ЭХИЙГЭЭ АВРАХЫН ТУЛД ГУРВАН ОРГОДЛЫГ ХӨНӨӨСӨН ХҮҮ



1985 оны хавар цагдан сэргийлэх байгууллагад нэг эмэгтэй бусдад хүчиндүүллээ гэж гомдол гаргажээ. Мөн тэр шөнө нэг машин байрныхаа гаднаас алдагдсан гэх мэдээлэл ирэв. Хэргийг шалгах явцад гурван залуу машин хулгайлж, гэмт хэрэг үйлдсэн болох нь тодорхой болсон байна. Хэргийн талаар хохирогч эмэгтэй ийн ярьжээ. Тэрбээр үе тэнгийн хүүхнүүдтэй наргиж цэнгэн орой 22 цагийн үед гэртээ харихаар зам дагуу гараа өргөн зогсч байв. Нийслэлд тэр үед такси ховор, хувийн машинтай хүмүүс бие биедээ тусалж үдэш орой ганц нэгээрээ яваад нэгнийгээ үнэ хөлсгүй хүргэдэг байсан цаг. Тэгтэл улаан өнгийн “Лада” машин зогсоход бүсгүй баярлан мөнөөх машинд суугаад нэгдүгээр хороолол орохоор болжээ. Машинд гурван залуу сууж байсан бөгөөд тэдний амнаас архи сэнгэнэхийг бүсгүй анзаарсан байна. Соц үед машины түгжрэл энэ тэр байхгүй болохоор машин Гэсэр сүмээс хормын төдий л нэгдүгээр хороололд хүрээд ирэв. Гэвч бүсгүйг тэд буулгасангүй. Тэрбээр “Хүүе, би ирэх газраа ирчихлээ, бууя” гэвэл гурван залуугийн нэг, хүйтэн царайтай, хацартаа сорвитой эр “Хаана буулгахаа бид гурав мэдье. Харин чи биднийг сайхан жаргаахаа мартав даа” гээд цааш авч давхив. Түүнийг орилоход хажууд нь суусан шар залуу хацар луу нь тас хийтэл алгадаад “Дуугүй байхгүй бол хохь чинь шүү!” гэжээ. Ингээд эзгүй хээр аваачаад бүсгүйг ээлжлэн хүчиндээд зогсохгүй, ээмэг, бөгж, мөнгийг нь дээрэмдээд хэргийн газар орхиод зугтаажээ.
Хэргийн эзэд хэн байсан бэ?
Цолмон, Гантулга, Баярсайхан гэдэг гурван залуу гэмт хэрэг үйлдэн Амгалангийн шоронд ял эдэлж байлаа. Түрүүчээсээ удахгүй суллагдах гэж байсан аж. Амгалангийн хорихын хоригдлууд тэр үед гуравдугаар дунд сургуулийн ар талын таван давхар нийтийн орон сууцны барилга дээр ажиллаж байв. Гантулга бол рецедив хулгайч байсан бөгөөд тэрбээр найздаа архи захин авчруулаад гал хам Баярсайхан, Цолмонтой цуг нэг шил архи хувааж уужээ. Хоригдлууд барилгын хашаан дотор модон вагончик дотор байрлаж байв. Уусан архи нь хоригдлуудын доод улаан хоолой руу шууд орсон бололтой. Гантулга “Ахиад яаж ганц шил архи олох вэ?” гэхэд нөгөө хоёр нь “Харуул өнөөдөр гэр лүүгээ явсан. Шөнө сэмхэн зэсэнд гарч гадуур жаахан сахилгагүйтэх уу?” гэв. Ингээд тэд үүр шөнийн заагаар ажлын байрнаасаа сэмхэн гарчээ. Хагсарсан гэмт хэрэгтнүүд үдэш гарч машин хулгайлж, бүсгүйг хүчирхийлчихээд шөнөдөө барилгын хашаа даван орсон учир хэн ч мэдсэнгүй. Цагдан сэргийлэхийнхэнд хэргийн сэжүүр олдсонгүй тул баахан таамаг дэвшүүлэн шалгах ажлаа эхлүүлэв. Өнөө шөнө дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэсэн таамгийг цагдаагийнхан дэвшүүлсэн нь алдаа болов. Нөгөө гурван хоригдол ахиад л хашаа даван гарч, машин олохоор алхав. Нэг хашааны мухарт УАЗ-469 байгааг хараад учиргүй баярлав. Гантулга түлхүүргүйгээр машин асаахдаа гаршсан хулгар учир машиныг асаагаад хотын төв рүү хөдлөв. Орой болсон учир тэдэнд “олз” болгочих хүүхэн шуухан олдсонгүй. Хайж давхисаар замын хажуугаар нэгэн охин алхаж буйг анзаарав. Түүнийг харсан гэмтнүүд шүлсээ асгаруулан, шууд ноцон дайрахад бэлэн болов. Цолмон “Жаахан хүүхэн байна, энүүгээр яадаг юм бэ?” гэхэд нөгөө хоёр дүүрсэн ялтан “Одоо гэгээ орлоо. Өөр хүүхэн хаанаас олох гээв. Наадах чинь бараг хүүхэн болчихсон л байгаа” гээд охиныг шууд машиндаа чирч оруулав. Охины бүх хувцсыг тайлах зуур гэнэт цагдаагийн машин улаан гэрлээ асаасаар гараад ирэв. Тэд зугтлаа. Даландавхарын ойролцоо очоод цагдаагийнхнаас бултаж амжив. Охиныг хүчирхийлэх гэсэн боловч нэг л болж өгөхгүй болохоор түүнийг зодоод, машиндаа үлдээжээ. Ингээд явган гүйцгээж, өөр машин олж унаад замаасаа дэлгүүр ухан хиам, чихэр, ундаа аваад барилгын хэсэг рүүгээ оджээ.
