МОНГОЛООР ДАМЖИЖ АМЬД ҮЛДСЭН УМАРД СОЛОНГОСЫН ДҮРВЭГСЭД



Кино урлагийн зах зээлд өөрийн байр суурийг хэдийнэ олсон БНСУ-ын “Амьдралын зөрлөг” кино 2002 онд Берлиний кино наадамд дэвшиж, бас Зүүн Азийн кино наадмаас хэд хэдэн шагнал хүртэж байсан юм. “Амьдралын зөрлөг” кинонд Умард Солонгосын хөл бөмбөгчин асан залуу эх орноосоо дүрвэж Хятад руу гарч байгаа. Эцгийнхээ араас өнчин хоцорсон хүү нь хятадын хойд хилийг хууль бусаар нэвтрэн Монгол улсын хилээр нэвтэрдэг тухай өгүүлнэ. Энэ бол уран сайхны хэтрүүлэг бус үнэн бодит кино юм. БНАСАУ нь 2000 онд манай улсыг Импералист Өмнөд Солонгостой найрамдалт харилцаа тогтоосон, тэр байтугай БНСУ-ын ерөн­хийлөгчийг 1999 онд эх орондоо урьсан гэдэг шалтгаанаар Элчин сайдын яамаа 3 жил татсан байдаг. Энэ хугацаанд Хятад руу нууцаар дүрвэж орсон умард солонгосчууд манай улсын дархан хилийг хууль бусаар хэд хэдэн удаа нэвтэрсэн баримт Тагнуулын ерөнхий газрын архивт хадгалагдан үлджээ. Хэрэв умардууд хятадын нутагт баригдах аваас буцаагаад нутаг руу нь буцаана. Харин монголын хилийг давж чадвал нэгэнт БНАСАУ-ын Элчин сайдын яам байхгүй болохоор БНСУ-ын яаманд хүлээлгэн өгч, эрх чөлөөт иргэн нь болдог байлаа. Нэг үгээр хойд солонгосчуудын хувьд Монгол Улс “авралын од”, “Диваажингийн үүд” нь байсан аж. Тагнуулын архивын мэдээнээс харвал 2000 оны хоёр удаагийн үйлдлээр Сүхбаатар аймаг, Сулинхээрийн I заставаар 12  солонгос иргэд, бага насны хүүхдийн хамт 2001 онд Дорнодын Авдархараатын VIII заставаар 19 солонгос иргэд хууль бусаар манай хилийг нэвтэрчээ. Дээрх 19 иргэний дунд бага насны 4 хүүхэд, 1 жирэмсэн эмэгтэй явсан байдаг. Үүний дараа 2002 онд Дорноговийн Хатанбулаг сумын III заставаар 7 эмэгтэй Монгол улсын хилийг зөрчсөн байна. Бас Замын-Үүдэд ачааны вагоноор 1 хүн цементэн дунд нуугдаж орж ирсэн баримт ч хадгалагджээ. Гурван жилийн хугацаанд нийтдээ 72 умард солонгосын иргэн манай улсаар дамжиж, Өмнөд Солонгос, Америк, Канад, Баруун европ, Австрали руу гарсан аж. Өдгөө Монголоор дамжиж гадаад руу гарсан хойд солонгосчуудын нийгэмлэг хүртэл байгуулагдаад амжжээ. Тэд гадаадын улс гүрнүүдээс хоорондоо цахим шуудангаар харьцаж, уулзаж Ардчилсан солонгос улсад өрнөж буй хүний эрхийг бүдүүлгээр зөрчих, хүчирхийлэх явдалтай тууштай тэмцэхээр шийджээ. Ингээд манай улсын хилээр дамжиж Австрали улс руу гарсан Киль Жүн И бүсгүйн яриаг хүргэж байна.
