МОНГОЛ МОРЬД ӨМНӨД ТУЙЛД ХҮРСЭН АНХНЫ БӨГӨӨД ЦОРЫН ГАНЦ АДУУ БОЛОН ТҮҮХЭНД ҮЛДЖЭЭ



XX зууны эхээр хүн төрөлхтөн дэлхийн хамгийн хүйтэн, эзэнгүй бүс Өмнөд туйл буюу Антарктидыг эзэмшииж, өөрсдийн болгох өрсөлдөөнд оржээ. Норвегийн алдарт аялагч Руал Амундсен, Английн тэнгисийн цэргийн офицер Роберт Фалкон Скотт нар хүн төрөлхтний “эцсийн хил” Антарктидын мөсөн тал руу зориглон хөдөлсөн нь дэлхийн судалгааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн байна. 1910 онд Английн “Terra Nova” нэртэй судалгааны хөлөг Лондонгоос хөдөлж, Өмнөд туйл руу хөвөхдөө 19 ширхэг монгол адууг авч явсан байдаг. Английн тэнгисийн цэргийн офицер, капитан Роберт Фалкон Скотт “Terra Nova” нэртэй судалгааны хөлгөөр Англиас хөдөлж, тэсвэр, зоригийн шалгуур болсон 1910–1913 оны өмнөт туйл руу хийгдсэн туйлын экспедицийн 2 дахь аяллаа ийнхүү эхлүүлэв. Тэрхүү аялалд 19 ширхэг монгол адуу оролцсон нь онцгой түүхийг бүтээжээ. Эдгээр адууг Сибирь, Манжуурын худалдаачдаар дамжуулан авч явсан бөгөөд 1912 оны 1 сарын 17-нд Скоттын баг өмнөд туйлд амжилттай хүрч чадсан юм. Скоттын баг адуугаар тээвэр хийж, мөсөн талд тоног төхөөрөмж, хүнсний хангамжаа зөөхөөр төлөвлөжээ. Монгол адуу нь жижиг биетэй ч хүнд ачааг хол зөөх чадвартай, цас, салхи, халуун хүйтэнд тэсвэртэй, бага хоол хүнсээр удаан амьдрах чадвартай тул Антарктидын нөхцөлд хамгийн тохиромжтой гэж үзсэн байна. Тэр цаг үед “Монгол адуу” гэдэг нэр нь дэлхий даяар тэсвэр тэвчээр, бат бөх, хатуу чанар, даацын бэлгэ тэмдэг болж байв. 1911 онд тэд Антарктидын мөсөн талд хөл тавьж, морьд нь чарга чирэн, 1000 гаруй км замыг туулжээ. –40°C хэмийг давсан хүйтэн, мөсөн шуурга, гүн цас, хязгааргүй цайвар орон зайд ч Монгол адуу алхсаар байсныг, хүйтэнд амьсгал нь цантаж, хамар нь хөлдсөн ч тэд хэзээ ч гомдоллоогүй мэт, урагшилж, эцсийн хүчээ шавхан зүтгэж байсан тухай Роберт Скотт дурсамжиндаа бичиж үлдээжээ. “Морьд маань биднийг энд хүргэсэн. Тэд бол хамгийн баатарлаг амьтад. Жижигхэн биетэй боловч хатуужил, зүтгэлээрээ гайхамшигтай" хэмээн "Terra Nova" багийн гишүүн Э.Уилсон нарын өдрийн тэмдэглэлд бичсэн байдаг. Монгол адууны тэсвэр, хүч чадал энэ аяллын туршид гайхагдаж байв. Эдгээр адуу мөсөн хөндийг давж, туйлд хүрэх замыг нээсэн анхны хөлтөн амьтад болсон нь хүн төрөлхтний түүхэнд дахин давтагдаагүй явдал юм. Харамсалтай нь, буцах зам илүү аймшигтай байснаас Скотт болон түүний хамтрагчид хүйтэнд осгож амиа алдсан. –40°C хэмийн хүйтэн, гулгамтгай мөсөн гадарга, гүн цас, хүчтэй салхи, хоол хүнсний хомсдол нь тэднийг хүнд байдалд оруулсан бөгөөд морьд ч мөн осгож, заримыг нь аргагүйдэн устгах хүнд шийдвэр гаргасан байдаг. Гэсэн ч энэ эмгэнэлт аяллын дурсамжид нэг бахархалт үнэн оршдог. Монгол адуу бол дэлхийн хамгийн хүйтэн тив Антарктидад хүрсэн анхны бөгөөд цорын ганц адуу юм. Энэ бол тэсвэр, хүч чадал, амьд үлдэхийн баталгаа, Монгол адууны нэрийг дэлхийн туйлд хүргэсэн түүхийн гэрч билээ. Өнөөдөр Өмнөд туйлд байрлах Скоттын баазын музейд “Mongolian ponies” хэмээх тэмдэглэл бүхий зураг, өдрийн тэмдэглэл хадгалагдаж байдаг. Эдгээр нь Монгол адууны нэрийг дэлхийн хамгийн хүйтэн тивд мөнхөлсөн гэрч юм. Түүхчид нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлдэг. "Хэрвээ тэнд Монгол адуучин байсан бол адуугаа арчилж, тэжээж, хамгаалсан бол, магадгүй Скоттын багийн хувь тавилан өөрөөр эргэх байсан байж болох байв. Монголчуудын адуутайгаа харилцах уялдаа, мэдрэмж, ухаан нь мянган жил дамжсан өв. Тэрхүү торгон мэдрэмж мөнхийн хөлдүү тивд дулаан амьсгал шиг тус болох байсан биз ээ" гэж таамаг дэвшүүлдэг нь маргах аргагүй үнэн билээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=