Н.Алтанхуягийн Засгийн газрыг 2014 онд “Женко” Х.Баттулгын толгойлсон МоАХ фракц, Ардын намтай хүч хавсран унагаж байсан. Тэр үед Н.Алтанхуягийн засгийг онхолдуулах кноп дарсан АН-ын гишүүдийг дурдвал Х.Баттулга, Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг /Монос группийн захирал/, Г.Уянга /сэтгүүлч/, М.Зоригт, МАХН-аас сонгогдсон “Босоо” С.Ганбаатар нар байлаа. Засгаа унагасан Х.Баттулга “Би Алтанхуягийн Засгийг унагахын тулд заналтайгаар кнопоо дарсан” хэмээн малилзтал инээсэн яриа өдгөө youtube-д хадгалагдан түүх болон үлджээ. Гэхдээ Н.Алтанхуяг Засгийг нь огцруулах гол хорыг найруулсан Х.Баттулгад огт гомдож явдаггүй. Учир нь Н.Алтанхуягийн зорилго, итгэл үнэмшил бол улс эх орны хөгжүүлэх бус амин хувийн эрх ашгийг нэгт тавьдаг хүн. Түүний идэж уусан баримт баригдахын даваан дээр тэрбээр Ерөнхийлөгч Х.Баттулгад дагаар орж сүнсээ худалдсан юм. Баримт дурдъя:
Ард түмний зарим нь 2012-2014 оны улстөрийн үйл явдлыг мартсан байж болох ч “хэрээ мянган жил болсон ч хараараа, хэрэг зуун жил болсон ч цайрахгүй” гэдэг үгийг зургаан жилийн дотор АН-ыг бүрэн дампууруулсан Н.Алтанхуягт хэлмээр санагдана. Энэ тухай УЕП-ын ДАБХ-ийн дарга ярилцлагадаа “Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүхэд холбогдох хэргийг АТГ шалгаж байхад Н.Алтанхуягийн зөвлөх М.Тулгын хувийн дансанд “Ар дааган” ХХК-аас “Нүүрсний үнэ” гэсэн утгатай их хэмжээний мөнгө орсон байдаг. “Ар дааган” ХХК-ийн ерөнхий менежер нь Н.Алтанхуягийн хүргэн буюу том охиных нь нөхөр. “Алтан тэнгэр” ХХК нь 2012 онд БСШУЯ-наас зарласан байрны гаднах талбайг тохижуулах 4 тэрбум төгрөгийн тендерийг хууль бусаар авсан аж. Энэ компаний эзэн нь Н.Алтанхуягийн төрсөн эгчийнх нь хүүхэд. Хожим Н.Алтанхуягийн хүргэн, эгчийнх нь хүүхэд, эхнэр Ц.Насанбат, зөвлөх М.Тулга, хүргэн Г.Дэнзэн нарыг шинээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч Х.Баттулгыг Ерөнхийлөгч болох үед эл хэрэг хэрэгсэхгүй болсон. Ерөнхий сайд болсныхоо дараа Н.Алтанхуягийн гадаадаас зээлсэн “Чингис” бонд, “Самурай” бондны өрийг аваад үзье. Өнгөрсөн 2016-2020 оны парламентын үед УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн “Чингис”, “Самурай” бондын зарцуулалтын тайланд шалгалт хийгээд шооконд орсон аж. Н.Алтанхуягийн засгийн газрын үед бондын мөнгөөр хэдэн нөхөд гараа угаах шиг болжээ. Жишээ нь 1,5 тэрбум америк долларын “Чингис” бонд, 600 сая долларын “Самурай” бондноос хулгайлсан цагаан захтнууд нь ЭЗХ-ийн сайд Н.Батбаяр, “Хөгжлийн банк”-ны захирал Н.Мөнхбат цаашлаад “Н.Алтанхуяг ба түүний нөхөд” багтдаг. Тухайн үед Аудитын ерөнхий газраас бондын зарцуулалтанд шалгалт явуулахад тэндээс 20 тэрбум төгрөг ор сураггүй алга болсныг тогтоосон. Энэ их мөнгөний учгийг эрүүгийнхэн шиншлэхэд Н.Алтанхуягийн ойрын ах дүүс рүү чиглэдэг аж. АН-ын дарга асан тэрбээр өөрийгөө бараг л хэлмэгдсэн, шулуун шударга гэж цоллох нь холгүй жүжиглэдэг. Үнэндээ тэр аалзны тор шиг сүлжээг бий болгож чаджээ.