И бүсгүйн гэр бүл Сүн-Чонь хотоос холгүй Хионбёк тосгонд амьдарч байв. Хойд Солонгосын Сүн-Чонь бол Хятадын Дан-дон хоттой хамгийн ойрхон хот. И бол гэрийнхээ хамгийн сэргэлэн дээрээ хоёр эгч, доороо нэг эрэгтэй дүүтэй хамгийн бага охин нь байлаа. 1995 оноос хойш Ардчилсан Солонгос улс ерөнхийдөө өлсгөлөнд автсан. Нам төрийн удирдах албан тушаалтан, төр захиргааны байгууллагын ажилтан, цэргийн цолтой эрхэм биш бол өдөрт аяга будаа, эрдэнэ шишийн буцалсан шөлөөр амьдарна гэсэн үг. Улс тунхагласан, Ким Чен Ирийн төрсөн өдрөөр гахайн гэдсэнд чанасан хоолыг нэг удаа улсаас өгнө. Жилдээ энгийн солонгос хүн хоёр удаа л махан хоол идэж бусад үед хагас өлсгөлөнгөөр амьдарч таван жилийн нүүрийг үзжээ. Үүний улмаас И охины том эгч сүрьеэ өвчнөөр нас барав. Эцэг нь ходоодны шархаар нас барахдаа эхнэртээ “Киль овгийнхноос заавал нэгийг нь амьд үлдээх хэрэгтэй. И охинд арай илүү хоол өгч түүнийг эх орноосоо дүрвэхэд чадах чинээгээрээ тусла!” гэсэн аж. Нөхрийнхөө захиасыг биелүүлэхийн тулд И охиныг тусад нь хооллосоор 18 нас хүргээд өмнөд Солонгос руу дүрвүүлэхээр болжээ. Энэ үед хамгийн бага дүү нь хатгаагаар хорвоог орхиод удаагүй байлаа. Гэрээ орхиж, эх нутгаасаа дүрвэхээр шийдсэн охины хувьд заавал амьд гарах ёстой. Ямар үнээр ч хамаагүй эцэг эхийнхээ захиасыг биелүүлэн Киль овгоо авч үлдэхийн тулд Монголд нэвтрэх бэлтгэлээ хангаж эхлэв. Хожим Киль Жүн И дурсамжийн номондоо “Монголыг хүйтэн гэж сонсож байсан. Тэр чинээгээрээ дулаан хувцсаа бэлдэж байлаа. Гэхдээ Манжуураас цааш явахад үнэхээр хүйтэн санагдсан. Ямар ч уул, мод байхгүй Антарктид тивд очсон мэт сэтгэгдэл төрж, цэлийсэн зах хязгааргүй тал. Бидний 24 хүнийг энэ талаас хятадын цэргүүд амархан олно гэхээс маш их айж байлаа” гэсэн байдаг. И бүсгүй Буйр нуурийг хөндлөн гаталж Монголын хил рүү орсон тухайгаа “Бид бүтэн өдөр хөлдсөн нууран дээгүүр явсан. Тэнд цооног ухаж загас барьж идсэнээ хэзээ ч мартдаггүй. Их өлсөж байсан боловч загасны шөл уухад хамаг биений хөлс асгарч 40 хэмийн хүйтнийг мэдрэхээ больсон. Тийм том тавгаар амьдралдаа 2 удаа загасны дүүрэн шөл ууж, мах идье гэж мөрөөддөг байлаа. Мөрөөдөл маань тэгэхэд биелж миний хувь заяа түших юм шиг мэдрэмж төрж эхэлсэн. Анх Хятадын хилээс хөдлөхдөө 32 нутаг нэгтнүүд маань байсан. Бид шөнө нь явж гэгээ орж, үдшийн бүрий болтол жалга ганганд нуугдана. Ийм маягаар 2 сар явахдаа 3 нь үхэж 5 нь хятадын цагдаад баригдав Манжуур руу орж ирэхэд 24 хүн үлдсэн юм. Замдаа 