....Ганцаараа “нам засаг”-ийн үүргийг гүйцэтгэгч Ю.Цэдэнбал монарх дарангуйлагч болон хувирч шүүмжлэгчдийг дур зоргоороо ажлаас халах, намаас хөөх, цөлөх, элдэв зохиомол гүтгэлэг явуулах, нутаг ус, архи ба арын хаалгаар асуудлыг шийдэх нь газар авлаа. Бялдуучид долигнуур хэсэг нь Ю.Цэдэнбалыг магтан сайшаах нь амны уншлага болов. Нутаг нугын үзэл гэгч Ю.Цэдэнбалын үед хавтгайрлаа. Увс аймаг, дөрвөд, баяд хүн бол ажлын туршлага, боловсрол мэдлэг хамаарахгүй шууд дарга даамал, удирдах албан тушаал хашиж байна. Ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөө хөсөр хаягдлаа. Ю.Цэдэнбалыг бурханчлан шүтэгчид үзэхдээ түүний оронд тавих хүнгүй гэж Монголын ард түмнийг басамжилж байна. Хэрэв Ю.Цэдэнбал үзвэл (Зөвхөн энэ л Самбууг яллахад хангалттай. Юун үхвэл гэж хэлэх, бичих байтугай хэдхэн жилийн өмнө түүнийг өвдлөө, архи их ууж байна гэж хэлсэн Чойжамц гэдэг оюутныг 8 жил шоронд хорьж, үхүүлсэн байдаг) оронд нь орос дарга ирж биднийг захирах болж байна уу? Ю.Цэдэнбалаас нам, төрийн тушаалыг салгаж оронд нь амьдрал мэдэх хүнийг тавих нь зүйтэй байна. Орос, Хятадад үлэмжхэн хэмжээний валютын өртэй болохыг хүн амд хувааж үзэхэд нэг хүнд мянгаад алтан рубль, юаниар ногдож байна. Малын тоо толгой жил дараалан хорогдон хорогдсоор 20 сая хүрэхтэй үгүйтэй болж, малыг шинжлэх ухааны ямар ч үндэслэлгүйгээр хавтгайруулан эрлийзжүүлэн үүлдэр угсааг доройтуулан мал аж ахуйг сүйрэлд оруулаад байгаа ба малчдад мал маллах сонирхолгүй болж, төв суурин газрыг эрэн тэмүүлэх, “ялт” малаас салахсан гэж бүхий л арга ухаанаа төвлөрүүлэх боллоо. Үлдсэн цөөнх нь өндөр настай болсон ба бурцеллёз өвчинд нэрвэгдэж хөдөлмөрийн чадвараа алдаж байна. Нөгөө хэсэг нь нэгдлийн малыг албан шаалтаар авч тэтгээрийн нийгмийн байдал доройтож, соёл ахуйн наад захын хангамжгүй, хувцас хунаргүй, гэрийн бүрээсгүй болж малчдад нь бөөс, хамуунд нь баригдаж байгаа ба малынхаа мах ноос, арьс шир, албан татварыг өндөр тарифаар бүрэн төлөөгүйн төлөө шоронд олноороо хоригдож чухамдаа бүдүүлгээр тамлагдаж байгаа нь илэрхий байна” гэсэн байна.
