
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж эхлээд байна.
Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг тус тус байгуулахаар заасан. Олон улсын туршлагаас үзвэл 1949 онд Япон Улсад байгуулагдсан Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх нь Азийн хамгийн анхны энэ төрлийн хэргийн дагнасан шүүх болж, Гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх хуулиар гэр бүлийн хэрэгт тохирсон онцлог процесс ажиллагааг нь зохицуулдаг болжээ. Түүнчлэн БНСУ 1963 онд Сөүл хотын Гэр бүлийн хэргийн дагнасан шүүх байгуулагдан гэр бүлийн хэргийг дагнан хянан шийдвэрлэх бие даасан хуулиар гэр бүлийн хэргийг хянан шийдвэрлэх онцлог зохицуулалтыг бий болгосон байдаг аж. Иймд Монгол Улс анх удаа Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхтэй болж байгаа тул олон улсад нэгэнт тогтсон гэр бүл, хүүхдийн хэргийг хянан шийдвэрлэдэг сайн туршлагыг судлан, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэргүүн эгнээнд хамгаалах зорилгоор олон улсын жишигт нийцүүлэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг 5 бүлэг 40 зүйлтэйгээр боловсруулжээ.
Төсөл батлагдсанаар гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг бүрэн тал бүрээс нь шинжлэн судлах, нэг шүүхэд гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалахыг нөхцөл бүрдэх юм байна. Төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулсан байна.
Манай улсад сүүлийн 50 жил гэрлэлтээ батлуулж байгаа иргэдийн тоо нэгэн хэвийн байсан бол эсрэгээрээ гэрлэлтээ цуцлуулж байгаа гэр бүлийн тоо өсжээ. 2022 оноос эхлэн гэр бүл цуцлалтын тоо огцом өсөж, өнөөдрийн байдлаар өдөрт 10 гэр бүл гэрлэлтээ цуцлуулдаг байна. Үүний цаана жилд 10 мянга гаруй хүүхэд өнчирч хоцорч, эрх нь зөрчигддөг аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.