УИХ-ын хаврын чуулганы нээлтийн өдрийн хамгийн содон улстөрчөөр Хууль зүйн сайд Б.Энхбаяр тодров. “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцсон экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний сонсголын өмнө Б.Энхбаяр, Бодь группээс 500 мянган доллар гурван удаа тоолж авахыг харсан гэрч байгаа. Би ч энийг нь мэдэж байсан” гэж ноцтой зүйл ярьсан. Гэтэл хэд хоногийн дараа “Бодь” группээс Л.Оюун-Эрдэнийн ярьсан зүйлийг эрс няцаасан мэдэгдэл хийсэн билээ. Хаврын чуулган нээсэн Б.Энхбаяр энэ тухай тайлбар өглөө. Тэрээр
"Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд байхдаа намайг 500 мянган доллар буюу гурван удаа 1,5 сая доллар Бодь группээс хахуулиар авахыг хажууд нь харсан хүн бий гэж ярьсан. Энэ бол огт худлаа зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Намайг авлига авч байхад хажууд харсан тэр хүнээ хэлчих. Мэдээж тийм хүн байхгүй болохоор тэр хэлж чадахгүй. Л.Оюун-Эрдэнэ үнэнд гүйцэгдэж, авилга, албан тушаалын хэргүүд нь ар араасаа илэрснээр тэр өнөөдөр юу ярьж байгаагаа ч өөрөө ойлгохгүй дотор хүнтэй зөрчилдөж явна. Худлаа ярьсаар сүүлдээ сэтгэцийн өвчтэй болсон. Л.Оюун-Эрдэнийн дотор хоёроос гурван хүн амьдардаг юм билээ. Би энэ асуудлыг зүгээр өнгөрөөхгүй, хуулийн байгууллагад шалгуулна" гэлээ.
Хамгийн энгийн логикоор бодоход өөрийн кабинетын сайдыг 1,5 сая долларын хахууль авч байхыг Л.Оюун-Эрдэнэ мэдэж байсан юм бол тухайн үед буюу 2023 онд яагаад АТГ-т хандаагүй юм бэ? Нөгөө нэг ноцтой асуудал нь экс Ерөнхий сайдын яриад байгаа сайд Б.Энхбаярыг 500 мянган доллараа тоолоод уутанд хийж байхад хажууд нь харсан хүнийхээ нэрийг хэлэхийг шаардах ёстой. Хэрвээ эрх бүхий албан тушаалтныг их хэмжээний авлига авч байхыг харсан тухай энгийн иргэн ярьсан, тэр зүйл нь батлагдаагүй, гүтгэсэн бол хуулийн хатуу хариуцлага хүлээдэг. Гэтэл Ерөнхий сайд олон нийтийн телевизээр хүн үнэмшихийн аргагүй зүйл ярихад Монголын хууль чимээгүй өнгөрөх ёсгүй.