 сая төгрөг олгосон. Заримд нь орон байр олгосон. Хүний амь насыг, шоронд 10 жил тамлагдсаныг, хамаг хөрөнгөө хураалгасныг, гэр бүлээрээ “эсэргүү” нэртэй гадуурхагдаж явсныг 500 мянгаас 1 сая төгрөгөөр үнэлэнэ гэдэг хэтэрхий дорд үзсэн хэрэг л дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.