“ЭРЭЛ”-ИЙН Б.ЭРДЭНЭБАТЫН ХАУСАНД АМЬ НАСАА АЛДСАН ХОХИРОГЧ ДАХИН НЭГЭЭР НЭМЭГДЛЭЭ



“Эрэл” группийн эзэн Б.Эрдэнэбатын гэрт ажиллаж байсан филиппин бүсгүй Террил Атиензагийн учир битүүлэг үхэл олон улсын анхааралд ахин орж эхэллээ. Сэтгүүлч С.Будрагчаагийн тус улсад очиж сурвалжилж, талийгаач бүсгүйн ар гэрийнхэнтэй ярилцсан нэвтрүүлгээс үзэхэд, түүний үхэл бол Б.Эрдэнэбатын гэрийнхний тайлбарласан шиг хоолны хордлогоор үхсэн явдал бус хүн амины санаатай аллага болох нь олон баримтаар илчлэгдэж байна. Талийгаач бүсгүйн ар гэрийнхэн ээжийнхээ цогцсыг хүлээж авсан даруйдаа дахин задлан шинжилгээнд оруулахад зүрхнийх нь оронд даавуу чихчихсэн, мөн бөөр нь байхгүй байсан аж. Филиппинд хийсэн задлан шинжилгээгээр, Террил Атиенза бүсгүйн биед олон тооны шарх, хөхрөлт, түлэгдэлт, тэр ч байтугай зүрхэн тус газар нь хутгалсан шарх байжээ. Товчхондоо түүний амь насыг тамлан зовоож хөнөөжээ. Гэтэл тэд Монголд энэ хэргээ золгүй тохиолдол хэмээн хаалгажээ. Харин талийгаач бүсгүй Сингапурт ажиллаж байгаад, Монголд ирээд Б.Эрдэнэбатын гэрт үйлчлэгчээр ажиллах үедээ таван сарын турш нэг ч удаа ар гэртэй холбоо барьж чадаагүй, азаар нэг удаа нөхөртэйгээ ярихдаа “Эзний хүү Жажа байнга зоддог, би айж байна, гэртээ харимаар байна” гэжээ. Харамсалтай нь нөхөртэйгээ утсаар холбогдоод удалгүй тэрээр амь насаа алдсан байна. Түүнийг нас барсны дараа Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн ажилласан үеийнх нь цалин хөлсийг нь ч өгөлгүй гүрийжээ. Хэргийн учир эндээс хөвөрнө. Тэд яагаад гэрийн үйлчлэгч бүсгүйнхээ амь насыг хөнөөх болтлоо тамлан зовоов? Тэдний хууль бус ямар нэгэн зүйлийг талийгаач бүсгүй мэдсэн байж болзошгүй гэх таамгийг ар гэрийнхэн нь хэлж байна. Энэ бол байж болох хамгийн үнэнд ойр таамаг бөгөөд Б.Эрдэнэбатын гэр бүлийнхэн байнгын архидалт, хэрүүл зодоон дор амьдардаг аж. Ялангуяа хүү Э.Жаргалан нь архины хамааралтай нэгэн бөгөөд энэ хэргээс өмнө нь согтуугаар машин жолоодож яваад цагдаад баригдаж байсан түүхтэй. Талийгаач бүсгүй Б.Эрдэнэбатын гэрийг цэвэрлэхээс гадна хүү Э.Жаргалангийнх нь гэрийг давхар цэвэрлэдэг байсан бөгөөд архи, тамхины эхүүн үнэр дор завааруулсан олон зүйлийг нь хий гэснийх нь дагуу хийдэг байжээ. Харин ингэж явахдаа ямар нэгэн аймшигтай зүйл олж мэдсэнээсээ болж амь насаа алдсан байх магадлалтай аж. Тэдний хүү Э.Жаргалан филиппин бүсгүйг учир битүүлгээр нас барах үед гэртээ хоёр найзынхаа хамт архидаж байжээ. Дараа нь Э.Жаргалан цагдаад байцаалт өгөхдөө “Би тэр үед Монголд байгаагүй, Малайзад сургалтад сууж байсан” гэсэн боловч цагдаагийн байгууллага тухайн үед улсын хилээр гарч яваагүйг нь тогтоосон байна. Хамгийн ноцтой нь бүсгүйг нас барах үеэр хамт архидаж байсан хоёр найзынх нь нэг болох Батхүрэлийн Түмэнжаргал гэгч нь жилийн дараа мөн л тэднийд архидаж байгаад нас баржээ. Хэзээнээсээ хууль шүүхийг аргалаад сурчихсан Б.Эрдэнэбат хүүгийнхээ энэ хэргийг ч нам дарж, амь хохирогчийг “архины хордлогоор нас барсан” хэмээгээд хэргийг нь хаалгажээ. Очиж очиж Э.Жаргалангийн гэрт архидаж байхдаа үхнэ гэдэг санаанд багтамгүй. Зарим эх сурвалжийн дурьдсанаар, Б.Түмэнжаргал нь жилийн өмнөх явдлаасаа болоод цочролд орж, багагүй уух болсон гэдэг. Магадгүй, түүний үйлдсэн аймшигт хэргийг үнэнээр хэлмээр санагдаад хэцүүхэн цаг хугацааг өнгөрөөж явсан байх. Иймд гэрчийг устгахын тулд Э.Жаргалан найзыгаа урьж авчраад, цааш нь харуулсан байх магадлал өндөр юм. Ийнхүү ил болсноор, Б.Эрдэнэбатын Нүхтийн хаусанд хоёр ч хүн учир битүүлгээр амь насаа алдлаа. Харин илрээгүй хичнээн хүн амь нас, эрүүл мэндээрээ хохирч байсан бол гэхээс аймшигтай. Аллагаар мэргэшсэн аймшигт гэр бүлийн хохирогч нар дахин нэмэгдэх вий дээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=