ДЭЛХИЙН АЛДАРТАЙ ДУУНУУД /NEEDLES AND PINS/



Дэлхий дахинд түгэн тархсан, хүмүүний сэтгэлийг огшоосон дуу хуургүйгээр бидний амьдралыг төсөөлөх аргагүй. Гэвч бид тэр сэтгэлд хоногшсон, дурсамж болон үлдсэн дуунуудаа сонсоод өнгөрөхөөс үнэн түүхийг нь төдийлөн сонирхдоггүй. Харин дуу бүхэн түүхтэй, дурлал бүхэн дурсамжтай гэгчээр дэлхийд алдартай дуунуудын түүхийг зохиолч, сэтгүүлч Б.Ойдовын тэмдэглэлийг цувралаар хүргэх болсондоо баяртай байна.
Бидний эхний мэдэх дуу бол "Needles and Pins" буюу "Зүү ба хавчаар". Энэхүү дэлхий дахинд алдар нь түгсэн дууг "Смоуки" хамтлаг 1977 онд дуулан гарч ирсэн. Тиймээс манай дал, наяад оныхон уг дууг "Смоуки" хамтлагийн хит дуу гэж л итгэж ирсэн байдаг. Гэтэл үгүй юмсанжээ. Тэртээ жараад оны үeд "Searchers" хэмээх хамтлаг анх дуулан гарч иржээ. Тодруулбал Английн домогт гитарчин Жон Макналли, Майк Пeндeр нар энэ дууг 1964 онд дуулж намуухан бөгөөд эрч хүчтэй дуугаралтыг бий болгосноор Их Британийн чартуудад 1-р байранд бичигджээ. Арван хоёр чавхдастай гитар, хүчтэй цохилтот хөгжим энэ дууг залуу насны эрч хүчээр цэнэглэж, романтик хүсэл тэмүүллийн үлгэр дууриал болгож чадсан байна. Мөн хариу нэхээгүй хайрын зовлонг энэ дуунд шингээсэн ч гэдэг.
Тэгтэл бас болоогүй ээ. Энэхүү алдартай дууг Майк Пeндeр хэмээгчийг л анх дуулж гарч иржээ гэж бодож явлаа. Гэвч тэр энэ дууг сэтгэл хөдөлгөм ковeр хийсэн болж таарав. 1963 онд Клифф Беннетт, Ребел Роузерс нар энэ дууг анх дуулжээ. Харин тэдний дуулахыг "Searchers" хамтлагийн гоцлол дуучин Майк Пендер сонсоод асар их урам зориг авч Англи даяар алдаршуулжээ. Тэгээд яахав, энэ алдартай дууг Клифф Бeннeтт хэмээгчийг л анх зохиосон юм бодож явлаа. Тэгтэл мөн л асуудал гараад ирэв. 1962 онд дуучин, ая зохиогч Жеки Дe Шэннон, продюсер Жек Ницше, ая зохиогч Сонни Боно нар "Зүү ба хавчаар" дууны үрийг анх боловсруулан тарьжээ. Гурвалсан гурвал маань хамтдаа ингэж нэг нэгэндээ хайраа алдахын зовлонг илэрхийлсэн гунигтай баллад бүтээж, үүнийг 1963 онд Жeки бүсгүй анх уянгалуулжээ.
Энэ чинь тэгэхээр нэг хүний зохиосон дуу биш гурван хүний хамтран зохиосон дуу болоод явчихаж байгаа юм. Харин 1977 онд алдарт "Смоуки" хамтлагийн гоцлол дуучин Крис Норман энэхүү дууг ковeрлон дуулснаар бидний сонсох дуртай "Needles and Pins" дэлхий дахинд алдаршсан билээ. Түүний дуулсныг энэхүү линкээр орж сонсоно уу.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=