Амбан Хавангийн хүргэн Сүнбүрүү гэгч аргаа барахдаа эхнэр хүүхдээ орхиод үүргэвч үүрэн тэнүүчилсээр Ар Монголын Хамарын хийдэд хүрч номтой ламын дэмжлэгээр хуварга болжээ. Гэвч тэр хийдэд дасч өгсөнгүй. Тиймээс тэр багшдаа үнэн учраа хэлээд үүргэвч жодгор, өндөгөн тогоо үүрээд бадарчин болж энэ тэнүүгээр хэрэн тэнэх болжээ. Цорж лам ийнхүү урвагчидтай хатуу тэмцэл хийсэн ч эцэст нь өөрөө Хятадын хар цэргүүдийн урхинд орж хэрцгийгээр тамлуулж үхсэн гэдэг. Түүнийг ийнхүү хороосны дараа олныг хамарсан цэвэрлэгээний егүүтгэл эхэлсэн бөгөөд Хятадын хар цэргүүд хамгийн түрүүнд Цахарын дайчин цогтой тэмцэгч Мөдөө ванг хоёр дүүтэй нь цуг баривчлаад гурвууланг нь цаазлан хороожээ. Цахар, Халх, Өвөр Монгол, Хятадын хар цэрэг тал талаасаа оролцсон “Хүйтэн амын тулалдаан” гэгч нь ингэж нэг юм дуусгавар болсон байна. Тэгэхдээ энэхүү тулалдаанаас Мурангаа, Саранбуу нар шиг нэр алдараа шороотой хутгалгүйгээр цэвэр авч гарсан хүн олон бий. Жишээ нь Горлосын Санжаа байна. Анхандаа энэ хүн “Цахиур” Төмөр аятай ганцаараа тэмцэж, хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан бол сүүлдээ Цахар цэргийн захирагч болж ард олондоо “Баатар” Санжаа гэж хүндлэгдэх болжээ. Горлосын Санжаа гэрт сууж байхдаа толгой нь ханын эрсээр татдаг, тийм л үлэмж биетэй хүн байж. Энэ эр тулалдаанд орохдоо бугын арьсан хуяг өмсөөд хар цэргийн морьт хэсэг рүү уулгалан дайрдаг байжээ. Санжаа баатар морьтой хар цэргийг арав арваар нь хөөгөөд ирдэг, цэргүүд нь тэдний буу зэвсгийг хураагаад олзолж авдаг байсан тухай халх цэргийн бичээч асан Жамьянсүрэн дурссан нь бий. Учир нь Санжаа сэлэм эргүүлэхдээ онцгой сайн, тэгэхдээ дайсныхаа барьсан зэвсэгийг хөсөр хаяулж чаддаг, тиймдээ ч ганц дайчин Санжаад Хятадын хар цэргүүд арав арваараа хонь мал шиг туугдаад ирдэг байж л дээ. Түүний цахар цэргээ удирдан дайтсан хамгийн том тулаан нь Үзэмчин хошууны Хаянхярваа сүмийг хятад цэргээс чөлөөлөх тулалдаан байсан бөгөөд энд 600 орчим цахар цэрэг сайтар зэвсэглэсэн 2000 гаруй хар цэрэгтэй тулгарчээ. Ийм тэнцвэргүй хүчний эсрэг Горлосын Санжаа уран арга сэдэж байлдааны талбар луу олон зуун тэмээ хөөн оруулжээ. Үүний улмаас Хятадын хар цэргүүд хөл толгойгоо алдан үймэлдэж, энэ хооронд нь гинжин эгнээгээр давшсан цахар цэргүүд тэднийг толгой дараалан хядаж орхисон гэдэг. Энэ нь Өвөр Монголын түүхэнд домог болон үлджээ. Горлосын баатар зоригт “Сайн эр” Санжаа 1912 оны өвөл “Хатанбаатар” Магсаржавтай цуг Ар Монгол руу одоод төрсөн нутагтаа эргэж ирээгүй тухай өвөрлөгч нар хуучилдаг билээ.
