ХЭЛМЭГДЭЖ, ЦӨЛӨГДСӨН Ц.ЛООХУУЗЫГ "МАТААД" ХӨДӨЛМӨРИЙН БААТАР БОЛСОН НЬ



Эсэргүүн нэр зүүлгэсэн Ц.Лоохууз Ю.Цэдэнбалын хар дансанд орсноор Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн ¹02 тоот тогтоолоор нутаг зааж, Өвөрхангай аймгийн Сант суманд малчнаар томилов. Монгол улсын түүхэнд ийнхүү “төрийн томилгоот малчин” буюу улстөрийн хэрэгтэнд оноодог “мал маллах” ял гэж бий болов. Ц.Лоохуузын 6 ам бүл, нийслэл хотын төвийн, уураар халдаг тохилог сууцнаас идэр есийн ид хүйтэн 1 дүгээр сард уулын тагт дан бүрээстэй гэрт төвхнөн 100 хонь маллаж, сард 17 төгрөг 50 мөнгөөр амьдрах болжээ. Гэвч ажилладаг толгой болохоор цементний цаасан уутны хооронд сонин нааж давхар бүрээстэй болоод онд орчихжээ. Хавраас нь ноос цуглуулж, эсгий хийгээд бүрээстэй болохоор барахгүй, орон нутгийнханд илүүгээ борлуулан хөлжих замаа тавив. 100 хонь нэмж аваад цалингаа 2 дахин нэмж, 35 төгрөгт хүргэх зэргээр амьдрах аргаа олчихов. Нутгийн ард олон тэднийхэнд элэгсэг дотно хандаж тусалсан аж.
Ц.Лоохууз гуай дурсахдаа “Нармай” Цэрэнжамц анх “Эсгий ноос ав, орон гэрээ торд” гэсэнд туйлын их талархаж явдаг байна. Сантынхны сайхан сэтгэлийн дурсгал болгож тэнд төрсөн хөвгүүндээ Сантцэрэн нэр хайрласан гэдэг. Зургаан жилийн дараа хүүхэд нь сургуульд орох болсон учир хүсэлт тавьж, сургуультай газар суулгах болоод НТХ Хархорины САА-д бригадын даргаар ажиллуулах шийд гаргасан ч САА-н дарга Гомбосүрэн 600 төгрөгийн цалинтай даргыг хийлгэсэнгүй, 320-350 төгрөгийн цалинтай тоо бүртгэгч хийлгэж, ногоо бригадад ажилчин болгох шийд гаргаж элдвээр шахаж хавчив. Иймд Лоохууз түүнтэй заргалджээ. Тэдний тэмцэл 1976 онд эсэргүү Лоохуузад 6 жилийн хорих ял оноож, дарга Гомбосүрэнд хөдөлмөрийн баатар цол шагнаснаар өндөрлөв. Ц.Лоохуузыг хувиараа үйлдвэрлэл эрхэлсэн хэргээр давж заалдах эрхгүйгээр хорьж, бүх хөрөнгийг нь хурааж шийтгэсэн байна. Шоронгоос суллагдаад Хөвсгөлийн Баянзүрхэд 3 жил, Говь-Алтайн Чандманьд 5 жил нутаг заагдан суужээ. Эхнэр хүүхдүүд нь түүнээс илүү зовж байсан байна. Хүүд нь 26 нас хүртэл нь паспорт өгсөнгүй. Охинд нь бас 16 нас хүрэхэд нь паспорт өгсөнгүй, эхнэр нь 15 жил паспортгүй явжээ. Онц сурлагатай хүүхдийг нь их дээд сургуульд суралцуулсангүй. Аргаа барсан тэрээр ирээдүйн амьдралыг нь бодож өөр хүнээр овоглосон нь одоо хүртэл тэр хэвээр яваа. Эхнэрээсээ хууль ёсоор салж, тэднийгээ хотод суулгасан ч “сэтгэл зүрхээрээ салаагүй ар гэрээ тэжээж байсан” хэрэг нь илэрч дахин ял хүлээхээс наахнуур юм болсон гээд эдний гэр бүлд хар бараан дурсамжууд олон. “Нэр нь над дээр боловч хань маань хүндийг үүрсэн. Хүүхдүүд маань маш их ядарсан. Аргагүйн эрхэнд салахаар шийдэж, эднийгээ хотод үлдээгээд өөрөө нутаг заагдаад явж билээ” хэмээн дурссан нь бий. Харин аз болоход Ц.Лоохууз гуай ардчиллын үетэй золгож, өөрийн гэм буруугүй гэдгээ нотолж чадсан бол Ю.Цэдэнбалыг шүүмжилснийхээ төлөө нутаг заагдаж, шоронд хатаагдсан олон хүн энэ цагийг үзээгүй билээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=