Н.Энх-Амгалан гэдэг залуу гурав хоногийн өмнө эхнэр, хүүхдүүдтэйгээ Баянхонгор аймаг руу явж байхад Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт Harrier маркийн автомашин урсгал сөрөн орж ирж мөргөжээ. Ослын улмаас Н.Энх-Амгалангийн эхнэр болон 5 сартай охин, 17 настай хүү нь газар дээрээ нас барж, хоёр хүүхэд нь хүнд гэмтжээ. Өөрөө мөн хүндээр бэртэн ГССЗК-т хэвтэн эмчлүүлж байгаа аж. Осол болсон даруйд урсгал сөрсөн машины жолооч Б.Очирхуягийн эхнэр Г.Цогзолмаа машинаасаа бууж ирээд нөхөр рүүгээ "Пиздаа минь, чи хүн алчихлаа шүү дээ" гэж хашгирахад амнаас нь архи сэнхийж байсан талаар гэрчүүд мэдүүлжээ. Мөн машин барьж явсан Б.Очирхуяг нь шал согтуу, хөл дээрээ чүү ай тогтож байсан гэнэ. Өөрийгөө удирдах чадваргүй байж жолооны ард сууж, хурд хэтрүүлэн замын хөдөлгөөнд оролцоход бага зэргийн согтолттой эхнэр нь юу ч хэлэлгүй жолооны урд суусан нь гайхалтай. Одоогийн байдлаар гурван хүний алтан амийг хөнөөсөн сэжигтэн Б.Очирхуяг цагдаа нарт мэдүүлэг өгөхөөс татгалзаж “Би юу ч санахгүй байна. Толгой маш их өвдөж байна. Хаана амьдардаг, юу хийдгээ санах гэж хичээгээд олсонгүй. Биеэ гайгүй болохоор өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө!” гэж гөжүүдлэн эмнэлгийн орон дээр баашлан хэвтэж байна. Эхнэр Г.Цогзолмаа нь ч мөн адил “Юу ч санахгүй байна. Биеэ гайгүй болохоор мэдүүлэг өгнө” гэж өчжээ. Энэ хоёр этгээд урд өмнө шүүх, цагдаагийн хаалга татаж байсан, хийсэн хэрэг бус хэлсэн өчгөө маш нарийн тооцоолж чаддаг сэжигтнүүд бололтой. Гурван хүний алтан амь гэдгийг юугаар ч үнэлж, дүгнэж баршгүй. Гэтэл “мөнгөний боол болсон”, шантаажчин сайтууд “Н.Энх-Амгаланд 100, 200 сая төгрөг цугларчээ. Ямар азтай юм бэ?” гэх утгатай постыг ар араасаа оруулж буй нь сэтгүүл зүйн мөн чанараас давсан бохир үйлдэл болж буйд нийгэм зэвүүцэж байна.
Хохирогч Н.Энх-Амгалан гэж хэн бэ?
Н.Энх-Амгалан нь хотод Хархорин зах дээр “Day Book” дэлгүүр ажиллуулдаг. Хуучин, шинэ ном худалдаж амьдралаа залгуулдаг залуус байжээ. Жил бүрийн наадмаар Хүй долоо худагт тэд машинтайгаа очоод номоо зарж, бусдыг соён гэгээрүүлэх ажил түгээнэ. Зүгээр ч ном зарж ашиг хонжоо олдог ченжүүд биш юм. Н.Энх-Амгалан нь хүн болгонд номоо зарахдаа сайтар тайлбарлаж өгдөг. Үүний цаана залуу үеийг номонд дуртай болгох, нийгмийг ном уншдаг болгох чин хүсэлтэй байжээ. Хөдөө орон нутагт даншиг наадам болоход Н.Энх-Амгалан хэзээний оччихсон номоо дэлгээд зогсож байдаг ийм л нэг бусдын төлөө сэтгэлтэй, хөдөлмөрч гэр бүл байсныг иргэд, зохиолчид харамсан ярьж байна.
Хэдэн жилийн өмнө Н.Энх-Амгалан ажил хийхээр Америкийн Аляска явж гэргий нь дэлгүүрээ ажиллуулж хөвгүүдээ асраад үлджээ. Н.Энх-Амгалан анхныхаа цалингаараа эхнэртээ шинэ Iphone утас, Victoria's Secret брэндийн бэлэг авч хайртыгаа баярлуулах мөрөөдлөө биелүүллээ гэсэн пост оруулж байв. Өнөөдөр энэ гэр бүл хагацал гэгч уй гашууг үзэж, талыгаа алдчихаад тарчилж буй нь энэ.
Хохирогч Н.Энх-Амгалан ийм нэгэн пост оруулжээ.
-Очирхуяг чи миний амьдралыг самарч гурван сайхан хайрын минь амийг авчихаад хар амиа хоохойлоод явна уу! Мөн хамт согтуу байсан Цогзолмаа чи одоо болтол байцаалт өгөхгүй зугтсаар.
Цэл залуухан 35-хан настай миний эхнэр, 17-хон настай өндөр царайлаг хүсэл эрмэлзлэл дүүрэн том хүү минь!!! Гурван сайхан хүүгийн араас гэгээ болж ирсэн 5-хан сартай гүнж охины минь амийг төлж өг! гэжээ.
Эрүүгийн хуулинд “согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна гэж заажээ. Мөн торгууль нэрээр 2-14 сая төгрөгийг гэм буруутай этгээдээс гаргуулан улсын орлого болгох ажээ. Нэг үгээр сэжигтэн Б.Очирхуяг нь шүүхээс 6-8 жилийн хорих ялаар шийтгүүлэх агаад шүүх магадлан, ажлын хоногийг оруулахад 4 жил нарсанд суугаад эрх чөлөөт иргэн болох дүр зураг харагдаж байна. Магадгүй сайн өмгөөлөгч, хуулийнханд авлигаа тултал өгвөл Б.Очирхуяг нь 1-2 жил хүрэхгүй шоронд суугаад суллагдах ажээ.