3 хүүхэд, 1 өндөр настай хөгшин осгож нас барсан. Нэг нь цааш явж дийлэхгүй болсон тул амиа хорлосон. Ямар ч үнээр хамаагүй Монгол улсын хил рүү орох л чухал байлаа” гэсэн байдаг. Тэд 2001 оны нэгдүгээр сард 19-үүлээ Дорнодын VIII заставаар нэвтэрсэн аж. Монгол хэл мэдэхгүй учраас буруу зөрүү алдаатай кирилл үсгээр бичсэн пайз зүүсэн байв. Тэр пайзанд “Бид хойд солонгосоос дүрвэж яваа хүмүүс байна. Бид үр хүүхэд хань ижлээ алдаж, өлсөж ядарч зовсоор танай улсад ирлээ. Сайн санаат монголчууд та бүхэн бидэнд туслаач. Гуйж байна” гэсэн үг бичжээ. Монголын хилчид тэднийг баривчлан хилийн застав дээрээ хооллож, ундалж хонуулаад аймаг руугаа явуулав. Чойбалсан хотод хойд солонгосын иргэдийг саатуулах байранд хорьж, Тагнуулынхан мэдүүлэг  авч байцаана. Үүний дараа Улаанбаатарт хүргэж ирснээр БНСУ-ын элчин сайдын яаманд хүргэж өгсөн байна. Киль Жүн И бүсгүй болон хамт урт замыг туулан Монгол улсын хил рүү нэвтэрсэн 19 хүний тухай Өмнөд Солонгосын SBN телевиз нэвтрүүлэг хийж, тэднийг ярилцлаганд оруулжээ. Тэр нэвтрүүлгийг үзсэн БНСУ дахь Австралийн элчин сайдын яамнаас Киль Жүн И-г Австрали улсын иргэн болж тэнд амьдрах хүсэлт тавьжээ. Ийм саналаас бүсгүй яаж татгалзах билээ. Тэр өдгөө Австралийн Сидней хотод нөхөр, хүү, охинтой болчихсон өнөр өтгөн амьдарч яваа ажээ. Энэ хугацаанд Монголд 2 удаа наадмаар ирсэн И бүсгүй Дорнод аймагт очиж амарсан гэнэ.



Өмнөд Солонгост дүрвэсэн хойд солонгосчуудын тоо 2011 оны үетэй харьцуулахад 2014 онд бараг хоёр дахин цөөрсөн байна. Хойд Солонгосоос 2011 онд 2706 иргэн Өмнөд рүү дүрвэсэн бол 2012 онд 1508, 2012 онд 1207 иргэн, 2013 онд 857 хүн дүрвэжээ. Дүрвэсэн иргэд бараг бүгдээрээ Хятадаар дамжин Өмнөдөд очсон байна. Хүний эрхийг хамгаалагчдын үзэж байгаагаар Хойд Солонгос хилийн хамгаалалтаа сайжруулснаас гадна хил давах гэсэн оролдлогыг шийтгэх арга хэмжээг чангаруулсантай холбоотой дүрвэгчдийн тоо буурсан аж. Залуу удирдагч Ким Чен Ун хууль бусаар хил давах гэж оролдсон иргэдийг шууд буудах тушаал өгчээ. Хил давах гэсэн дүрвэгч 5000 ам.доллартай байж, мөнгөнийхээ хагасыг хил хамгаалалтын албан хаагчид авилгал маягаар өгдөг гэсэн мэдээлэл байна. Тэгвэл Монголын хилээр орж ирэх тохиолдолд дор хаяж 10 мянга орчим доллар зарцуулагдах бололтой. Гэвч энэ бол баттай мэдээлэл биш юм. Яагаад гэвэл умард солонгосын иргэдэд ийм их мөнгө гар дээр нь байх учиргүй. 1998 оноос хойш Өмнөд Солонгост 24613 хойд солонгосчууд дүрвэн гарсан гэнэ.