Зуун-Уд чуулганы баруун Баарин хошууны Шагдар “Солиот”-ыг өвөрмонголчууд Манж, Хятад, баяд, ноёдын эсрэг чадах ядахаараа тэмцэж явсан “Сайн эр” гэж дүгнэдэг юм байна. Шагдар “Солиот” нь хошуу тамгын газрын хар гэрт сайн эрчүүлтэй цуг нэг бус удаа хоригдож байжээ. Гэхдээ Шагдар голдуу үг хэл, үзэл санаагаараа баяд ноёдтой тэмцэлддэг байсан бөгөөд энэ утгаараа тэрбээр сайн эрчүүлд хандаж “Та нар хүч бяраараа тэмцэж адуу малыг нь хөө. Харин би үг хэлээрээ тэмцэж ахуй санааг нь хөөе. Зоосны хятад, манж нартай тэмцэхэд зорилго нэг, зовлого нэг шүү” гэж уриалдаг байжээ. Тийм ч учраас нутгийнхаа ард олны дунд “Солиот”, “Сайн эр” гэж алдаршсан байна. Тэрбээр Манжийн он тооллын Бүрэн засагчийн наймдугаар он буюу 1869 онд Өвөр Монголын Зуун-Уд чуулганы баруун Баарин хошуунд ядуу малчин Дэчинрашийн гэрт төржээ. Багаасаа хурц ухаалаг, аливаа юмны учир шалтгааныг ухаж олох гэж мэрийдэг байсан түүнийг эцэг нь эрдэм номтой хүн болгох гэж долоон наснаас нь Гилбэрзууд шавилан суулгажээ. Энд арав гаруй жил суралцахдаа үеийнхэн дундаа ам хэл хурц, номтой сэргэлэнд тооцогдож, улмаар түүний бэлэн цэцэн үг баяд ноёдын сонорт хүрч тэдний уур ундууцлыг төрүүлэх болжээ. Шагдарыг гучаад настай байх үед буюу 1900-гаад оны үеэс нутаг орных нь баяд ноёд ганган хээнцэр орд харш бариулж, улмаар архи дарсанд мансууран, дарлал мөлжлөгөө ихэсгэснээр ард түмний дунд албан татвар хүндэрч, амбас ноёдын зээл, өртөө улааны дарамт, цаг бусын гувчуур нуруун дээр нь бууж доройтохын сацуу хот, хөдөөгүй гуйлгачин, тэнүүлчид олшроод ирсэн байна. Тиймээс Шагдар энэ байдлыг ажиглаж мэдээд,
Өнөө цагийн зовлонг
Үзээд хараад барахгүй
Тайж нь тахиа гүйцэхээ больж
Ноёд нь нохой гүйцэхээ болих цаг ирнэ вий” гэж элэг доог болгожээ. Нээрээ ч баруун Баарин хошууны ноёд түшмэд Манж, Хятадын булаан эзлэгчдэд эх нутгийнхаа баялаг, иргэн олныхоо хөлс хөдөлмөрөөр олсон эд агуурсыг хэргэм цолоор худалдах явдал бишгүй гарах болжээ. Жишээ нь Баарин хошууны Загар ван Ичинноров гүн, Хапунгаа захирагч нар 1907 онд ус бэлчээр өгөөмөр тэгш Улиастын гурван хөндийг “Чин улсын атар эзэмших бүлгэм” гэгчид дөрвөн түмэн лангаар худалдаж, нутгийн идээшиж дассан ард иргэдийг элсэн манхан руу хөөж нүүлгэжээ. Сүүлдээ бүр даамжирч Чонотын гурван хөндий, Буурын гурван хөндий гэх газрыг манж нарт худалдсан байна. Энэ бүхэн нь Шагдарын жигшил зэвүүцлийг төрүүлсэнээр эх нутаг, элгэн садныхаа төлөө чадах чинээгээрээ тэмцэх хэрэгтэй болжээ. Гэхдээ түүний тэмцэх зэвсэг нь элэглэл, дооглол, хошигнол байлаа.
