ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВЫН НЭРИЙГ БАРЬЖ 300 САЯ ТӨГРӨГ ЛУЙВАРДСАН ХЭРЭГ



Одоогоос арав гаруй жилийн өмнө Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжавын нэрийг барьж гаалиас хямдхан автомашин гаргаж өгнө хэмээн иргэдийг залилсан онц ноцтой гэмт хэргийг цагдаагийн газраас илрүүлжээ. “Альфа” фитнесст ажилладаг хэн ч харсан нүдэнд дулаахан, даруу төлөв төрхтэй М.Отгонжаргал гэх 35 настай эмэгтэй үеэл дүү М.Ерөөлттэй бусдын чихэн дээр цэцэг ургуулах луйврын операциа 2013 оны сүүлээр эхлүүлжээ. М.Ерөөлтийн хувьд ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавтай царай төрхийн хувьд тун адилхан. Тэд компьютерийн foto-shop программаар Д.Цэвээнжав, М.Ерөөлт хоёрын хамт авахуулсан зургийг түрийвчиндээ хийж явдаг. Тэрийгээ хүмүүст үзүүлэхэд “Цэвээнжав дарга та хоёр ямар адилхан юм бэ? Яах аргагүй төрсөн ах дүүс байна” гэж уулга алддаг байсан тухай хожим М.Отгонжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлжээ.
Эхний өгөөшинд Т гэх залуу өртөж тэдний найраанд орж “Land-105” жийп авах урьдчилгаа мөнгө болох 13 сая төгрөгөө тавиад туучихсан байна. Ингэж явахдаа яг өөрсөд шигээ жижиг залилангаар амь зуудаг Отгонбаатар гэх залуутай танилцан нийлжээ. Ингээд хоёр луйварчингийн толгойноос гурван луйварчингийн толгой бүр илүү ажиллаж тэд ганцхан жилийн дотор гэнэн итгэмтгий магадгүй жаахан шуналтай нийт 14 иргэнээс 300 гаруй сая төгрөг залилсан нь мөрдөн байцаалтын явцад илрээд байгаа юм. Гурван луйварчин өгөөшөө шидээд, гэнэн итгэмтгий хүмүүстэй танилцахдаа өөрсдийгөө ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавын ах дүүс, мөн тэнд ажилладаг, зарим нэг ажилтнуудын нэрсийг барьдаг байлаа. Наад зах нь гэхэд М.Отгонжаргал, М.Ерөөлт нар “Оюу толгой ХХК-иас зарласан тендерт ялуулж өгнө” хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө авсан нь хэргийг шалгаж байхад бас дахин тогтоогджээ. М.Ерөөлт хүн луйвардах тал дээр доктор хамгаалсан гэхэд болно. Тэрбээр “Манай ах Гаалийн Ерөнхий газрын дарга Цэвээнжав ш дээ. Бид чинь Увсын хүмүүс” хэмээн дөрвөд аялгаар хүртэл ярьж итгэл үнэмшил олж байсан тухай хохирогчид мэдүүлэгтээ дурджээ.