Гэмт хэргийн талаарх мэдээ бас л цагдан сэргийлэхэд ирэв. Хайх ажиллагаа үргэлжилсээр. Эцэст нь шорон луу анхаарлаа хандуулж эхлэв. Бүх хорих ангийн дарга нарт мэдэгдэл явуулж анхааралтай байж, харуул хамгаалалтаа чангатгахыг сануулав. Хорих ангийн харуул хамгаалалт чангарч, гэрэлтүүлэг нэмэгдэж буйг тэд анзааран, шалгах ажил эхэлснийг гэмт этгээдүүд битүүхэндээ мэдсэн байна. Төдөлгүй Амгалангийн хорих анги барилгын хэсгүүдээ татаж, Гантулга, Цолмон, Баярсайхан гурав ч битүү цоожинд оров. Гэхдээ тэдний хувьд шоронгийн хашаа даваад дахин хүчингийн хэрэг үйлдэж, хулгай, дээрэм хийхгүй бол нойр нь хүрэхгүй байсан бололтой. Амташсан хэрээ арван гурав дахина гэдэг дээ. Ингээд сарын дараа Гантулгаар ахлуулсан гурван хоригдол Хорих-421 дүгээр ангийн арын хашааг даван, наранд гарч ирэв. Хотын гудамжаар алхан машин хайж явахдаа нэгэн эзэнгүй машиныг онцолж, цонхыг нь хагалж унаад хөдлөв. Цаг орой болсон учир охид бүсгүйчүүд харагдсангүй. Орон сууцны дундуур явлаа. Гэтэл ахимаг насны нэг эмэгтэй тор дүүрэн зүйл барьчихсан алхаж яваа харагдав. Тэд хаалгаа онгойлгон “Эгчээ, аравдугаар байр хаана билээ?” гэхэд “Энэ байрны урд талд нь байгаа. Эндээс харагдахгүй байна” гэхэд нь “Та суугаад яваач. Бид хүргээд өгье” гэхэд эмэгтэй “Юун сайн хүүхдүүд вэ?” гээд машинд суужээ. Гэтэл машин өөр тийшээ бүр хотын зах руу авч давхихад эмэгтэй учрыг нь мэдэн нэгнийх нь толгойг эргэтэл алгадав. Гэмтнүүд уурлан машинаа зогсоон, эмэгтэйг хүчирхийлэхээр дайрав. Гэвч тэр эмэгтэй мөнөөх хоёр хоригдлыг мөргөлдүүлж, нэгийг нь түлхэж унаган, өөртөө ойртуулах шинж алга. Хүч тэнхээ ихтэй, том чацтай эмэгтэй байсныг мэдсэн тэд “Хөгшин авгай” хэмээн элдэв муухайгаар хараасаар хэргийн газраас холджээ.
