БИ АМЬДРАЛДАА ХОЁР ХҮНД ЦААЗЫН ЯЛ ОНООСОН Ч ТЭД АМЬ ӨРШӨӨГДСӨНД БАЯРТАЙ ЯВДАГ


Шүүхийн албанд зүтгэж, Дээд шүүхийн орлогч дарга хүртэл өндөр алба хашиж явсан, Монгол д бий болсон хууль зүйн бүхий л сургуулийн тулгын чулууг тавилцсан Б.Содовсүрэн гуайн дурсамжийг энэ удаагийн дугаартаа хүргэж байна. Хотын шүүхийнхэн түүний бичиг үсгийн чадвар, багийн даргын алба хашиж явсан туршлагад олзуурхан 1945 оны долдугаар сард шууд л Шүүхийн нарийн бичгийн даргаар ажилд авсан байдаг. Нэгэнт шинэ хүү ажил албандаа нягт нямбай болохоо харуулсан тул 1946 онд 18 настай шүүхийн орлогч даргыг хүмүүс хэрхэн хүлээн авсан нь сонин. Ингээд түүний шүүхийн байгууллагад ажиллаж байхдаа хийсэн ажил, Монгол улсынхаа өмнөөс Хятадтай хэлэлцээрийн ширээний ард сууж БНХАУ-ын хоёрдугаар удирдагч Жоу Энь Лай, болон Чилийн эх оронч Сальвадор Альендетэй уулзаж байжээ. Содовсүрэн 19 настайдаа Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаар томилогдсон байдаг. Тэр үед Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн 1947 оны хоёрдугаар сарын 4-ний тавдугаар тогтоол гарсан нь шүүхийхэнд яггүй ачаалал өгчээ. Тогтоол хэрэгжих явцад хэлмэгдэл гарч шүүхийг дарамтлах явдал ч гарах болов. Шүүхийн дарга ажлаа аваад Сүхбаатар хот дахь Улсын банкны салбарын эрхлэгч Ёндон гэдэг хүнийг 20 мянган төгрөгийн эд зүйл ашиглахад бэлдсэн хэргээр баривчилж олон хоног, сараар хорьж шүүхэд шилжүүлснийг цагаатгажээ. Дайны үе учир дээр өгүүлсэн тогтоол нь улсын өмч хөрөнгийг хамгаалахад чиглэгдсэн нэлээд хатуу заалттай байсан гэнэ. Тогтоолын дагуу цаазын ял төлөвлөх тохиолдол ч багагүй гарчээ.
-Би амьдралдаа хоёр ч хүнд цаазаар авах ял сонсгож байлаа. Гэхдээ миний ял сонсгосон хоёр хүн хоёулаа амь өршөөгдсөн. Манай ахмадууд биднийг ахилд ороход шүүгч хүн шийдвэр гаргахдаа хуулиа барихын зэрэгцээ хүнийхээ хувьд өөрийгөө ялтны байр сууринд суулгаж үзэж байгаарай гэж захидаг байж билээ. Сэлэнгэ аймагт ажиллаж байхад Сүхбаатар хот дахь хоршоодын дамжлага баазын агуулахын нярам С гэдэг хүн 200 мянган төгрөгийн эд зүйл ашигласан, бүх хэргээ хүлээсэн байлаа. Хуулийн дагуу түүнд цаазаар авах ял сонсгов. Хэдийгээр ял хийсэн ч тэр хүнийг цаазлага гэж бодоход сэтгэл өвдөнө. Ар гэрийнхэн нь амийг нь “Манай нөхрийн амийг өршөөх арга байна уу?” гэж уйлж унжина. Би ч амийг нь аврах арга сүвэгчиллээ. Тэр үед бүх өр төлбөрийг барагдуулсан тохиолдол ялтны амийг өршөөх ганцхан гарц байв. Хаа очиж ялтан маань овоо эд хөрөнгөтэй, хөдөө мал хуу сайтай хүн таарчээ. Би цаазаар авах ял сонсгосон даруйдаа Ардын Их Хурал, Дээд шүүхэд ялтны амийг өршөөх хүсэлт гаргаад уг хэргийг Дээд шүүхэд хүрэхээс нь өмнө ах дүүстэй нь хамтарч эд зүйлийг нь зарж, 200 мянган төгрөгийн хохирлыг төлүүлж амжсан юм. Хожим би ЗХУ-д Ломносовын их сургууль төгсчихөөд хотод ажиллаж байхад мөнөөх цаазын ял сонссон эртэй таарсан даа. Тэрбээр надтай уулзаад бөөн баяр болж, ял эдэлсэн тухайгаа ярьсны дараа “Тэр үед цаазлагдсан бол өдийд би ертөнцийн тоосыг хөдөлгөхгүй байсан байх. Ний нуугүй хэлэхэд хүн нэг улайрчихаараа хаашаадаа өнгөрсөн гээд юу ч хийхээс буцдаггүй юм билээ” гэж ярьж билээ. Үүний дараа Төв аймгийн шүүхийн даргаар ажиллаж байхдаа Баянцогтын хоршооны нэгэн худалдагчид цаазаар авах ял сонсгосон. Тэрбээр урьд өмнө ял эдэлж явсан нэгэн. Хоригдож