...Өнгө, мөнгө хоёр нийлээд
Үнэн үггүй боллоо гэх алдарт үгийг зохиосон хүн бол Шагдар “Солиот” юмсанж. Энэхүү дөрвөн мөрт нь Халх Монголын нутагт түгэн тархахдаа, “Хавар, намар хоёрт хавчигдаад, Зун үгүй боллоо, Хадаг, мөнгө хоёрт хавчигдаад, Хууль үгүй боллоо” гэж бага зэрэг өөрчлөгджээ. Шагдар “Солиот нутаг орноо манж нарт худалдсан ноёд түшмэдийг үзэн ядахдаа, “Манай ноёд мөнгөөр хоол хийж, Хүнээр хөлөг хийж, Цусан хурим хийх болов” гэж уулзсан болгондоо ухуулж, үнэний төлөө тэмцэлд ард олноо уриалах болжээ. Тиймээс Шагдарын хошигнолыг хот, хөдөөгүй цээжлэн хүүрнэлдэх болж, улмаар Шагдарыг дагалдан яригчид, тэмцэгчид олширсон байна. Амнаас ам дамжсан дээрхи хошигнолууд сүүлдээ ихэс дээдсийн сонорт хүрсэнээр Шагдарыг Манж Чин улсын хатуу хуулиар эрүүдэн шүүхээр болжээ. Үүнд Шагдар үнэн голоосоо өширхөж,
...Ам хэлийг минь ташуурдах уу?
Бөгсөн биеийг минь гуядахаас
Бодол санааг минь гуядах уу?” гэх зэргээр яргачидаас ам асууж байсан гэдэг. Тэрбээр хүнд зодуур хүлээж олон хоногоор тарчлан хэвтэж байхдаа ч эсэргүүцлээ зогсоосонгүй. Чухам энэ үедээ л баяд ноёдын эсрэг тэмцэж боссон шилийн эрчүүлтэй нэгдэн нягтарч “Та нар хүч бяраараа тэмц, би үг хэлээрээ тэмцэе” гэж учирлаж байсан аж. Нэг удаа Гилбэр зуугийн сүмийн хурал болж олон арван мөргөлчин ирж Үзэмчин ноёд тэргүүтэн зуугийн дэргэдэх “Зэндмэнэ хад” гэгчид мөргөхөөр гарч ирэхэд Шагдар замыг нь тосч очоод, “Эцэг тэнгэр ивээлгүй болжээ, Эх дэлхий өршөөлгүй болжээ, Энэрэнгүй аръяабал авралгүй болжээ, Эрх барьсан ноёд хуульгүй болжээ. Хамт сууж хорвоог элээхгүй, Даяар тойрч, дарлагчдыг няцаая гэж шийдлээ” гэж хэлэхэд ноёд түшмэд тэргүүтэн яаж ч чадалгүй “Шагдар солиот солиорч байна” гэж хэлээд зайлж одсон гэдэг. Ингээд Шагдар 35 насандаа дүү лам Санжингойровтоо захиас үг хэлээд гэр орон, ах дүү, Гилбэрзуугаа орхиж, “Зальхай төрд жанжин суухаар, Зам дагаж будаа гуйсан нь дээр” гэж хэлээд хавчиг үүрээд бадарчин болж хавь ойрынхоо хошуу нутгаар хэрэн тэнэх болжээ. Тэгэхдээ ихэс ноёдтой ам хэлээрээ тэмцэлдэн зарим нэгтэй нь заргалдан няцааж явжээ. Сүүлдээ баяд ноёд Шагдарын үг хэлийг газар авахуулалгүй дарж авахаар хойноос нь элч явуулдаг болж. Нэг удаа баяд ноёдын элч нар түүнийг баривчлахаар ирэхэд Шагдар “Би бадарчин болж барцад түйтгэр арилгахаар бумба бүтээх гэж явна. Та нар жаргахаараа