Жишээ нь М.Ерөөлт цайны газар хоолонд орохдоо Л гэгчтэй танилцаж “Өөрийгөө ГЕГ-ын дарга Д.Цэвээнжавын хамгийн бага дүү нь” хэмээнитгүүлж, нэрийн хуудсаа өгсөн байна. “Оюу толгой”-д машин механизмын дугуй нийлүүлэх тендерт ялуулж өгнө гэж түүнээс 66 сая төгрөг авахын зэрэгцээ гаалиас хямдхан автомашин авч өгнө гэж 28 сая төгрөг залилсан байх жишээтэй. Сайн танихгүй хүндээ 90 гаруй сая төгрөгөө тавиад туучихыг бодоход үеэл эгч дүүс залиланг жинхэнэ сонгодог утгаар нь үйлдэж байсан бололтой. Мөн М.Ерөөлт нь найзууд дээрээ очиж өөрийн үеэл дүү болох М.Отгонжаргалыг гаальд ажилладаг гэж танилцуулан “Найз нь хямдхан автомашин аваад өгье” гэж зуучилж холбож өгч байсан аж. М.Ерөөлт таньдаг найз нөхдөдөө Отгонбаатарыг Монголын стратегийн том ордыг олсон шилдэг геологич гэж танилцуулдаг байсан аж. Гэтэл Отгонбаатар нь фитнессийн газар слесариар ажилладаг. Мань М.Ерөөлт нь Отгонжаргал, Отгонбаатар хоёрыгоо бусдад ташаа мэдээллээр танилцуулж, улмаар Отгонжаргалаар гар бие гүйцэтгүүлэх маягаар залилангийн үйлдлээ удир­дан гол толгойлогчоор ажиллаж байсан нь илэрхий байв. Ер нь хохирогчид болох 14 хүн яагаад М.Ерөөлтөд итгэх болов. Яагаад гэвэл М.Ерөөлт багын бүхий л дотны гэж хэлж болох эргэн тойрны найз нөхөд гэх мэтээр өөрийг нь сайн мэддэг хүмүүсийг онилсон. Хоёрдугаарт, тэд “Бридж Ко” нэртэй хулхи компани байгуулсан нь бусдад итгэл үнэмшлийг төрүүлж чадсан аж. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс уг хэргийг шалгаад шүүх рүү саяхан шилжүүлсэн онц ноцтой энэ хэрэгт М.Отгонжаргал, М.Ерөөлт нар яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа юм. Харин Отгонбаатар гэрчээр оролцож байгаа ажээ. Уг нь залилангийн эх үүсвэр болсон “Бридж Ко” хуурамч компани Отгонбаатарын нэр дээр төдийгүй уг компанийн тамга тэмдгийг ашиглаж хүмүүсийг залилсан аж. Гэвч цагдаа, прокуророос үзэхдээ Отгонбаатарыг буруугүй болгож, гэрчээр татсан нь хохирогчдын гайхшралыг төрүүлж байгаа юм. Хэдийгээр М.Ерөөлт яллагдагчаар татагдсан буй ч цагдаагийн мэдүүлэгтээ “Отгонжаргалын хууль бус үйлдлийг ерөөсөө мэддэггүй байсан” гэж хэргээс мултрах гэж оролджээ.
Баянгол дүүргийн шүүхээс шударга шийдвэр гарахыг хохирогчид нь хүлээж байв. Овоо босгоогүй бол шаазгай хаанаас ирж суух вэ гэдэгчлэн М.Ерөөлт мөнгөтэй байхуйц хүмүүсийг онилон өөрсдийгөө гаалийн ажилтан, геологич зэргээр худлаа танилцуулж явжээ. Тэд залилан хийхдээ бусад хүмүүст итгэл үнэмшил төрүүлэхийн тулд ченжээс автомашин худалдан авч тэрийгээ гаалиас авсан мэтээр бусдад ойлгуулж харагдуулдаг байв. М.Ерөөлт гааль дээр очиж ченжээс авсан автомашиныгаа гаалиас авсан мэт харагдуулж, унаж үзүүлэх зэргээр жүжиг тавьж байсан нь хохирогч нарын мэдүүлгээс харагдаж байгаа юм. Хохирогчдын мэдүүлгээс үзэхэд М.Ерөөлттэй олон жилийн өмнөөс таньдаг, найз нөхөд болохоор итгээд мөнгөө өгчихсөн. Бэлэн мөнгө байхгүй учраас орон сууцаа барьцаанд тавьж зээл авч өгсөн нь бий. Луйварчин, залилагч нараас болоод орох оронгүй болсон айл өрх олон бий” гэдгийг өгүүлж байв. Ингээд луйврын бүлэглэлийн толгойлогч М.Ерөөлт анхан шатны шүүхээс 8 жилийн ял, нөгөө хоёр нь тус бүр 4 жилийн хорих ял авчээ. Харин хохирогчид 300 сая төгрөгөөр хохироод үлдсэн түүхтэй. Тэр үеийн 300 сая төгрөг гэдэг бол одооны ханшаар 1-1,5 тэрбум төгрөг байжээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=