Цагдаагийн газарт машинаа алдлаа гэх дуудлага ирээд удаагүй байтал хүчингийн хэргийн хохирогч болох шахлаа гэсээр биерхүү эмэгтэй орж ирэв. Хэсэг хүмүүс бүлэглэн давтан гэмт хэрэг үйлдээд байгаа нь хэнд ч ойлгомжтой болов. Хотоос холгүй байх хорих ангийн гурван хоригдол оройн тоонд байсангүй гэх мэдээлэл ирсэн ч өглөө нь орондоо унтаж байх нь тэр. Шоронгоос гарах боломжгүй гэдэгт бат итгэсэн ангийн дарга нь “Та нар дутуу тоолсон байна” хэмээн хуягууддаа хариуцлага тооцсон болоод өнгөрчээ. Харуул хамгаалалт эрс чангарч, өдөртөө төдийгүй шөнөдөө тоо авдаг болсон учир гэмт хэрэгтнүүд гарах боломжгүй тав хонолоо. Тэсвэр алдсан гурав зургаа дахь өдрийн орой бэлтгэсэн нүхээрээ гарч, цааш зоны хашаа даван гарч ирэв. Бүрий тасарсан хойно нэг байрны гадаа ГАЗ-24 машинд нэг хүүхэн, арав орчим насны хүүтэйгээ хэн нэгнийг хүлээн сууж байлаа. Тэд шууд очиж машиныг нь жолоодон авч зугтав. Нөхөр нь гэрээсээ гарч ирээд машинаа байхгүйг хараад хүүгээ ойр зуур явсан байх хэмээн бодоод гэртээ буцаж оржээ. Тэрбээр яаманд ажилладаг, хөрөнгө мөнгө элбэгтэй нэгэн. Ганц хүүгээ багаас нь машин жолоодож сургасан аж. Хүү нь ч машин жолоодох хоббийтой учир ойр зуур чадмаг жолоодон явдаг байна.
Бүсгүй айж сандран уйлсан ч тэд алгадаж айлган сүрдүүлэв. Туул голын бургасанд аваачин хүүгийнх нь нүдэн дээр эхийг нь ээлжлэн хүчинджээ. Тэд “Одоо би, миний ээлж болчихоод байна, чи яасан уддаг юм бэ?” хэмээн бүсгүй рүү ноцон дайрах зуур гэнэт машин хөдөлж өмдөө татах завдал өгөлгүй нэгийг нь дайрч орхив. Ухрахдаа нөгөөх хоригдлыг бас мөргөв. Ээжийгээ авч зугтахдаа бас нэг хоригдлыг мөргөөд давхин одов. Хүү ойр зуурхан яваад ирдэг ч энэ удаа их удсанд гайхсан аав нь байрныхаа гадаа хүлээж суутал эхнэр, хүү нь давхиад ирэв. Эхнэр нь уйлж, хамаг хувцас нь урагдан хацрыг нь дагаад цус гоожсон байх нь тэр. Юу болсныг эхнэрээсээ сонсоод хэн ч хараагүй гэдэгт итгэн нам дарахаар шийджээ. Нөхөр нь өөрийн нэрээ цэвэр авч үлдэхийг хичээн ийн шийдсэн хэрэг.
Тэр үед үхрээ хайж явсан эмгэн гурван хүн цус нөжиндөө хутгалдан ухаангүй хэвтэж байгааг хараад сэргийлэх дуудав. Ингээд хэргийн газар ирсэн цагдаагийнхан эмэгтэй хүний хөхөвч, урагдсан цамц, өрөөсөн гутал зэргийг олж шалгаснаар удаа дараа гэмт хэрэг үйлдсэн хүмүүс мөн болохыг төвөггүй мэджээ. Харин хохирогчид яагаад цагдаад хандахгүй байгаа нь тодорхойгүй. Гэсэн ч хайсаар байлаа. Хэргийн газраас зүүр хэсэгтээ бага зэрэг цус болсон өрөөсөн алтан ээмэг олдлоо. Шинжлүүлэхэд хоёрдугаар бүлгийн цустай эмэгтэй болох нь тогтоогдов. Бүх газарт анхааралтай байхыг сануулан нийслэлийн хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг эхлүүлжээ. Хэрэг гарснаас бараг сарын дараа нэг эмэгтэй өрөөсөн алтан ээмгээ бөгж хийлгэхээр дарханы газар очлоо гэх мэдээлэл ирэв. Эмэгтэйн зүүн чих сэтэрч, оёулсан нь илт. Нөхөр нь ГАЗ-24 машинтай бөгөөд хэргийн газраас олдсон дугуйны хээтэй таарч байлаа. Ингээд гэмт хэргийн хохирогч, мөн гурван хүнийг мөргөж, амийг нь хөнөөсөн хүүг олов. Нөхөр нь яагаад цагдаад хэлээгүй учраа ч хэлэв. Ээжийгээ хамгаалан онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг хөнөөсөн арван настай жаал хүүг тэр үеийн шүүх буруутан этгээд гэж үзсэнгүй.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=