жаргаж, зэд өргөлөө хувааж өөхөн дотор өнхөрч, буян нүглээ хурааж бурхны нүдэнд шороо чихэж бай” гээд хоёр таягаа үзүүлж “Нэхэж ирсэн хүнтэй нэгийгээ үзэх гэж энэ хоёр саваа модыг бэлдсэн юм. За тэгээд үзэлцэх үү, дайралцах уу” гээд саваа модоороо тэднийг чичээд хөөж явуулж байсан гэдэг. Нэг удаа Шагдар “Солиот” Баарин зүүн хошууны засаг бэйсийн ордонд очжээ. Бэйс түүнд хандаж “Шагдар чи сүм хийддээ сууж буян үйлдэхгүй ингэж явах чинь хэцүү биш үү” гэхэд “Надад байгаа хэцүү ч яах вэ. Цаана чинь өөр олон хэцүү байна” гэж хэлээд, “Хээл иддэг ноён нэг хэцүү, Хиншүү иддэг лам нэг хэцүү, Хэрүүл хийдэг эм нэг хэцүү, Хэдгэнээс айдаг үхэр нэг хэцүү” гэхэд Бэйс хариуд нь юу ч хэлж чадсангүй. Нэг удаа тэрбээр хошуу ноёндоо хээл хахууль өгч байж мээрэн болсон Огтор хэмээх баяныд очвол “Шагдар чи олныг хэсэж ихийг үзсэн хүн. Миний отго жинс хэр зэрэг байна даа” гээд малгайгаа дээш нь өргөжээ. Тэгтэл Шагдар жинсийг харан доогтойгоор инээгээд “Толгой дээр байвал мээрин жинс, Тотгонд тавьбал хэтийн өлгүүр, Хэвийг нь сахивал мээрин жинс, Хэлт цохьчихвол хэрэггүй чулуу” хэмээжээ. Оготор мээрин түүнд хариу хэлж чадалгүй малгайгаа авч хоймортоо залжээ. Тэгтэл Шагдар гарахдаа “Хахуульдаж авсан хар чулууг хаана ч тавьсан яадаг юм бэ” гэж мээрэнтэнг хэлэх үггүй болгож байсан гэдэг. Нэг удаа тэрбээр Баарин вангийн чуулганд очтол баахан ноёд түшмэд хуран цугларсан байж. Тэгтэл бавгар сахалтай нэг ноён сахлаа ихэмсэгээр имэрч “Солиот чамайг хүмүүс их мэргэн сэцэн гэлцэх юм. Чи нэг сайхан ерөөл хэлээд орхи” гэжээ. Шагдар нэлээд ичиж зовсон дүр үзүүлэн хулмалзаж байснаа “Эхлээд таныг ерөөх үү” гээд хоолойгоо засангаа, “Сүмд байвал бурхан гэмээр, Сүрэгт байвал бух гэмээр, Ямаанд байвал ухна гэмээр, Яаманд байвал ноён гэмээр юмуу даа” гэхэд ноён ихэд уурлаж түүнийг зодох шахам ордноосоо хөөж явуулсан гэдэг. Нэг удаагийн цагаан сараар Шагдар Баарин хошууны сүмд эмэгтэй хүний дээл өмсчихөөд орсонд сүмийн лам нар “Эм хүний бузар хувцас өмссөн ийм амьтан бурхан шүтээнд ойртож болохгүй” гэж хөөжээ. Үүний хариуд Шагдар, “Барсыг барих нохой боловч, Гөлөг байгаад өсдөг юм, Банчин, Далай хутагт хүртэл Эхийн умайнаас төрдөг юм” гэж шүлэглэснээ “Намайг хөөснөөр та нар ариун болоорой. Харин дээш дээш нь дамжуулах үг байна, сонсож бай” гэж хэлээд “Хамба лам чинь хагарч үх Цогчин