Улс төрийн хэлмэгдүүлэлт Монголын түүхэнд хар мөрөө үлдээж хэдэн мянган хүний зүрх сэтгэлийг шархлуулсан. Тэртээ 1930-аад оны эцэс, 40-өөд онд аавыгаа, ханиа, ах, дүүгээ алдсан хүмүүсийн асгаруулсан нулимс, сэтгэлийн шаналал өнөө ч хатаагүй хэвээр байна. Тэр цагт ямар хэрэгт буруутгагдсанаа ухааралгүй дээлээ толгой дээгүүрээ нөмрөөд ачигдан явж байсан хүмүүс шиг ард нь үлдэж байгаа аав ээж, хань үр хүүхэд нь бас л яагаад, юу болж байнаа гэсэн асуултад хариу хэлж чадалгүй гайхан хоцорч байсан гэдэг. Хожим нь эсэргүүний үлдэгдэл хэмээн чичлүүлж байхдаа ч тэр л хайртай хүмүүсээ эцсийн замд нь үдэж өгч чадаагүйтэй адил зовлон шаналал гэж үгүй. Хэлмэгдүүлэлтэд өртсөн зарим аймаг суманд мал муулах эр хүнгүй болж, арга ядахдаа 10 гаруйхан настай хүүгээ өрхийн тэргүүн гэж нэрлэж байсан гээд л зүрх эмтлэм түүх өдий болтол яригдсаар. Монголд улс төрийн талаар хэлмэгдүүлэх ажил ардын засгийн анхны Ерөнхий сайд Д.Бодоог улс төрийн тавцангаас зайлуулснаар эхэлсэн түүхтэй.Түүнийг Үндсэн хуулийг нуун дарагдуулсан, Дамбийжанцантай холбоотой байсан хэргээр, албан ажлаа өгөөд хөдөө амьдарч байхад нь 1923 онд цаазаар авч байсан нь Монголын төлөө гэсэн сэтгэлээр зүтгэсэн бүхнийгээ хэлмэгдүүлэх их ажлын зөвхөн эхлэл нь байж. Түүнээс хойш нийтдээ 36 орчим мянган хүн хэлмэгдсэн гэсэн баримт бий. Улс төрийн хэргээр хэлмэгдүүлэх ажил 1956 онд сэхээтний төөрөгдөл нэрээр МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Дангаасүрэн нарыг, 1964 онд намын эсрэг бүлэг хэмээн Нямбуу, Лоохууз нарын олон хүнийг албан тушаалаас нь зайлуулж хөдөө орон нутагт цөлж байсан бол 1980-аад онд Ширэндэв, Жалан-Аажав нарыг намын эсрэг хэргээр албан тушаалаас нь зайлуулж, ном бүтээлийг нь хориглон, номын сангуудаас хураан устгаж байжээ.Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 1937 оны есдүгээр сарын 10-нд их хэлмэгдүүлэлт эхэлж Монголын улс төрийн зүтгэлтэн 14 хүнийг Сонгинохайрхан уулын ард аваачиж буудан хороосон өдрөөр тогтоож жил бүр тэднийг дурсан санадаг уламжлал ардчилсан хувьсгал ялсан 1990 оноос хойш тогтоод байгаа юм.Улмаар 1990-ээд оны эхээр Монголын төр Цагаатгалын тухай хууль баталснаар улс төрийн талаар хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн эсэргүүний үлдэгдэл байхаа больж цагаадан тэднийхээ гэгээн дурсгалыг мөнхжүүлж санан дурсдаг болсон билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.