ХУУЛЬ ЗҮЙН САЙД Б.ЭНХБАЯР ЦЕГ-ЫН ДАРГААР НУТГИЙНХАА ХҮНИЙГ ТОМИЛОХООР ШИЙДЭВ ҮҮ?


Б.Энхбаяр Хууль зүйн сайдаар томилогдсон даруйдаа хамгийн түрүүнд Цагдаагийн ерөнхий газрын дарга Т.Сүхболдыг албан тушаалаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. Харин өнөөдрийг хүртэл шинэ даргаа томилоогүй байгаа ч зарим эх сурвалжийн хэлж байгаагаар, цагдаагийн хурандаа Т.Ганзоригийг томилох сурагтай. Дорнод аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Т.Ганзоригийг Б.Энхбаяр сайд болохдоо Дорнодоос авчирч Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар томилж байсан түүхтэй. Харин Б.Энхбаярыг сайдаас буухад мөн албан тушаалаа өгсөн Т.Ганзориг эргээд бүр томорч, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ирж буй бололтой. Ер нь манай улстөрчдийн хувьд ард иргэдэд хууль дүрмийг чандлан сахиж ажиллах гэхээс илүүтэй өөрсдийг нь хамгаалах “халаасны” хүнийг энэхүү албан тушаалд томилдог. Анх хүчний байгууллагын удирдлагыг “халаас”-ны хүнээ томилдог жишиг аль П.Жасрайн үеэс эхлэлтэй гэж хэлж болно. Тэрээр Ерөнхий сайд болонгуутаа өөрийн нутгийн Ж.Пүрэв генералыг томилсноос хойш үе үеийн Ерөнхий сайд нар өөрсдийн нутгийн хурандаа нараа томилдог албан тушаал болж хувирсан. Хамгийн сүүлд гэхэд Ерөнхий сайд асан Э.Оюун-Эрдэнэ Хэнтий нутгийнхаа Т.Сүхболд генералыг Цагдаагийн ерөнхий газрын даргаар томилж байв. Харамсалтай нь тэрээр, албан тушаалынхаа эрх мэдлийг хэтрүүлж, Дорноговьд аймагт алга болсон 12 настай охины мэдээллийг сэтгүүлч Н.Өнөрцэцэгт байнга өгч, мэргэжлийн ноцтой алдаа гаргасан ч өнөөдрийг хүртэл албан тушаалаасаа чөлөөлөгдөөгүй байсан юм. Ажил албаныхаа чанар чансаагаар бус улстөрчдийн дэмжлэгээр албан тушаалд томилогдох ийм ноцтой үр дагаврыг дагуулдаг. Хуулийн салбарт шинэчлэл хийнэ гэж амлаж буй шинэхэн сайд Б.Энхбаяр бас л нутгийнхаа хүнийг Цагдаагийн ерөнхий газрын даргаараа тавьж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй хэмээн хуулийн салбарынхан дүгнэж байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=