гэсгүй чинь цоорч үх Умзад лам чинь ухна болоод Улс амьтаны шившиг болог” хэмээжээ. Тиймээс түүнийг явсаны дараа сүмийнхэн ихэд сэжиглэж том хэмжээний гүрэм ном уншиж байсан гэдэг. Нэгэн хавар Баарины хөх сүмд Банчин богд Түвдээс олон дагуулын хамт залран иржээ. Цугларсан мөргөлчин олныг журамтай байлгах гэж дагалдагсад нь энгийн ардыг хайр найргүй нүдэж гарсан байна. Энэ үед Шагдар Банчин гэгээнийг дагалдан явсан тэрхүү тангадуудыг ажиж байснаа, “Мөрөөрөө мэлцгэр тангад, Мөнгө зоосонд дуртай тангад, Баруун газрын далай тангад, Банчинг дагасан чонон тангад” гэж хашгирчээ. Тэгтэл Банчин богдыг дагалдаж явсан хүмүүс ичсэн нэрэндээ Шагдарыг зодохоор дайрчээ. Өөдөөс нь Шагдар “Хэрвээ та нар намайг Банчин ламын өмнө аваачиж зодвол их хэрэг байна даа” гэж гэнэ. Банчин богд үүнийг мэдэж Шагдарыг дуудан ирүүлж “Энэ лав Богдын хувилгаан байх” гэхэд Шагдар “Хуварга байж чадаагүй намайг хувилгаан гэнэ үү, Банчин таны нүдэнд бараан үүл тогтжээ” гэж хэлээд явчихжээ. Нэг удаа Шагдарыг Утайд бадарчилж явтал тэнд ном үзэж байсан Баарин хошууны лам нар түвдүүдэд Шагдарыг “Мэргэн солиот” гэж танилцуулсан байна. Гэвч түвдүүд Шагдарыг үл тоомсорлож Ар зуугийн лам нарыг басамжлахад Шагдар, “Хар, шар өнгийг танихгүйгээр ханцуй шамлаж, Үнэн худлыг ялгахгүйгээр үг хэлдэг, Чухам нэрээ олохгүй байж, Цоржид бас дуртай” гэхэд нутгийн лам нар нь “Эндхийн мэргэдүүдтэй маргаад яах вэ?” гэж хоригложээ. Тэгтэл Шагдар нутгийнхаа лам нарт ихэд уурлаж, “Шинийг үзвэл хуучнаа хаяж, Сээр идвэл давсаа хаяж, Баянтай учирвал үгүйгээ хаяж, Барлаг маягтай явдаг болоо юу, та нар” гэж загнасан гэдэг. Нэг удаа Шагдар “Солиот” хошууны хойд захад засаглан суудаг Булуу мээрин гэгчийнд очжээ. Мээрин түүнд хандаж “Олныг хэсэж, орчлонг тойрсон хүнээр сонин юу байна даа” гэхэд Шагдар, “Орчлонгийн аль сониныг хэлж барах вэ? Олохоос урд зарахыг боддог, Оочихоос урд цадахыг боддог, Алхахаас өмнө гүйхийг яардаг, Аав болохоос өмнө асман болдог хүн л элбэг байх шив дээ” гэжээ. Энэ үг нь мээринг дайруулан ёжилсон учир Булуу мээрин ихэд уурсаж “Энэ муу солиотыг зод” гэж зарц нартаа тушаахад “Надад бас хоёр саваа мод бий шүү. Өөрийгөө занчуулахаас өмнө мээринтэн таныг нэг зангаад үзье” гэхэд Булуу мээрин түүнээс айгаад “Чи эндээс бушуухан яв” гэж зандарчээ. Шагдар тэднийхээс гарахдаа “Тас нисээд гарахгүй хаданд, Тахиа яаж гарах вэ? Та нар зэргийн мунхагууд, Надтай хэлэлцээд яах вэ?” гэж ёжлохоо бас мартсангүй. 