ХАТАН ТУУЛ ХӨГЖЛИЙН ЗОЛИОС БОЛОХ УЧИРГҮЙ


Туул голын татам дээгүүр хурдны зам барихыг олон нийт эсэргүүцээд хэд хонож байна. Энэ замтай холбоотой бусад баримтууд ч ил болсоор байна. Наад зах нь тендергүй сонгон шалгаруулснаас гадна ажлын нарийвчилсан зураг төсөл нь гараагүй байхад урьдчилгаа хэмээн 500 тэрбум төгрөгийг ямар ч ажлын туршлагагүй Хятадын компани руу шилжүүлсэн байгаа нь хачирхалтай. Нийт 2,4 их наяд төгрөгийн төсвөөр бүтэх энэ зам нь нийслэлийн түгжрэлийг бууруулна гэх сүржин уриатай ч үнэн хэрэгтээ орц гарц байхгүй шулуун зам юм. Хамгийн хорлонтой нь энэ зам Туул голын татам дээгүүр 11 км явах бөгөөд энэхүү ажлыг хийхийн тулд асар их бургас, модыг тайрч хаяж байгаа нь экологийн хувьд асар аюул дагуулж, улмаар Туул гол ширгэх нөхцлийг бүрдүүлээд байгаа билээ. Харин энэ асуудлаар УИХ-ын гишүүдээс хамгийн түрүүнд Д.Бум-Очир өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр “Хатан туул хөгжлийн золиос болох учиргүй” гээд Нийгэмд нөлөөлөлх байдлын үнэлгээний тухай хуулийн төсөл бэлэн болж байгааг мэдэгдлээ. Энэхүү хууль нь хөгжлийн золиосны хамгаалал болж өгөх бөгөөд Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль гэж байгаатай яг зэрэгцэн Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуультай байх хэрэгцээ шаардлага байгааг "Хатан туулаа хамгаалъя” хөдөлгөөн болон бусад олон хөдөлгөөний жишээнээс харж болно. Хөгжлийн гэгдэх аливаа төслийн нөлөөлөл байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг буюу золиосыг судлан тооцдог төлөв байдлын үнэлгээ, ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээ гэх гурван шатны үнэлгээ аливаа төсөл хэрэгжихээс өмнө хийгдэж байх учиртай. Ийм үнэлгээгүйгээр төслийн хэрэгжилт эхлэхгүй байх хуультай. Яг ийм үнэлгээ нийгэмд нөлөөлөх байдал дээр бас хийгдэх ёстой боловч Монголд нарийвчилсан эрх зүйн орчин нь, журам нь, аргачлал нь байдаггүй тул үндсэндээ хийгддэггүй. Миний бие Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хэмээх анхдагч хуулийн төслийн эхийг боловсруулж байгаа бөгөөд энэ хууль батлагдаад хэрэгжвэл өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал харьцангуй багасах бөгөөд зохицуулалт бүхий эрх зүйн орчинтой болж улмаар хөгжил золиосгүй биш юмаа гэхэд золиос багатай болох юм. Туулын хурдны замын хувьд хамгийн том асуудал нь төлөв байдлын үнэлгээ, ерөнхий үнэлгээ, нарийвчилсан үнэлгээнүүд нь хийгдсэн эсэх нь, үнэлгээнд үндэслэн гарах учиртай дүгнэлт, шийдвэр, зөвшөөрлийн асуудлууд нь тодорхойгүй байгаа хэрэг юм. Цаашдаа Туул голын нөлөөллийн үнэлгээг бүрэн цогц байдлаар хийж бүх талаар хамгаалах нь зүйтэй” хэмээн өөрийн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=