Энэхүү захидалд дурьдсан “Амьдрал мэдэх хүнийг” гэдэг үгийг онцлон анхаармаар санагдана. Хаанаас энэ хүний эсэргүү толгойд ийм бодол орж ирнэ вэ? Д.Самбуу гуайг байцаасан явцын тухай болон гяндангийн амьдралаа өөрөө тодорхой ярьсан байх бөгөөд тэнд шоронгийн Балжирын Аюушжав Д.Самбууд нэг удаа ийнхүү ярьжээ. Шоронд Моголцог, Гэнэн, “Бүдүүн” Дулмаа мэтийн юу ч хийхээс сийхгүй аймшигт хүмүүс бий. До яам бол тэд мэтийн хүмүүсийг ашиглан өөрийн байнгын хараа хяналтандаа чам шиг юмнуудыг үгүй хийлгэдэг. Зарим хүмүүстэй хамтран хулгай дээрэм хийлгээд тэднийг баривчлуулж (яг л центрпоинтын хэрэг шиг) шийтгүүлдэг бөгөөд өөрсдөө мултран үлддэг. Хэрэв гарцаагүй баригдвал шийтгүүлсэн ч шоронгоос тэр дорхноо гардаг. Мөн энэ мэт хэзээ ч засрахгүй гэмт хэрэгтнүүдтэй НАХЯ-ны төлөөлөгчид хэрэг наймаалцаж хүссэн нэгнээ үгүй хийлгэдэг болсон. Хэрэв хэрэгцээтэй гэж үзвэл хор өгдөг ч удаа бий. Бас тэр мэтийн хүмүүсийг аймаг хотуудад өндөр цалин өгч томилон явуулж тэнд хоригдож, мөрдөгдөж байгаа хүмүүсийг тагнаж туршуулдаг. Эрүүдэн тамлуулж хэрэг хүлээлгэж үүрүүлдэг!” гэж ихэд аминчлан өчжээ. Энэ нь хоёр талтай. Нэгт үнэн байж болох. Хоёрт сэтгэлээр үхүүлэх гэж ийм яриа гаргасан. Чингэхдээ нэг тодорхой үнэн бол тухайн үеийн амьдралд байсан үнэнийг л өгүүлсэн хэрэг. Энд нэг анхаарал татмаар зүйл нь Моголцог, Шинжээ, Басан, Гэнэн гэдэг дөрвөд нэрүүд сонирхолтой сонсогдож байгаа юм. Тийм гэмт хэрэгтнүүд байгаад тэд эрүүгээс “улс төр”-д дэвшсэн байхыг үгүйсгэх арга алга. Төв хороонд Цэдэнбал даналзаад, Төв цэнгэлэхэд Баянмөнх дэвээд, Төв театрт Түмэндэмбэрэл дуулна, Түрэмгий улаан автобусанд Моголцог даналзаад” гэдэг үг далаад онд моодонд орж байв. "Балиус" Басан гэдэг дөрвөд "Бал даргыг байхад Балиус Басан бааварлана!" гэж шоронд даналзаж байсныг тэр үеийн хулгарууд ярьдаг. Энэ этгээд жирэмсэн эмэгтэйг хөнөөсөн атлаа 6 жилийн ял, хотод айл ухаж байгаад эзэнтэй нь халж таарчихсан. Энэ үед Басан гэрийн эзний цээжинд хутгалж газар дээр нь хөнөөсөн атлаа шоронд 5 жил суугаад суллагдсан байх жишээтэй. Харин бүх яамдын нэг орлогч сайд Увсынх байсан нь улс төрийн үнэн юм шүү. Тийм учраас улс төрийн энэ ерөнхий бодлого “шорон” гуайд байгаагүй гэхийн арга алга. Тэгэх тусмаа улс төрийн шорон-өөрөө Ю.Цэдэнбалын захиалга байсан түүхийн үнэнийг яалтай билээ. Тухайн үед Засан хүмүүжүүлэх газрын дарга, орлогч цугаараа Увс, Ховдын уугуул хүмүүс бүлгэрхэн ноёлж байв.
Д.Лхамжавын хэлсэн нэгэн үг.
Лхамжав энд нөхрөө барьж өгөөгүй. Тэр нэгэнт илэрхий хийчихсэн үнэн байсан. Ийнхүү Самбуу эмч “БНМАУ-ын нийгэм улс төрийн байгууллыг гутаах ухуулга тараасан” зүйл ангиар 4 жилийн ял авч, 2 жилийг гянданд, 2-ыг хорих ангид эдлэхээр шийтгүүлсэн юм. Дээр нь 3 жилийг цөллөг, 25 жилийн хараа хяналт, мөрдлөг мөшгөлөг, 2 удаагийн амийг нь хөнөөх оролдлого юу эсийг туулав даа. Өөрөө ч дүүрэн хэрэг “эсэргүү” нар нэгээр хорогдвол улс оронд хэрэгтэй биз. Харин өөрийг нь цөлсөн атлаа тэнд зохиомлоор “нууц амрагтай” болгож хүний амь хорлосон гүжирт унагах гээд бүтэхгүй болохоор эхнэрийг нь УАЗ-469 машинаар дайрах гэж хөөгөөд тэр нь олны дэмээр амьд мэнд хэлтэрсэн нь арай дэндсэн баймаар. Энэ явдлаас үүдээд зарга үүсгэх