ХАА-Н ТАРИАЛАН ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САН ХАР ТАМХИ ТАРИАЛАНЧДАД 1 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛ ОЛГОЖЭЭ


Газар тариалан, мал аж ахуй, мод тарих зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг “Дорнодшим агро” ХХК-ийн эзэмшлийн Сүхбаатар аймгийн нутаг дахь тариалангийн талбайд мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг тариалсан байж болзошгүй гэмт хэргийг тус аймгийн цагдаагийн газар илрүүлэн Хар тамхитай тэмцэх газартай хамтран шалгаж байгаа аж. Уг ургамал нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон мансууруулах ургамал гэдгийг Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн юм. Тус хуулийн этгээд нь 0.4 га талбайд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй таримал олс /Cannabis sativa L/-ны төрлийн ургамал тариалсан байсныг илрүүлж, хуулийн байгууллагад шилжүүлжээ.

"Дорнодшим агро" ХХК нь газар тариалан, мал аж ахуй, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж, Дорнод, Сүхбаатар аймгуудад нийт 5 байршилд газар эзэмшдэг. Тухайлбал, Сүхбаатар аймагт 100000, 50000, 49971 метр квадрат газар эзэмшдэг байна. Мөн Дорнод аймагт 847360, 20000 метр квадрат газар эзэмшдэг. Ингэхдээ газар тариалан, ХАА-н үйлдвэрлэлийн цогцолбор, үтрэм зэрэг төрлөөр газар эзэмших зөвшөөрөл авч байжээ. Тус компани нь 2011 оноос газар тариалан эрхлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус компани ХАА-г дэмжих сангаас үрийн буудай 183,753,823, шатахуун 281,508,650, хар бордоо 655,856,135 төгрөгийн зээл авсан байна. Хүн амыг хүнс тариагаар хангана хэмээн Хөдөө аж ахуйн Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нийтдээ 1 тэрбум гаруй төгрөгийн зээл авсан тус компани хар тамхины ургамал ийнхүү тариалж байжээ. Харин хар тамхины ургамлаа хааш нь зарж борлуулдаг байсан эсэхийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байна. Хавар, намрын цагт хатуу хөтүүг давж, хэдэн сараар хээрээр гэр хийж явдаг жинхэнэ тариаланчдад ийм хэмжээний эргэлтийн хөрөнгөөр тусалдаггүй байж, хар тамхи тариаланчдад тэрбум төгрөгөөр нь олгож байгаа нь дэндүү шударга бус юм. Хар тамхи тариаланчдыг өөгшүүлж байгаа ХАА-н Тариалан эрхлэлтийг дэмжих санг ч давхар шалгахыг тариаланчид шаардаж байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=