Монголын хилийг хууль бусаар нэвтэрч орсон Ким Пак Чоль гэх залуу өнөөдөр Сөүлд хотод томоохон бизнес эрхлэн амьдардаг ажээ. Тэр 2002 оны долдугаар сард Замын-Үүдийн боомтоор ачааны вагонд нуугдан орж ирсэн байна. Чоль нь ачааны вагоны задгай нүүрсэн дотор бүтэн 2 хоног бүгчим халуун орчинд нуугдаж, Замын-Үүдэд хүрсэн тухайгаа хожим гадны сэтгүүлчдэд ярьсан байдаг. Замын-Үүдийн Тагнуулын ажилтнууд түүнийг баривчлан Улаанбаатарт хүргэсэн бөгөөд хуучин НАХЯ-ны хонгилд Чолийг 14 хоног сэжиглэн хорьж, шалгасны хүчинд дүрвэгч гэж үзээд БНСУ-ын элчин сайдын  яамны ажилтанд хүлээлгэн өгчээ. Чоль Жин-Еэньиэс задгай цемент ачсан вагонд нуугдаж суухдаа хятадын цагдаад 3000 юанийн хахууль өгсөн байна. Яагаад Чоль ганцаараа монголын хилийг нэвтэрсэн тухай ийнхүү сонин түүхийг хүүрнэсэн юм.
2001 онд Хятадад хууль бусаар амьдардаг Солонгосчуудыг Бээжинд “Сайн мэдээ” тараадаг Чой гэх өмнөд солонгосын номлогч нэг дор цуглуулжээ. Тэнд гурван сар орчим Христийн номлол заалгаж байгаад 2001 оны аравдугаар сард Хятадын хилээр Чойгийн заавраар 14 умард солонгосын иргэн нууцаар давах гэж байгаад баригдсан. Тэднийг авч явсан Чой номлогчоос бусдыг нь хятадын хилийн цэргийнхэн баривчлан застав дээрээ авчирчээ. Энэ хооронд Чоль зугтаж чадсан азтай нэгэн юм. Эзгүй хээр талаар бүтэн хоёр хоног зогсолтгүй гүйсэн залуу харангадаж үхдэгийн даваан дээр Өвөрмонгол айлын бараа харжээ. Нүүдэлчин монгол хүний сайхан сэтгэлийн ач буянаар Чоль эргээд Бээжинд ирсэн бөгөөд тэнд 8 сар ажиллаж чамгүй мөнгө хураасан гэнэ. Ямар ч үнэ хөлсөөр хамаагүй Монгол Улсын хилийг нэвтрэхийн тулд умард солонгос залуу даагаа нэхсэн аж.
Хойд Солонгост төрсөн Пак Жи Хен гэгч эмэгтэйн түүх бүр ч эмгэнэлтэй. 1990-ээд онд Умард Солонгост өлсгөлөн нүүрлэж, үүний улмаас сая орчим хүн нас барсан гэх мэдээлэл байдаг. Тэр үеэр түүний гэр бүлийнхэн дүрвэн зугатсан хэдий ч хэзээ мөдгүй болсон өвчтэй эцгээ асрахын тулд Пак Жи Хен эх орондоо үлджээ. Бүсгүй эцгийнхээ сүүлчийн гуйлтыг биелүүлэхээр хүйтэн өрөөнд нь ганцааранг нь хучиж орхиод солих хувцас, аяга будаа хажууд нь үлдээгээд эх орноосоо дүрвэсэн юм” хэмээн тэрбээр гунигт дурсамжаа эргэн өгүүлжээ. Умард Солонгос даяар нүүрлэсэн өлсгөлөнгөөс амьд гарахын тулд Жи Хен болон түүний ах хууль бусаар хил давуулагчдын тусламжтайгаар Хятад руу гарч чаджээ. Гэвч тэнд тэдний хүссэн аз жаргал бас ирсэнгүй. Тэд Хятадад нэгэн айлд хоёр долоо хоног орчим амьдарчээ. Гэтэл “Чи үнэхээр гэр бүлээ сайн сайхан амьдруулъя гэж бодож байгаа бол хятад нөхөртэй гэрлэ” гэсэн шаардлагыг залуу бүсгүйд тулгажээ. Хэрэв татгалзвал гэр бүлийнхнийг маань эргээд Солонгос руу албадан хүргэж өгнө хэмээн заналхийлсэн учир зөвшөөрөхөөс өөр сонголт түүнд байсангүй. Ийнхүү тэрбээр хятад нөхөртэй толгой холбожээ.
