Аагим халуун өдрүүд үргэлжилсэн нийслэл хотод өчигдөр аадар бороо гурван цагийн турш цутгав. Өнгөрсөн жилээс эхэлж шинэчилсэн өнгөлөг бродюрнууд үнэн төрхөө харууллаа. Хотын дарга Х.Нямбаатар нэг ч бродюр эвдрээгүй гэх боловч ард иргэд эвдэрч хэмхэрсэн хашлага, замуудын зургийг авч олон нийтийн сүлжээнд тавьж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн. Замын хашлагыг солих нэрийдлээр замын бүтцийг хүртэл өөрчилж, ус зайлуулах хоолойг өөрчилсний улмаас нийслэлийн нэлээд хэдэн газар үерт автахаа шахлаа. Халгиж цалгисан их ус зам дагуу урсч, бүр хашлага давж байгааг өчигдөр олон хүн баримтжуулж олон нийтийн сүлжээнд тавьсан билээ. 35 тэрбум төгрөгийн төсөвтэй гэх хашлага солих ажлыг хоёр жил дамнан хийсэн атлаа энэ зэргийн эрсдэлийг тооцоолоогүй хийсэн нь ганцхан өдрийн борооноор нотлогдлоо. Гэвч энэ ажлаа олны шүүмжлэлийг хүлээж авахгүй үргэлжлүүлж байгаагаас харахад тун их унацтай ажил бололтой. Зөвхөн өнгөрсөн жилийн хувьд гэхэд нийслэлээс замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын сүлжээг нэмэгдүүлэх хүрээнд 31 байршилд авто зам, замын байгууламж барих төсөл хэрэгжүүлсэн.
Энэ бүх байршилд замын хашлагын ажил хийгдсэн бөгөөд 35,6 тэрбум төгрөг зарцуулахаар НИТХ-аас баталсан байдаг. Уг нь энэ ажил нь нийслэл хотод хийх нэн тэргүүний ажил биш, зарим газар бүр солих шаардлагагүй байхад солилоо гэсэн олон нийтийн шүүмжлэлд өртөж эхэлснээр, энэ жилийн хашлага солих ажилд төсөвлөсөн зардлаа өнөө хэр нууцалсаар байгаа. Харин ч олон жилийн хэрэгцээг хэвийн хангаад ирсэн замын хавтан болон бродюрыг чулуун хашлагаар сольж байгаа, гэхдээ үүнийг дотоодын компаниуд хийж чадахгүй учир урд хөршөөс нийлүүлж байгаа гэдгээ нийслэлийн холбогдох албан тушаалтнууд ам алдсан. 20 жилийн баталгаа өгч буй ганган бродюрнууд нь ганц өдрийн ширүүн борооны ая даахгүй урсахаа шахлаа. Гуравхан цаг үргэлжилсэн бороонд тараа таниулж байгаа гоёмсог бродюрнууд ирэх саруудад орох бороо, цасанд хэрхэн эвдэрч сүйдэх бол? Хяналт шалгалтыг нь хийж, стандартыг мөрдүүлэх ёстой Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нэг ширхэг ч бродюр эвдрээгүй хэмээн хээв нэг худал ярьж суугаад хэзээ хариуцлага тооцох ёстой вэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.