НУТАГ НЭГТНЭЭ ХӨНӨӨЛГӨХ ЗАХИАЛГА ӨГСӨН КИМ ИЛ СУ ХАЛХЫН ШОРОНГИЙН ДАРАМТАНД ОРСОН



Монгол амьдарч, бизнес хийж буй солонгос иргэдийн хооронд одоогоос арваад жилийн өмнө хачирхалтай хэрэг гарч байв. Нутаг нэгтнээ захиал­гаар хөнөөлгөхийг завдсан хэргээр БНСУ-ын иргэн, 46 настай Ким Ил Су-д Чингэлтэй дүүргийн шүүхээс 7.6 жил хорих ял оноосон байдаг. Захиалгын “бай” болсон гэх хүн нь Ким Ёо Су. Тэрбээр монгол, хангуг бизнесмэнүүдийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтад зуучилдаг “Комекс” ТББ-ын тэргүүн, “Chicken house” нэртэй солонгос хоолны газрын эзэн, “Мон Хан трейд” нэртэй барилгын компанийн захирал ажилтай юмсанж. Харин түүнийг алахаар завдаж ял сонсоод байгаа Ким Ил Су нь Монголд хоолны нэмэлт бүтээгдэхүүний багахан наймаа эрхэлдэг жижиг гар байв. Тэдний бизнес нь газар тэнгэр хоёр шиг хол зөрөөтэй, бас огт өөр, өөр чиглэлийнх. Энэ тухай хохирогч мэдүүлэхдээ “Ким Ил Су бид хоёрын хооронд ямар ч өс хонзон, өр авлага байхгүй. Тэр намайг алуулах гэсэн нь Чой Ү Бомын захиалга байж мэднэ” хэмээн Ким Ёо Су мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ ярьсан байдаг. Үүнээс үзэхэд Ким Ил Су нь Чой Ү Бом гэгчийг таньдаг байсан нь энэ хэрэгт сэжиглэгдэх үндэс болжээ.
Аллагыг захиалсан гэх Ким Ил Сугийн өмгөөлөгч Д.Ганбатын ярьснаар “Энэ ноцтой хэрэгт нотлох баримт байдаггүй, тэр ч бүү хэл Ким Ил Су нь Ким Ёо Сугийн аминд хүрэхийг завдсан ямар ч үйлдэл байдаггүй юм. Өөрөөр хэлбэл, Ким Ёо Су өөрийг нь алах захиалга өгсөн тухай бусдын амнаас сонссон учраас хууль, хяналтынханд хандсан” гэж ярьдаг. Өмгөөлөгч Д.Ганбат энэ тухай “Ким Ёо Су бол энд байгаа солонгосууд дундаа маш их нэр хүнд, нөлөөтэй, Тэднийгээ бүрэн атгандаа хийсэн хүн. Тэр бүү хэл манай улсын томоохон улс­төрчидтэй танил. Тэр миний үйлчлүүлэгчийг энэ хэрэгт унагасан нь энд байгаа бусад солонгосууддаа өөрийн сүр хүч, эрх мэдлийг мэдрүүлэх гэсэн явуургүй ажил байж мэднэ. Ялангуяа, Чой Ү Бом байна. Яагаад гэвэл тэр Чой Ү Бом-д тэрбээр 40 сая төгрөгийн өртэй юм билээ. Чой түүнээс мөнгөө авах гэж удаан хөөцөлдөж байгаа ч авч чадахгүй байгаа “ хэмээн ярьсан юм. Цэнхэр дэлгэцийн суваг бүрээр өдөр алгасалгүй гардаг солонгос сериалуудаас бид иймэрхүү үйл явдлыг олонтаа үзсэн. Харин амьдрал дээр үнэхээр ийм санаанд багтамгүй хэрэг байдаг гэж үү. Манай улсад одоогоор 3296 солонгос иргэн оршин сууж байгаа гэсэн тоо бий. Энэ бол цагаач иргэдээс гадна түр болон бүр оршин суугч солонгосуудын тоо. Тэдний олонхи нь барилга, хоолны газар, гоо сайханы чиглэлээр бизнес эрхлэгчид. Монголчуудын маань олонхи нь “боол” болохоор Солонгосыг зорьдог бол, хангуг­чуудын олонхи нь энд “босс” болохоор ирдэг. Тэдний иддэг хоол, хэрэглэдэг зүйл, үйлчлүүлдэг газар нь нэг л “хаягтай”. Тэд хэдийгээр Монголд байгаа ч солонгос эзэнтэй хоолны газарт л хоол идэж, солонгос эзэнтэй саунд сууж, ер нь л зөвхөн солонгосоороо овоглосон бүхэндээ хөрөнгө оруулалт хийнэ. Бүр Монгол дахь солонгосууддаа зориулан гаргадаг сонин хүртэл байх. Энд ирээд ихэвчлэн “боссын ажил” эрхэлдэг тэднийг зангидаж, нэгтгэж байдаг бүр “Том босс” ч бий гэх. Түүний үг бусаддаа хууль мэт үйлчилнэ, “Хуулийг” зөрчсөн нэг нь хүний нутагт амаараа шороо үмхдэг тухай явган яриа ч байх юм. Үүнийг батлах мэт Солонгос улсын иргэн Ким Ил Су халхын шоронд нар өөд татахгүй явсаар дөрвөн жилийн дараа шоронгоос амьтай голтой амьтан суллагджээ. Дээд шүүх хүртэл давж заалдсан солонгос өвгөн 5,6 жилийн хорих ял өвөртлөөд Дамжингийн аж ахуй дээр очсон байдаг. Түүнийг дамжин­гийн аж ахуй дээр очиход атаман, овгорууд шургуунд хийж, бишгүй л дарамталж эхэлжээ. Энэ нь нөгөө Улаанбаатарын солонгосчуудын “Том босс” болсон Ким Ёо Су-гийн даалгавар байсан бололтой. Дамжингийн аж ахуй дээр тогоочоор очсон солонгос өвгөний хөнжил дотор архи хийчихээд, хулгайч нар хорихын төлөөлөгчдөө матсан байдаг. Үүнээс болоод Ким Ил Су сахилгын камерт 7 хоног хоригджээ. Тэрбээр хорихынхонд мэдүүлэхдээ “Би архи уудаггүй, ходоодны шархтай хүн. Хэн нэгэн нь намайг хорлох гээд хөнжилд архи хийсэн байна” гэсэн байдаг. Ингээд сахилгаас гарч ирсний дараа солонгос өвгөний гутал дотор баах, шээх, угаасан хувцсыг нь урах, цагаан хэрэглэл рүү нь бөөс нясалж хийх, хоолоо амталдан кимчиг нь хулгайлах зэргээр халхын шоронгийн янаглан хорлох аргыг нинжа хоригдлууд овгоруудынхаа заавраар гүйцэтгэж байжээ. Аргаа барсан Ким Ил Су өөрийн саналаараа Мөнгөнморьтын хорих анги руу шилжсэн байдаг. Солонгос хоригдол тэнд очоод худгийн сахиул болсноор яс нь амарч, сэтгэл санаа нь тайвширсан тухайгаа хамт ял эдлэж явсан хоригдлуудад нэг бус удаа ярьжээ. Үнэхээр солонгос иргэдийн “Том босс” нь хүртэл нарсанд шургуунд орж байсан гэж бодохоор халхын шоронд мөнгө, эрх мэдэл гэдэг ямар хүчтэй байгааг энэ жишээ харуулж байна.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=