
УИХ-ын үйл ажиллагаа зогссонтой холбогдуулан академич, хуульч С.Нарангэрэл өөрийн байр сууриа илэрхийлж байна. Манай улсын хууль тогтоох дээд байгууллага бол Улсын их хурал бөгөөд хуульд заасны дагуу тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Гэтэл УИХ Үндсэн хуульд заасан үндсэн чиг үүргээ хэвийн гүйцэтгэх чадамжаа алдаад байгааг хуульч, академич С.Нарангэрэл онцолж байна. Имйд тэрээр парламентын байнгын үйл ажиллагааг хангахын тулд Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж, үүргээ гүйцэтгэх чадамжгүй болсон УИХ-ыг тараах шийдвэрт хүрэх нь зөв гарц болно гэж үзэж байна. Тэрээр цааш нь “Монгол Улсын Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дагуу УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн шалтгаанаар Ерөнхийлөгч УИХ-ын даргатай зөвшилцөж санал болгосон бол УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар өөрөө тарах шийдвэр гаргаж болно гэсэн заалтыг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай цаг үетэй тулгарлаа. УИХ ээлжит чуулганаа нээснээс хойш хоёр долоо хоногийн турш ямар ч хуралдаан хийсэнгүй. Үндсэн шалтгаан нь олонхыг бүрдүүлсэн МАН-ын бүлгийн гишүүдийн хагарал, талцал, бүлэглэл улам бүр ужгирав. Эв эеэ ололцох талаар нааштай ямар ч алхам хийгдэж чадсангүй. Урьд нь намынхаа даргыг УИХ-ын даргаар ажиллуулж байсан АН-ын бүлэг одоо болохоор МАН-ын даргаар УИХ-ыг удирдуулахгүй гэсэн Үндсэн Хуульд заагаагүй туйлын ядмаг шалтгаар УИХ-ыг бойкотлож байна. Үүнээс болж Үндсэн хуулийн хэд хэдэн заалтын үйлчлэлийг зогсоочихлоо. УИХ төрийн эрх барих дээд болон хууль тогтоох байгууллага болох тухай (20 дугаар зүйл), УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэх тухай (20 – р зүйлийн 1 дэх хэсэг), УИХ-ын онцгой бүрэн эрхийн тухай (25-р зүйл), УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа 75-аас доошгүй ажлын өдөр чуулах тухай (27-р зүйлийн хоёр дахь хэсэг), УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болох тухай (29 – р зүйлийн гурав дахь хэсэг) зэрэг хэд хэдэн заалтыг жишээлж болохоор байна. Монгол Улсын Ерөнхийлөгч юуны өмнө УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон гэсэн дүгнэлтэд хүрсэн байх ёстой. Ингээд УИХ-ын даргатай биечлэн уулзаж санал нэгдсэн байх шаардлагатай. Үүнийг зөвшилцсөн гэж үзнэ. Энэ үндсэн дээр УИХ-ын гишүүд өөрөө тарах тухай санал хураалт заавал явуулна. Хэрэв УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар УИХ өөрөө тарах тухай шийдвэр гаргана. Энэ тохиолдолд УИХ-ын ээлжит бус явагдах ёстой. Харин УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос дээш санал өгөхгүй бол УИХ өөрөө тарахгүй гэсэн шийдэлд хүрсэн гэсэн үг болно. Энэ тохиолдолд ээлжит бус сонгууль болохгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.