АХ НЬ ДҮҮГЭЭ МӨЛЖДӨГ ОРОС МОНГОЛЫН НАЙРАМДАЛТ ХАРИЛЦАА


Хойд хөрш, Монгол орны худалдааг хар! ОХУ-аас манай улс 1,4 тэрбум ам. долларын нефть бүтээгдэхүүн импортолж байхад тэд манайхаас ердөө 250 сая ам. долларын бараа авдаг. Хятадууд торгоны замаа өргөмжлөн Европтой Казакстанаар харилцдаг болсон. Үүнээс үүдэж Сибирийн трасс орхигдож, төмөр зам дагасан 5 сая орос иргэний амьдралд нөлөөлж буй. Байдал ийм болоод байхад Орос манай мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, нэхий болон ноолууран эдлэл авахгүй биднийг боогоод байгаа нь манай туршлага дулимаг эрх баригчдаас шалтгаалаагүй байх. Манай эрх баригчид оросуудын дургүйг хүргэснээс бид хохироод байна гэж талцдагийг иргэн бүр үл тоо. Аль ч нам бүхний дээр улсынхаа эрх ашгийг тавь. Одоо хийн хоолойн асуудлаар гэнэн ч юм шиг, тэнэг ч юм шиг монгол маягийн улс төржилт дэвэрнэ. Орос ахаа гомдоосноос болоод манайхаар хийн хоолойгоо тавьсангүй гэж нэг нам нь нөгөө намаа яллаж, хонжоо олсон. Монголоор хийн хоолой дамжуулах ямар ч ашиггүй замыг оросууд сонгохгүй нь мэдээж. Тэдэнд бэлээхэн тавьчихсан хоолойгоо уртасгаад Владивостокоор Япон Солонгос руу гаргах нь ашигтай байгаа. Мөн Хятадтай шууд хиллэдэг Манжуураар хоолой тавих Монголын нутгаар нэвт 55 тэрбум ам. доллараар хоолой тавьснаас ихээхэн хямд тусна. Улс бүр илүү зардал гаргахгүйг хичээдэг тул Оросын зөв. Хийн хоолойн талаар хязгаар нутгийн бөглүү жалгын харанхуй малчид шиг гэнэн юм ярихаа больж үз.
МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийн багш С.Баясгалангийн ухаалаг ярилцлагыг уншвал энэ талаар бодиттой багцаа авна. Харин Д.Уламбаяр профессор “Оросууд хэзээнээс хийн хоолойг манайхаар дамжуулж тавихыг зөвшөөрдөг байсан ч Зянь Земинь даргын үед Хятад улс үүнийг хүлээн зөвшөөрдөггүй байсан юм шүү дээ. Энэ байр суурин дээрээ ч тэд хатуу байлаа” гэж галласан нь хэнд хэрэгтэй юм. Гэтэл Орос ах нар хийн хоолойг Монгол улсын нутгаар тавихыг зөвшөөрөөгүй шүү дээ. Нэмэрт нэрмээс гэгчээр мэдээж юман дээр хий хоосон салхилдаг хөөрүү жулдар сэтгүүлчид бас хажууд нь юу вэ. Орос Украйн хоёр эвдрэлцсэн нь бидэнд ашигтай гэж баяр хөөртэй бичих юм. Ингэж сурталдаж болж байгаа юм уу. Орос Украйн хоёр ахан дүүс, адилхан сляванчууд. Тэнд цус урсаж байхад бид энд олз ашиг ярих нь ичгүүртэй.
Сурвалжлагч: Манай улсын хувьд гуравдагч орон гэж онцолж харилцаад оросуудаа гомдоосон талтай гэж хэлэх судлаач цөөнгүй байдаг. Хойд хөршийн бодлогын шийдвэрүүдэд энэ хандлага нөлөөлөөд байна уу?
С.Баясгалан: Харилцааны хувьд бидний буруу байхгүй. ЗХУ задарсны дараа Оросын бодлого анхаарал өндөр хөгжилтэй Европ, Америк руу хандсан. Тэдэнтэй л харилцаа тогтоохыг бодож байсан. Саяхныг хүртэл, бүр тодруулж хэлбэл Украйны хэрэг явдал хүртэл Оросын бодлого тийм байсан юм. Алс дорнод, Ази руу нэг их ач холбогдол өгдөггүй байсан. Харин Украйны дараа Америк, Оросын харилцаа эрс хүйтэрсэн. Ийм үед оросууд Ази гэж тив бийг санаж байна л даа.
