ЕВРЕЙН ХОРИХ АНГИЙН ХЯНАГЧИЙН ӨДРИЙН ТЭМДЭГЛЭЛ


Станислава Лещинская (Stanisawa Leszczyska) гэдэг Польш бүсгүй, хоёр жилийн турш Аушвицийн шоронд ажиллаж, амьдарчээ. Тиймээс ч тэрбээр тухайн үед болсон үйл явдал, хоригдож байсан хүмүүсийн уй гашууг дэвтэртээ тэмдэглэн үлдээж, тэр нь өдгөө бидэнд хүрсэн юм. Ийнхүү та бүхэндээ түүний цус, нулимс, хөлсөөр бүтсэн эмгэнэлт тэмдэглэлийг орчуулан хүргэе.

Станислава Лещинская тухайн үед 35 настай байсан бөгөөд, эмэгтэйчүүдийн хорих лагерьт ажиллаж байсан. Тус хорих нь дэлхийн II дайны үед Еврей хоригдлуудыг бөөнөөр нь хорьж, хороодог байсан аймшигт лагерь юм. Энэ газарт маш олон бие давхар хоригдол бүсгүйчүүд ирдэг байсан бөгөөд шоронгийн хүнд дэглэм, албадан хөдөлмөр эрхлэлт зэргээс үүдэн үрээ алдах, зулбах цаашлаад амь насаа хүртэл алддаг байсан ажээ.
...Намайг энэ тамын газар ирэхэд, маш олон зовж шаналсан, хүнд өвчтэй бүсгүйчүүд өвчин, зовлондоо шаналан үдэш бүр гансран уйлдаг байлаа. Эхэндээ энэ бүхэн надад зүрх рүү шивэх өргөс мэт хэцүү санагддаг байсан ч, харин сүүлдээ бага багаар дасаж, аль болох туслахыг хичээх болов. Гэвч хэрвээ би эндхийн дүрмийг зөрчиж, үйлдэл минь илчлэгдвэл тэдний нэг болоход бэлэн байсан гэдгийг онцлох хэрэгтэй. Тиймдээ ч үг үйлдэл бүхнээ цэгнэн байж, дотроо л дэмий шаналах болж билээ. Энд хоригдогсдын өрөө бүр дотроо 4-5 ортой. Ор ч гэж дээ... Хүн унтахын аргагүй нарийхан, дээр нь матрас бүр дээр хүмүүсийн хатсан цус нөж, ялгадас, харахын эцэсгүй бохир зүйлсээр дүүрэн байдаг байлаа. Өрөөний хаа нэгтээ, үжирч удсан хананы завсраас хархнууд орж гарна. Хоригдол хүүхнүүд бүгд хөлөө харханд хазуулахгүй гэсэндээ нумарч, хөлөө элгэндээ тэвэрч хонодог байлаа. Хүний цогцос идэж амташсан хархнууд шөнөөр дайралтаа эхлүүлж, хоригдол эмэгтэйчүүдийг амраахгүй. Зовлон дээр дахин зовлон.
Өрөө бүрт өвчин зовлондоо шаналж, нарийхан орон дээрээ арай ядан эвхрэн, дуу гаргах төдий тэнхэлтэй хүмүүс хөглөрнө. Давхар биетэй бүсгүйчүүдийн харцанд хэдийнэ амьдрах итгэлээ алдсан мэт, гүн гуниг тодорч байдаг сан. Энд галын гарцаар төрсөн нярайг гаргах үдэлтийн хаалга байдаг. Өвлийн тэсгим хүйтэнд ч тэд хөл, гарын үзүүрээ хөлдөөн байж, арай гэж нэг хоёр яс сална. Туулж барамгүй их зовлон нулимс дундаас цацрах ганц гэрэл гэгээ нь энэ бяцхан үрс мэт... Харамсалтай нь тэдгээр бяцхан зүрх хэдийнэ зогссон байх нь олонтаа. Энэ их уй гашуу, хар бараан зүйлсийг харахад үхээд сэхэхээс ч хэцүү байлаа. Тэд эхийнхээ бүлээн сүүг амлаж чадахгүй, хөрсөн биес нь хэдийнэ газарт булагддаг дүрэмтэй.
Хамгийн аймшигтай нь юу гээч, энд дөнгөж төрсөн нярайд багтах зай үгүй. Учир нь тэд шинэ нярайг төрсөн даруйд усанд живүүлж хороодог. Хүүхдээ энэ мэт тамд унагахгүйн тулд томорсон гэдсээ нуух гэж маш олон эхчүүд цус, хөлсөөрөө тэмцэнэ. Шинэ төрсөн хүүхдэд дусал сүү ч өгөх эрхгүй учраас шинэхэн амаржсан эхчүүд хоосон хөхөө дэмий л шувтрана. Хүүхдээ нуух гэж хирэндээ л хичээж байгаа нь тэр. Сэмэрсэн даавууны өөдсийг угааж, солих бүрийдээ нууцаар угаах гэж зовдог байсан нь үнэхээр зүрх зүсмээр... Зовж угаасан даавуугаа хатаахын тулд өөрийн гуя, биеэр ороон байж, арай ядан хатаадаг байж билээ.” Гэвч 1943 оноос байдал арай өөрөөр эргэв. Тэд шинэ төрсөн хүүхдүүдээс цэнхэр нүд, шаргал үстэйг нь шилж сонгон Герман руу үрчлүүлэхээр илгээдэг байлаа. Энэ нь эхчүүдийн хувьд хамгийн эцсийн найдвар байсан гэхэд болно. Харин үлдсэн хүүхдүүд харамсалтайгаар хорвоог орхино. Дэндүү нялхаараа хорвоогоос одсон бяцхан үрсийн амьгүй биесийг хархны хоол болгохоор гаргаж хаядаг байлаа. Хархнууд нь хүний мах, цусны амтанд орсон жижиг араатнууд цувалдан гүйлдэнэ. Тус шорон маш олон эмэгтэйчүүд, нялхасын шарил болсон юм. Тэдний гаслант дуу, өнөө хэр нь чихэнд сонсогдсоор л байна. Ойролцоогоор 2000 гаруй хүүхэд, энэ мэт дөнгөж төрөөд усанд живж амиа алдсан. Мөн 1500 гаруй эхчүүд, эмэгтэйчүүд өлсгөлөн, өвчинд нэрвэгдэн харамсалтайгаар нүд аньсан билээ. Миний ажил бол өвчтөний биеийн байдлыг хянах ёстой. Гэвч энэ нь бараг л боломжгүй зүйл. Харин үүний оронд тэднийг илүү зовлон багатай нүд аниулах нь л хэн хэндээ өлзийтэй байлаа гэж Станислава Лещин­ская тэмдэглэлийн дэвтэртээ бичиж үлдээжээ. Тэрбээр цааш нь тэмдэглэлдээ,
...Бидний зорилго хэдийгээр өвчтөнтэй ажиллах боловч, тоног төхөөрөмж, эм тариа дутмаг, дээр нь үхлээ хүлээгээд суух өвчтөнд ямар ч эмч сувилагч үйлчлэхгүй шүү дээ. Энэ мэт аймшигтай зүйлсийг харж, өдөр хоногийг хүндхэн өнгөрөөнө гэдэг миний хувьд там шиг л санагдаж байсан билээ. Ийнхүү харамсал, уй гашуу дагуулсан аймшигт тэмдэглэлээ дуусгая даа хэмээн бичсэн байв.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=