“Намайг нөхөр болох хүн маань 5000 юаниар худалдаж авсан. Энэ нь Их Британийн 500 орчим фунттэй тэнцэх хэмжээний мөнгө.   Би чамайг худалдаж авсан болохоор чи миний юу хэлсэн бүхнийг гүйцэлдүүлэх ёстой хэмээн мөнөөх худалдаж авсан эр маань шахаж шаарддаг байлаа. Хэрэв чи жижигхэн зүйл дээр ч дуулгаваргүй байх юм бол чамайг дарга нарт хэлж баривчлуулна. Чамайг би алчихвал хэн ч мэдэхгүй, энэ тухай хэн ч дурсахгүй өнгөрөх болно гэж заналхийлдэг байв.  Би жирэмсэн болсноо мэдсэнээс хойш өөрийгөө ямар ч хамгаалалтгүй, орь ганцаар үлджээ гэдгээ ухаарсан юм.  Миний амьдарч байсан гацааны ойролцоох толгод дээр  харуул хамгаалалтын пост байдаг байлаа. Энэ постын дарга нь  нэг удаа намайг хүсвэл /жирэмсэн гэдгийг маань мэдээгүй юм болов уу/ чи эндээ үлдэж болно  гэж хэлж байв. Ингээд удалгүй болдог юм болдгоороо болж, би хүйт даасан өрөөндөө гав ганцаархнаа 11 цагийн турш өвдөж шаналсны эцэст хүү төрүүлэв. Над дээр хэн ч ирсэнгүй. Яаж ийж байгааг минь асуух хүн ч байгаагүй.
Зургаан жилийн дараа Жи Хенийг орон нутгийн удирдлагууд олж мэдэж, Умард Солонгост эргүүлэн хүлээлгэж өгчээ. Тэр хүүгээ Хятадад үлдээхээс өөр аргагүй болсон байна. Хятадад баривчлагдаж эргэн ирсэн залуу ээжийг эх орон нь “эдийн засгийн дүрвэгч” хэмээн үзэж Хөдөлмөрийн лагерьт засан хүмүүжүүлэх ажил хийлгэхээр яллав. “Тэнд ажил нь хүнд, амьдрах нөхцөл малаас долоон дор. Уулын налууг тариалангийн талбай болгож засахаар хүмүүжигчид улаан гараараа хад чулуутай “ноцолддог” байлаа. Дол­дугаар сар гаргаад төмс хураах үеэр хаягдал жижиг төмсийг шавар шороотой нь холин байж түүхийгээр нь идэж гол зогооно. Үнэхээр тэвчихэд бэрхтэй. Умард Солонгос бол тэр аяараа аймшигт том шорон. Тэнд хүмүүс үргэлжийн мөнх өлөн зэлмүүн, тааралдсан болгоноороо улаан голоо залгуулна. Харх,  хулгана, могой, зэрлэг ургамал ч бараг үлдээгүй” хэмээн Жи Хен ярьжээ. Гай ганц энэ биш. Тэр энд ажиллаж байхдаа хөлөө гэмтээж түүнээсээ болж татранги өвчний халдвар авчээ. Өвчин нь хүндэрч ажил хийх байтугай явж сууж чадахаа болив. Иймд түүнийг суллахаас өөр аргагүй болов.  Өвчин хуучтай, цор ганцаар бүсгүй төрөлх хотдоо эргэн ирсэн ч орон гэр гэж байсангүй. Тэр хүүгээ санаж бэтгэрч байлаа. Хүүтэйгээ уулзахын тулд галд ч орохоос буцахгүй байсан бүсгүй  хил давуулдаг хүмүүсийн дэмжлэгтэйгээр дахин Хятад руу гарчээ Тэр хүүгээ анх хараад бараг нүдэндээ ч итгэсэнгүй. Хүүгийнх нь хүзүү толгой битүү хар шавар шавхай болчихсон, бүх биеийнх нь арьс хууларч байв. Тэр үнэхээр цочирджээ. Хүүд  эрдэнэ шишийн соустай будаанаас өөр хоол унд гэж байсангүй. “Хятадад үлдэх нь бидэнд аюултай байсан учраас Монгол руу гарахаар бэлтгэж эхэлсэн. Бид гэдэг нь 10 хүнээс бүрдсэн дүрвэгсдийн бяцхан баг байсан юм. Монголын хилийг зорьсон бид нар явганаар хил давах ёстой байв.  