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд 1994 оны УИХ-ын сонгуулиас хойш улстөрд зүтгэснээсээ хойш ураг төрлийнхөө бизнесийг ч мандан бадруулжээ. Тэрээр өөрөө “Увс байгаль” ХХК, “Хаан жимс Эс Би Ти” ХХК, “Монголын чацаргана тариалагч үйлдвэрлэгчдийн үндэсний холбоо” ТББ, “Мах экспорт” ХХК-иудад хувь эзэмшдэг. Эдгээр компаниас нь онцолбол, “Мах экспорт” ХХК-ийг Багабиндэрийн Бат-Энэрэл, Дашхүүгийн Гэрэлхүү нартай хамтран эзэмшдэг ажээ. Судалж үзвэл, Дашхүүгийн Гэрэлхүү нь Н.Алтанхуягийн төрсөн дүү Н.Наранцэцэгийн нөхөр юм байна. Харин Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгэ нь “Бьюмонд скин партнерс” ХХК болон “Монголын ирээдүй эрүүл хүүхэд” ТББ, “Тамирротари клуб” ТББ-ийг эзэмшдэг. Хүү А.Тулга нь “Арвайн даллага” ХХК, “Увс байгаль” ХХК, “Хаанжимст Эс Би Ти” ХХК, “Эмнэлгийн техник” ХХК-иудыг аав Н.Алтанхуяг болон аавынхаа ах, дүү нартай хамтран эзэмшиж, гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Харин А.Тулгын эхнэр Г.Ундрал нь “Коала” ХХК-ийг эзэмшдэг. Өмнө нь энэ компанийг Н.Алтанхуягийн ах Н.Баттогтох, дүү Н.Наранцэцэг, Б.Цог-Очир нар эзэмшдэг байсан аж. Охидынх нь хувьд, дунд охин А.Саранзаяа “Ти Эй Си” ХХК-ийг М.Тулгатай хамтран эзэмшдэг. М.Тулга нь УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг Шадар сайд, Ерөнхий сайд байх үед туслахаар нь ажиллаж байсан. Хожим нь Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхтэй хамт “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр хоригдсон бөгөөд энэ үедээ гэнэт бие нь муудаж, хорих ангиас эмнэлэгт хүргэгдэж байсан нэгэн. Харин Н.Алтанхуягийн том охин А.Наранмандахын нэр дээр компани бүртгэлгүй. Гэхдээ түүний нөхөр М.Алтанцог нь “Амуу тариа сор” ХХК, “САНУГ” ХХК-иудыг эзэмшдэг ажээ. Н.Алтанхуягийн том хүргэн М.Алтанцогийн хувьд “Нүүрс” хөтөлбөрийн хэргээс эхлээд 4.2 тэрбум төгрөгийн хууль бус тендер хүртэл олон хэрэгт нэр холбогдож явсан нэгэн. Энэ бүхэн бол Н.Алтанхуягийн ураг төрлийн бизнесийн мөсөн уулы зөвхөн орой нь. Хамгийн гол нь өөрсдийнхөө чадал чадвараар бизнесийн салбарт хүч үздэг бол хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Хэргийн учир нь тэрээр эдгээр бизнесээ босгохдоо бүгд төрийн мөнгийг завшиж боссон юм. Мөнгө, албан тушаалаас өөр зүйл боддоггүй тэрээр АН-ын дарга байхдаа намынхаа байрыг хүртэл зарчихсан наймаачин. Гэсэн атлаа өнөөдрийг хүртэл АН-ын нэрээр улстөрд орогносоор байгаа бөгөөд бүр ирэх жил болох Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх гэнэ. Түүний ард Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ нар “сумыг” нь зөөж өгч байгаа сурагтай. Нэгэн цагт өстөн дайсан болж явсан Х.Баттулгынхаа барлаг болчихсон, далласан газар нь ил гарч, далайсан газар нь далд орж явж байгаагаас харахад Н.Алтанхуягийг эх орныхоо төлөө зүтгэнэ гэдэг нь үлгэрийн далай билээ.