юм болтол НАХЯ-ны ажлын арга технологийг сайн мэдэх нэгэн танил цагдан сэргийлэхийн ахмад нь “Тэр машины номер дугаар хуурамч. До яаманд чухал ажлаар ирсэн орос хүн буюу өөр эрх дархлагдсан хүн ажил явдлаа дуусгасны дараа буцаж ирээд хуучин дугаарыг нь зүүгээд орхидог. Тэр машин чинь яамны машин байгаа юм” гэснээр мухардсан. “Эсэргүү” Самбууг онцгойлон их оролдоод байсны учир нь өөрт нь заяасан зан чанарт байсан бололтой. Анх баригдаад ирэхэд нь байцааж байсан засангийн хурандаа Цэрэнбалжир гэгч:
-Чамайг халхын шоронд ясан дээр нөмөргөсөн арьс болгоно оо. “Чи муу Дөрвөд хүн хүн биш, дөрвөн шийр мах биш” гэж биднийг доромжилж явсан гэл үү хэмээн ташуурдан, бакельдаж байхад Самбуу ганц удаа “Ёо ёо, бууж өгье” гэж хэлээгүй гэдэг. Үүний дараа “Эсэргүү халхуудтай эвлэршгүй тэмцдэг” засангийн төлөөлөгч Цэрэндэжид 3 сард нэг удаа ирдэг эргэлтийг нь хурааж аваад шалганы байранд тортой нь цацаж орхижээ. Дотор нь унших хэдэн ном, 2 кг боорцог, хоол амтлагч перец, лаврын навч, татах тамхи, шүдэнз, оймс, дотуур өмд, багсарсан аврайн гурил, 1 кг элсэн чихэр л байж. Эргэлтээр ирсэн эд зүйлийнх нь дээрээс хромон гутлаараа дэвсэж юу ч үгүй үйрмэг болгочихоод “Чам шиг муу хулгайчийн эргэлтийг жилд нэг болгоно. Бал даргыг шүүмжилвэл бусад хулгайч нар харж ав!” хэмээн занаж байсан байх юм. Бүр наранд гарсан хойно нь цагдан сэргийлэх, До яамны төлөөлөгч өрөөндөө дуудаж авчраад өдөржин суулгах, хуруу гар луу нь цохих, гав дөнгө зүүж айлгах, буугаа сумлан цохионд нь тулгаж тохуурхах зэрэг янаглан хорлох аргыг үйлдсээр байсан тухай Самбуу гуай хожим харуусан өгүүлж байв. “Нууц хурал” гэгчид оролцсон хүмүүсийн тухай ярих явцад “эсэргүү” нарын дотоод дахь төв гэж хэлж болохоор Эдийн засгийн дээд сургуулийн багш нарын тухай тэмдэглэсэн байдаг. Яагаад гэвэл, тэр хуралд тэнхимийн эрхлэгч Д.Баасанжав, багш асан аспирант Р.Тогтох, Д.Жамба нар оролцсон бөгөөд тэдний нөхөд эдийн засагч Г.Ойдовжамц, Г.Уламбаяр, философич Д.Лхамжав, түүнтэй хамт Д.Самбуу, Д.Цэрэн багш нар санал бодлоо солилцож байсан. Хэлмэгдсэн багш нараас ганцхан Д.Самбуугийн талаар л өгүүлж байгаа болохоор бус бусад хүмүүсийн хувьд тавилан түүнийхээс лав дээр байгаагүй нь ойлгомжтой. Дээр өгүүлсэн Моголцог нь “Хар айраг”-ийн онцгойн шоронд халхын атаман Цэвээний Хар, Ваанчигжамба нартай гал хам явсан ажээ. Нэг их удалгүй Моголцог шоронгоо сольж Зүүнхараад ирэх болсон шалтгаан нь гал хамуудаа матаж тэднийг архи уусан, шөнө оройн цагаар зэсэнд гарч авгай хүүхэн эргүүлсэн тухай засангийн увсын дөрвөд Үрээнхэй гэгч төлөөлөгчид матсанаас үүдэлтэй гэдэг. Ваанчигжамба “Энэ муу Моголцогийг ташина даа. /ял хийж байхдаа ослын шалтгаан болгож ялтнууд нэгнийгээ хөнөөхийг ингэж нэрлэдэг байжээ/ Гал хамуудаа матсан хулгайчийн амийг авна” гэж занаж байсан боловч чадсангүй. Моголцог нь Зүүнхараагийн шоронд 8 жилийн ял эдэлж байсан боловч хоёр жилийн дараа шоронгоос гараад Хэнтий аймгийн нэгэн суманд хурган дарга болчихсон явахыг харсан хүн байдаг. Соц нийгмийн үед Ю.Цэдэнбал тойрон хүрээлэгчдээс гадна, эрүүгийн элемент, До яамны нууц алуурчдаар өөрийгөө хүрээлүүлсэн байсан тухай “Эх орончид ба Цэдэнбал” номонд С.Баатар түүхч өгүүлжээ.