Хил дээр байх торон хашаа руу  би болон миний хүүгээс бусад нь авирч давж чадав. Гэтэл энэ үеэр хятадын  цагдаагийн машин бидэн рүү ойртон ирж байгаа нь харагдав.  Хэрэв би тэдэнд дахин баригдвал Умард Солонгос руу илгээгдэж хүүгээсээ үүрд сална  гэдгээ сайтар мэдэж байлаа. Гэтэл энэ үеэр хаанаас ч юм хэн нэгэн бид хоёр руу гүйж ирэхэд хятадын цагдаа хэмээн бодож ингээд бүх зүйл дууслаа хэмээн бүдэг бадагхан төсөөлөгдөв. Тэрбээр хүүг маань булаан авч мөрөн дээрээ суулгаад намайг хөтлөн гүйв. Тэр хилийн торон хашааны төмөр утсыг тасалж Монголын хил рүү амжиж гарсан юм. Монголын хил дээр ийн тусалж хүү бид хоёрыг аварсан үл таних тэр хүнийг би ямагт сайнаар дурсан санаж явдаг.  Монгол Улс руу нэвтэрч чадсанаар бидэнд амьдралын айх аюулгүй шинэ зам, шинэ боломж нээгдсэн” хэмээн Жи Хен дурсан өгүүлжээ.  Тэрээр эдүгээ Их Британийн Манчестер хотод ажиллаж амьдарч байна. Айл гэрийн амьдрал зохиож ам бүл нэмжээ.  
2002 онд Дорноговийн хилээр нэвтэрч Монгол улсад орж ирсэн хэсэг дүрвэгсдийн нэг нь Шим Сунг Соб байлаа. Энэ залуу 2003 онд БНСУ-ын иргэн болсон. Тэрбээр сэтгүүлч, утга зохиолчийн мэргэжил эзэмшиж, Хойд Солонгосын үнэн түүхийг өгүүлсэн хэд хэдэн ном хэвлүүлэн гаргажээ. Шим Сунг Соб нь өдгөө 36 настай бөгөөд Умард солонгосын өлсгөлөнгийн тухай ийнхүү бичжээ.
“Аав ээж хоёр маань Хам Хөн хотын намын хороонд ажиллаж байсан юм. Гэвч тэднийг нэг л өдөр намын эсэргүү, тэрс үзэлтэн гэдгээр Хөдөлмөрийн хорих лагерьт аваачиж, намайг 16 настай байхад хүүхэд асран хүмүүжүүлэх хөдөлмөрийн сургууль руу дүүгийн маань хамт явуулсан. Тэнд очсон өдрөөсөө хойш би Солонгосоос оргож, Өмнөд рүү гарах бодол төрсөн юм. Дүү охин минь асрамжийн газар очоод сэтгэл санаагаар унаж, удалгүй элэгний хорт хавдраар нас барсан. Би 18 нас хүртлээ асрамжийн газар хөдөлмөр эрхэлж байгаад дараа нь цэрэгт явсан. Тэр үед азаар намайг хятадын хилийн застав дээр тавилаа. Солонгос тэр чигээрээ өлсгөлөнд автаж байсан болохоор дүрвэгсэд өдөр болгон хил зөрчинө. Дүрвэгсэд хятадын хил рүү нэвтрэхээсээ өмнө л умард солонгосын цэргийн суманд оногдож нас барна. Эсвэл хятадаас баригдаж ирээд хилийн цэргүүд, застав дээр аймшигтай зодуулж тамлуулна. Эх орноосоо урвасан гэдгээр хамгийн хүнд шийтгэлийг ноогдуулдаг байлаа. Гэвч би оргох бодлоосоо ухраагүй бөгөөд 2002 оны 11 сард Хятадын хилд хүрч чадсан гэжээ. Шим Сунг Соб ганцаараа Хятадаар дамжин явсаар Бээжинд очсон байна. Тэнд интернэтээр харьцсаар өөр шигээ хойд солонгосын дүрвэгсдийг олж уулзжээ. Яг л Жи Хен бүсгүйн адил хятадын нутгийг сар гаруй явган туулсаар Монголын хилд орж чадсан цөөн хүний нэг ажээ. Түүний умард Солонгосын талаар бичсэн номонд,
