АЛАГ ҮРСЭЭ ХӨСӨР ХАЯСАН АРААТНААС ДОР ЭХЧҮҮД


Үрийн заяагаа гомдоож, үхэл рүү нь түлхэж байсан харгис балмад хэргүүд өнгөрсөн нэг жилийн дотор хэд хэдэн удаа гарчээ. Энэхүү хэргүүдээс тоймлон хүргэе. 2016 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр Дорнод аймгийн төв Хэрлэн суманд 7 настай хүүг хөнөөсөн аймшигт хэрэг гарсан. Дорнод аймгийн Цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлстийн мэргэжилтэнтэй холбогдоход “Есдүгээр сарын 6-ны өдөр Хэрлэн сумын I багт 7 настай хүү амиа хорлосон гэх дуудлага ирсэн. Дуудлагын мөрөөр очиж шалгаад хүүгийн үхэлд гадны нөлөө орсныг тогтоон, уг хэрэгт иргэн Б-г  сэжиглэн шалгаж байсан. Тэгтэл хэргийн сэжүүр ч тодорхой болж хүүгийн эцэг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэн, залуу бүсгүйтэй амраглах болсон нь үрийнхээ аминд хүрэх гол шалтгаан болжээ. Нутгийнхны ярьж буйгаар хүүгийн эцэг гэр бүлээ цуцлуулж, залуу бүсгүйтэй хамтран амьдрахаас татгалзсан шалтгаанаа хүүтэйгээ холбон тайлбарласнаар бүсгүй нутгийн залууд хүүг хөнөөх захиалга өгсөн аж. Тэр жил дунд сургуулиа дүүргэсэн сэжигтэн Б ч хэргээ хүлээж, захиалгаар хүүг хөнөөсөн гэдгээ хүлээгээд билээ. Гэр бүлээс гадуурх харилцаанаас болоод бага насны хүүхэд хохирсон тохиолдол тус аймагт өмнө нь хэд хэдэн удаа гарч байсан гэдэг. Гурван ч хүүхэдтэй эрийг эхнэрээс нь салгаж, хамт амьдрах болсон эмэгтэй хүүхдүүдийн нэгийг зүсэж, тамласан явдал гарч байжээ. Тэгвэл ОХУ-ын Улаан-Үд хотын Октябрь дүүргийн Цагдаагийн газраас тус хотын нэгэн их сургуулийн харьяа коллежийн 17 настай монгол оюутанд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Түүнийг хүүхдээ алсан хэрэгт сэжиглэж буй. “Информ Полис” агентлагийн мэдээнд дурдсанаар тус оюутан бие засах өрөөнд хүүхдээ төрүүлээд, амь насыг нь хөнөөжээ. Монгол оюутан 2016 онд Буриадад очиж, коллежид элсэн, нутгийн оюутнуудын хамт дотуур байранд амьдардаг байжээ. Нэг өрөөний найзууд болон багш нар нь ч түүнийг жирэмсэн гэдгийг огт гадарлаагүй байна. Энэ сарын 3-ны өдрийн өглөөний 4 цагийн үед тэр оюутан дотуур байрны бие засах өрөөнд ороод хүүхдээ төрүүлсэн байна. Хагас цагийн дараа байрны жижүүр бие засах өрөөг онгойлгон, цус алдсаны улмаас ухаан алдсан оюутныг амьсгал хураасан нярай хүүхдийн хамт олжээ. Цагдаагийн газраас “Хүүхэд амьд төрсөн гэдэг нь батлагдсан. Монгол оюутны биеийн байдал хүнд байгаа тул эмч нар амь насыг нь аврахаар тэмцэж байгаа. Бид хэргийг шалгаж байна” гэж сэтгүүлчдэд мэдээлсэн байдаг. 2017 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр тус цагдаагийн хэлтэст “Бөмбөгөр худалдааны төвд бага насны хүүхэд төөрсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай эмэгтэй Ч, эрэгтэй С нар нь нэг ой долоон сартай У охиныг “Бөмбөгөр” худалдааны төв дотор төөрүүлж орхиод, зугтсаныг хяналтын камерын тусламжтайгаар илрүүлжээ. Камерын бичлэгээс харахад улаан цоохор цамцтай нэгэн бүсгүй ногоон курткатай хүүхдээ хөтөлж яваад, “Бөмбөгөр” худалдааны төвийн баруун хаалгаар орж, хүүхдийг чихрийн лангууны дэргэд орхиод зүүн хаалгаар гарч, “Бөмбөгөр”-ийн хойгуур тойроод, хамтран амьдрагч С-тэйгээ зугтаж байгаа бичлэг тэр хавийн камерт бичигдэн үлдсэн байна. Түүнийг хүүхдээ төөрүүлчээд гараад ирэхэд нь хамт амьдрахыг хүссэн залуу нь юүдэн малгай өмссөн байдалтай хүлээж зогсож байгаа нь камерын дурангаас харагджээ. Төрүүлсэн үрээ хаясан эх, дагавар хүүхдээ ад үзсэн эцэг хоёрт ЭХ-ийн 117.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн хорих 461-р ангид цагдан хорьжээ. Нэг ой долоохон настай У охин тухайн үед ээждээ хаягдсанаа мэдэхгүй тэр хавийн чихэр жимс харж нэлээд сатаарч явсан байдаг. Улмаар хэсэг хугацаа өнгөрч, ээжийгээ үгүйлэн хайж уйлж эхэлсэн гэх. Тиймээс ойр хавийн худалдаачид болон худалдан авагчид яаран сандран цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Ингэснээр бяцхан охин эцэг эхдээ эргэж ирсэн боловч араатнаас дор аав, ээж хоёр хүүхдээ өсгөх боломжгүй шорон луугаа маршилсан түүх ийм. Мөн өнгөрсөн онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт ой долоон сартай охиноо орцонд хаяад явсан хэрэг гарч, нийгмийг цочроосон. Харамсалтай нь ээждээ гологдож, орцонд орхигдсон бяцхан охин харамсалтайгаар амиа алдсан билээ. Талийгаач охин хөхөө өвлийн хүйтэнд орцонд хаягдсанаасаа болж хоёр уушги нь битүү хатгалгаатай эмнэлэгт хүргэгдсэн ч эмчилгээгээ даалгүй амиа алдсан юм. Үрээ хаясан 24 настай Д гэх бүсгүй мөн л “Би ганцаараа байдаг. Энэ хүүхдийг өсгөх амьдралын ямар ч боломж байхгүй. Тиймээс хаяхаар шийдсэн” гэж хээв нэг тайлбар өгсөн байдаг.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=