байхдаа нэг эмэгтэйтээ гэр бүл болжээ. Эхнэр нь тус хоршооны нябо байсан тул нөхрөө дэлгүүрийн худалдагч болгож л дээ. Хашир орлогынхоо мөнгөнөөс 24 мянган төгрөгийг шам­шиг­дуулчихжээ. Хав­­таст хэргийг сөхвөл цагдаагийн ажилтантай хэрцгий харьцсан, мөрдөн байцаагчаа хэд хэд зодсон, засрашгүй этгээд тул цаазаар авах ял оноосон байлаа. Тэр үед шүүх хурал нээлттэй хийдэг байсан үе. Гэтэл цагдан сэргийлэхийнхэн тэрхүү зэрлэг этгээдийг хаалттай хурлаар шүүнэ гэж үзэв. Ямар ч гэлээ ялтантай уулзъя гэж бодлоо. Ялтан маань буутай хоёр цагдаад туугдан орж ирэв. Үзтэл тийм ч зэрлэг балмад нэгэн биш дэг, нүдэнд дулаахан залуу байв. Юунч учир тийм зан авир гаргасныг лавлахад “Би хийсэн хэргээ хүлээж байгаа. Нийт 24 мянган төгрөгийн ихэнхээр нь архи аваад уучихсан юм. Авах ялаа ч мэдэж байна. Сэргийлэхийнхэн надтай хүн ёсоор харьцдаггүй. Түүн­ээс биш би тийм ч яадгаа алдсан араатан биш шүү” гэв. Шүүх хурал нээлттэй болж, бид түүнд цаазаар авах ял сонсгосон. Хурал тараад ажил руугаа явж байтал ялтанг надаас 50 м орчимд буутай хоёр хүн тууж явна. Гэтэл ялтан “Шүүхийн дарга аа, танаас ганцхан юм асууя?” гэлээ. Хоригдол ч гэсэн хүн шүү дээ гэж бодоод зөвшөөрөв. Тэрбээр “Миний амийг өршөөх болов уу?” гэж асууж билээ.
Тэр үед би хүн хорвоод амьдрах ямар их тэмүүлэлтэй байдаг юм бэ гэдгийг ойлгосон. Үнэнийг хэлэхэд амьд явахын төлөө тэр их хүсэл тэмүүлэл дээр ямар ч хатуу сэтгэлтэн ус цацаж чаддаггүй юм билээ. Арга буюу түүнд “Өршөөх байлгүй дээ, АИХ, Дээд шүүхэд өргөдөлө сайн гаргаж өгөөрэй?” гэж хэлсэн юмдаг. Түүнээс хойш “Миний амийг өршөөх болов уу?” гэсэн тэр үг олон хоног чихэнд минь сонсогдов. Эцэст нь цагдан сэргийлэхийн ажил­т­нуудын дэндүү дэгсдүүлсэн явдлыг зөөлрүүлж, жинхэнэ хэргийн учрыг Дээд шүүхэд гаргаснаар тэр хүн 20 жилийн ял авч, чих балсан тэр үг сонсогдохоо больж билээ. Хүү минь, хүний амь гэдэг хямд биш юм шүү. Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харъяат Цамбын Лхагважав гэгчийн хэргийг бодоход одоо хүртэл зүрх шимширдэг. Тэр залуу гадаад суралцаж хэд хэдэн улсын хэл төсөөлөх болсон ид залуу насандаа 1945 оны чөлөөлөх дайнд оролцон фронтын шугамнаас оргож, хээрийн шүүхээр 10 жил хоригдох ял сонсож, шоронгоос оргон хулгай дээрэм хийж ялаа нэмүүлэн яс цоожныхоо эгнээнд оржээ. Ингээд 1947 оны хаврын галлагаа зогссон үеэр хөө, тортогтой зуухны яндангийн нүхээр Батцагааны хэрэгтний байрын дээвэрт гарч, хоёр давхраас үсэрч буухдаа хоригдолд баригдан гар гавлаастай шүүхийн өмнө ирж билээ. Цамба өвгөн цэргээс ирэх хүүдээ гэр төхөөрч, бэр буулгахаар бэлдэж суухад цаазлагдсан хүүгийнх нь хөрөнгийг хураахаар шүүхийн тогтоол гүйцэтгэгч очиж байсан гэдэг. Ингээд бодохоор амьдрал гэдэг үнэтэй ч түүний учир утгыг хүн бүхэн ойлгодог гэж үү хэмээн өвгөн хуучлав. Содовсүрэн гуайн хөдөлмөрийн дэвтэрт нэгэн сонин тэмдэглэл бий. Тэр нь 1948 онд Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт орж, шүүгчийн насыг 23-аар тогтоосон тул насанд хүрээгүй Сэлэнгэ аймгийн шүүхийн даргаа Дээд шүүх төвдөө татсан тухай тэмдэглэжээ. Ийм нэг эгэл жирийн амьдардаг буурайн гэрт очиж, түүхийн сонин баримт, хууль шүүхийн яриа өрнүүлсэндээ бибээр баяртай явдаг.
/Хориотой бүс сонин. 2013 оны №07 дугаараас/
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=