..Хөдөө аж ахуйн бүс нутагт өлсгөлөнд нэрвэгдэж, 10 мянга гаруй хүн амиа алджээ. Өлбөрч үхэхгүйн тулд тэднийг булш ухан, хүүрээр хооллож, хүүхдүүдийг хөнөөж буй хэрэг солонгос хаа сайгүй гардаг байлаа. Энэ бол бодит явдал. Хатуу чанга дэглэмтэй, хүний эрх, эрх чөлөөг уландаа гишгэлсэн Хойд Солонгост өнөөдөр хүн хүнийхээ махыг идэх каннибализм дэлгэрч байгаа нь нууц биш юм. Хүнсний хомсдол, өлсгөлөнд нэрвэгдсэн улсад эцэг нь аяга хоолны төлөө хоёр хүүхдээ хөнөөсөн аймшигт хэрэг гарч байлаа. Ард иргэд нь өлсгөлөнд нэрвэгдэж, байдал ийм дээрээ тулсан ч Умардын залуу удирдагч Ким Чен Ун хоёр ч удаа пуужин хөөргөж, их хэмжээний мөнгөөр “тоглов”. Ард иргэд нь фермер, хөдөө аж ахуйгаар амь зогоодог Хойд болон Өмнөд Хванхэ мужид өлсгөлөнгийн улмаас 8 мянга гаруй хүн амиа алдлаа. Эрх баригчид нь жирийн иргэдээс хоол хүнсийг нь хураан авч, дээр нь ган гачигт нэрвэгдсэн тул аяга хоолны төлөөх тэмцэл эцэстээ хүний амиар үнэлэгдэх хэмжээнд очоод байна” хэмээн Шим зохиолч бичсэн байдаг. Гэвч энэ талаар Ардчилсан Солонгосын зүгээс эрс няцааж “Манай улсад өлсгөлөн гуйланчлал байхгүй” гэжээ.
Умард Солонгост ажиллаж буй “Asia Press” агентлагийн нууц сурвалжлагчийн “Sunday Times” сонинд мэдээлснээр хөгшин эр өлбөрч үхэхгүйн тулд нас барсан ач хүүгийнхээ булшийг ухаж, хүүрээр нь хоолложээ. Өөр бас төрсөн үрээ хөнөөж, чанаж идсэн хэрэг ч гарсан байна.Өнгөрсөн оны тавдугаар сард манай тосгонд нэгэн эр өөрийн хоёр хүүхдээ хөнөөгөөд, тэднийг идэх гэж байгаад баригдсан. Түүнийг буугаар шүршиж, цаазалсан. Нууц мэдээлэгч ийн мэдээлжээ. Түүний хэлснээр нэгэн эр эхнэрийнхээ эзгүйд том охиноо хөнөөгөөд, дараа нь хүүгээ ч мөн алжээ. Учир нь хүү нь эцгийнхээ аллагын гэрч болсон гэнэ. Эхнэрээ ирэхэд нь нөхөр нь “Бид олон хоног идэх махтай болсон” гэсээр угтжээ. Гэвч эхнэрт нь түүний энэ байдал ихэд хачирхалтай санагдсан тул цагдаагийн байгууллагад хандсанаар тэд хүүхдүүдийнхээ биеийн хэсгүүдийг олж, илрүүлсэн гэнэ. Хойд Солонгос дахь шоронгийн кэмпийн сүлжээнд зурагт үзүүлсэнчлэн 22 кэмп багтдаг аж. Тэдгээр хорих ангиудад нийт 50 мянга гаруй хүн хоригдож байна. Тэдний мөрөөдөл бол Хятадаар дамжин Монгол руу нэвтрэх бөгөөд боломж л гарвал энэ шоронгоосоо оргох оролдлогыг хийдэг.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=