1912 онд Өвөр Монголд “Үхэр жилийн үймээн” гэгч дэгдсэн бөгөөд энэ үед баяд ноёдын эсрэг боссон баг цэрэг давхин ирж Баарин хошууны үлэг Чонгоо захирагчийг бараа бологсодынх нь хамт Хялгантын сүмийн ойролцоо хүлээд хаячихжээ. Шагдар “Солиот” тэр үед тэнэж яваад Чонгоотой тааралдахад захирагч ихэд олзуурхан “За хө, их азтай хэрэг боллоо. Захирагч нь батганад идэгдээд баларч байна. Суллаад орхиорой” гэхэд Шагдар их л өрөвдсөн дүр үзүүлж “Эвий хөөрхий ингэж хэвтэх гэж бас байдаг юмаа” гэснээ доогтойгоор инээгээд, “Баарин хошууг бартал идсэн хүн, Батгананд идүүлэх нь зөв юм байна шүү дээ” гээд орхиод явчихсан гэдэг. Шагдар “Солиот” гэж ийм л бэлэн цэцэн үгтэй, ардын аман зохиолч байсан байна. Түүний зохиосон сургааль үгийг өвөрмонголчууд одоо ч хэлэлцэж суудаг юмсанж. Жишээ нь, “Ноёд дотроо хэрэлдвэл, Төрөө алдахын тэмдэг, Ноход дотроо хэрэлдвэл, Нэгийгээ барихын тэмдэг, Төрхгүй хүнээр төр бүү бариул, Төр эвдэхийн нэмэр, Түшмэлийн хүүхдээр тэрэг бүү хөтлүүл, Тэрэг эвдэхийн нэмэр” гэх сургааль үгийг Шагдар “Солиот” зохиожээ. Өвөр Монголын Шулуун хөвөөт цагаан хошуунд нутагтай, зохиолч Батмөнх 1979 онд “Өнөр цэцэг” сэтгүүлд “Шагдар Солиотын шинэ намтар” хэмээх анхны бүтээлээ хэвлүүлж байсан байна. Манжийн дарангуйллын үед эх орноо худалдагч баяд ноёдтой ил тод тэмцэх нь амь насанд халтай, аюултай зүйл байсан бөгөөд шилийн эрчүүд бол есөн эрүү тулгагдах мэтээр үйл тамаа үздэг байв. Харин Шагдар Солиотын хувьд гэвэл өөрийн үзэл бодлоо ёгт далд, хошин шог үг хэллэг, үйлдэл хөдөлгөөнөөр илэрхийлдэг нэгэн байжээ. Үүнийг бид Бадарчин, Далан худалч, Бэлэн Сэнгэ, Хуульч Сандаг, Шагдар “Солиот”, Цунцуугийн Цагираг нарын зохиол бүтээл, аман домог, хууч ярианаас сайн мэдэх билээ. Харин эдэнд Манжийн эрх баригчид, тэдний гар хөл болсон монгол ноёд “Галзуу”, “Солиот”, “Худалч”, “Муу хулгай”, “Төрийн бөөс” зэрэг нэр хоч өгч ард нийтийн дунд нэр хүндгүй болгох гэж улайрдаг байж. Бэлэн цэцэн шударга шүүмжлэлээрээ мөлжигч ангийнхныг айлгаж, ичээж байсан хүний нэг бол Өвөрлөгч түмний цэцэн билэгт Шагдар “Солиот” мөнөөсөө мөн бөгөөд тэрбээр 1929 онд 60 насандаа тэнгэрт хальсан байна.
Зохиолч Б.Ойдов
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.