С.Баясгалан багшийн хариултаас харахад бид орос ахтайгаа адилхан л гадаад бодлого явуулж. Орос ахынхаа толгой дээгүүр харайж, гурав дахь түншлэл гэж сэвснээс буруудсан хэмээн хуучинсаг нөхөд хэлээ одоо ч билүүдсээр байгаа. Ардчиллыг харлуулдаг хэдэн ноцтой алдааны нэг нь энэ. Ерөнхий сайд хазгар Гэндэн согтчихоод Зөвлөлтийг улаан империалист, байлдах дуртайгаараа Орос Япон хоёр л байлдана биз, бидэнд ямар ч хамаагүй гэж лав л Улаанбаатар дахь Зөвлөлтийн элчин сайдад агсам тавиагүй. Өөрийнхөө дэргэдээс салдаггүй буутай орос сургагч нарт тэгж шаралхаж зүрхлэхгүй. Тэгээд хэн П.Гэндэнг энэ талаар Сталинд матаж байсан байна? Мэдээж П.Гэндэнгийн дэргэдэх монголчууд. Сталин. (1935 оны 12-р сар) Манжуурын өртөөнд хэлэлцээр хийх үедээ Гэндэн та н.Самбууд, энэ хэлэлцээр болон хилийн мөргөлдөөнүүд нь Манж Го, БНМАУ-ын хоорондын хэрэг биш, ЗСБНХУ, Япон улс хоёрын хоорондын хэрэг, тийм учраас Манж Го, БНМАУ хоёр биш харин тэд буюу ЗСБНХУ, Япон улс хоёр хоорондоо ярих ёстой гэж хэлсэн гэж би дуулсан. Яагаад тэгж байгаа юм? Гэндэн “Энэ бол худал үг бөгөөд өдөөн хатгалга, би тэгж хэлээгүй” гэв.
Молотов. Бид нэг л санаатай байна. Та санаагаа бүү нуу, биеэ бүү өмөөр. Сая И.Сталины хэлсэн зүйлийн талаар бид тодорхой баттай мэдээлэлтэй байгаа. Гэндэн та согтуу байхдаа зөвлөлтийн эсрэг өдөөн хатгасан зүйл хэлж байсан явдал чинь үүнийг давхар нотолж байна. Та наашаа явахынхаа өмнө, надад Кремлийн эмнэлгээр дамжуулан “эрүүл мэндийн шалтгаанаар” удаан хугацааны чөлөө авч Крымд амраач гэж ярьсан байдаг юм. Бид тийм арга мэх сүвэгчилж тийм тоглоом тоглохгүй.
Гэндэн. Энэ бол мөн л худал үг гээд тэрээр тийм зүйл хэлээгүй, мэдэхгүй гэж хариулав. Өөрийнх нь тухай ийм гүжир гүтгэлгийг хэн хэлж байгаа нь маш сонин байна гээд өөрийг нь ийнхүү буруутгаж байхад ажлаа хийхэд хэцүү!
Молотов. Нөхөр Сталин бид нар шулуун шударга, ний нуугүй хэлж байна. Гэндэн та согтуу байхдаа бидний эсрэг янз бүрийн үг олныг хэлснийг бид мэднэ. Та угаас Манжуурын хэлэлцээр болон хилийн зөрчлийг зохицуулах явдал нь танай Монголын хэрэг биш гэж үзээд түүнийг бусдад тохохыг хүсч байна.
П.Гэндэнг Хар далайн амралтанд хэсэг хугацаанд хориод, дараа нь баривчилж, Москвагийн шоронд эрүүдэн тамласаар эцэст нь цаазалсан. Мангар монголчууд манай Гэндэн Сталины гаансыг хуга алгадсан гэх домог зохиогоод, гэнэн домогтоо итгэчихсэн хөөр бах болгон хуучилж байжээ. 1990 онд ЗХУ бутарч Орос Монгол хоёр хоёул ядарсан. Худалдаа аргагүйн эрхэнд нойл заав. Орос шилжих рублиэр бус валютаар худалдаа хийнэ гэснээс болж 70 жилийн хөөрүү боол нь картын бараанд орсон. Оросын цэргийн асар том ангийг Монголд тэжээх аргагүйдэж, мөн үсрэнгүй хөгжиж эхэлсэн Хятадтай ЗХУ ойртох гэж Монголоос цэргээ татсан. Тэгтэл оросууд монголчуудаас болж худалдаа буурсан юм шиг сурталдаж, мөн оросын цэргийг бид хөөж гаргасан юм шиг ярьж эхэлсэн. Хамгийн хачирхалтай нь үнэн байдал өөр байхад монголчууд оросын талд ороод, биднээс болж Орос Монголын харилцаа тасарсан гэж сурсан зуршлаараа долигонож, орос ахыгаа монголчууд гомдоосон хэмээн өөрсдийгөө хорлож эхэлсэн нь оросуудад биеэ цэвэрлэж, бурууг бидэнд тохоход сайхан далим болж билээ. Монгол хүн яагаад ийм зан гаргадаг байна аа? Гайхмаар.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=