Монгол Ардын нам өөрсдийгөө жендерийн мэдрэмжтэй нам хэмээн дөвийлгөж, кноп л дарах үүрэгтэй хэдэн “хүүхэлдэй”-нүүдийг сонгууль болгоноор оруулж ирдэг сонгодог арга зальтай. Өнөө хэд нь ч үүргээ сайн биелүүлснийхээ төлөө албан тушаалаар шагнуулж, амин зуулгаа үргэлжлүүлдэг болоод удаж буй . Сүүлийн жилүүдэд кноп дарах үнэ ханш нэмэгдэж, албан тушаалын шагнал нь томорсоор, хилийн чанадад томилогддог болсныг дараахь баримтууд батална.
УИХ-ын гишүүн, сайд гээд Д.Сарангэрэлд аваагүй албан тушаал байхгүй. Хамгийн сүүлд гэхэд коронавирусын цар тахлын үед Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа асар их хөрөнгийг хууль бусаар зарцуулсан, хандив тусламжийн орлого хаашаа орсон нь мэдэгдэхгүй алга болсон хэрэгт хуулийн байгууллагад дуудагдах ёстой атал өнөөдөр хилийн чанадад Итали улс дахь ЭСЯ-ны зөвлөхөөр томилогдсон нь гайхалтай. Гадаад харилцааны салбар гэдэг мэргэшсэн мэдлэг чадвартай хүмүүсийн хийх ажил болохоос бус тэтгэвэрийн насны авгайг эрхлүүлдэг салбар биш юм. Тэр тусмаа Элчин сайд хэмээх албан тушаалтан байсаар байтал зөвлөх гэх орон тоо гаргаж, төсвийн мөнгөөр тансагладаг энэ байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Дараагийн хүн бол бас л МАН-даа хандив харамгүй өгдөг ч өнгөрсөн сонгуулиар тойргоо авч чадаагүй Н.Оюундарь. УИХ-ын гишүүн байхдаа ЖДҮ-гийн хэрэгт холбогдож байсан ч уснаас хуурай гарчихсан. 2024 оны сонгуулийн үеэр төвийн бүсийн тойрогт нэр дэвших гээд гарч ирэхэд намынхан нь тохироо хийж, Польш улсад суух Элчин сайдаар томилсон. Гадаад харилцааны дэд сайдаар хоёрхон жил ажилласныг эс тооцвол гадаад харилцааны талаар мэдлэг чадвар тааруухан, уушийн газрын эзэн бүсгүйг улсаа төлөөлж явуулсан нь гомдмоор.
Ардын намын залуу үеийн төлөөлөл болж, бүр парламентад сонгогдсон ч онолын хэдэн үг хааяа ярихаас ард түмний амьдралд орж чаддаггүй, хэт их судалгааны онол хөөсөн Ц.Мөнхцэцэг гэх гишүүн байв. Ах нарынхаа заавраар кнопоо сайн дарснаар амин зуулгаа үргэлжлүүлж байгаа экс гишүүдийн нэг. ХБНГУ дахь ЭСЯ-ны зөвлөхөөр томилогдсоноо өөрийн чадал чадвараар очсон мэт нүүр номондоо бичиж гайхуулж байсан сэтгэлийн хөөрлөө ч удирдаж чаддаггүй сэхүүн зантай нэгэн. Гадаад харилцааны салбарт нэг өдөр ч ажиллаж үзээгүй хүнийг гэнэт ингэж “шагнасан” нь гайхалтай.
БНСУ-д манай улсын 40 гаруй мянган хүн хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг тул Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын харьяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвийг байгуулсан. Энэхүү төвийн даргаар өнгөрсөн 4 дүгээр сард УИХ-ын гишүүн асан Б.Жаргалмааг томилсон. “Ийгл” телевизийн нэвтрүүлэгч хийж байсан тэрээр УИХ-ын гишүүн болоод ганц ч хуулийн төсөл боловсруулаагүй, зөвхөн кноп дарах үүрэгтэйгээр дөрвөн жилийг үдсэн байдаг. БНСУ-д томилогдох тохироогоо аль хэдийнэ хийснээр, 2024 оны сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдэж, бага охиноо 12 дугаар ангиа төгстөл У.Хүрэлсүхийн зөвлөхөөр ажиллаж тодорсон. Харин одоо тэрээр сарын 2280 долларын цалин, хоол унааны хөнгөлөлт хэмээн сар бүр 280 доллар, мөн дээр нь бусад эрхийг эдэлснээр сардаа 10 орчим сая төгрөгийн цалин авдаг. Харин өнөө Элчин сайдын зөвлөхөөр томилогдон эрхэлж буй МАН-ын “кноп”-ны хүүхэлдэйнүүд хэдэн арван саяар нь халаасалдаг нь лавтай. Ийнхүү Ардын намын “хүүхэлдэй”-нүүд албан тушаалын шагналаа ээлж дараалан авсаар байна. Араас нь хэн хэн бас дугаарлаж байгааг удахгүй хүргэнэ.