2024 оны Орон нутгийн сонгуульд Нийслэлийн МАН-ыг Х.Нямбаатар удирдан орж өрсөлдөгчгүй ялалт байгуулсан. Гол өрсөлдөгч болох АН-ыг Женко Х.Баттулга Нийслэлийн сонгуульд удирдан ороод Х.Нямбаатарт шууд тахимаа өгчихсөн гэхэд болно. Учир нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга, АН-ын дарга Лу.Гантөмөр нар УИХ-ын сонгуулийн өмнө тохирч, Засагт хамтрах, мөн Нийслэлд Ардын намд “өгөхөөр” хөшигний ард яв цав ярьчихсан байсныг цаг хугацаа бидэнд харуулсан. За ингээд 2024 оны орон нутгийн сонгуулийн дараа хотын захирагч болсон Х.Нямбаатар Нийслэлийн удирдлагууд, түшмэл, сонгуулийн ажилд хүчин зүтгэсэн хүмүүсийг дагуулан сонгуулийн ялалтаа тэмдэглэхээр Хайнань руу зүглэжээ. Нэг үгээр төсвийн мөнгөөр улс дамнасан архидалт зохион байгуулсан гэсэн үг. Тус архидалтын аялалд хэн хэн явах, Хятадын Хайнаньд хэд хонох, ямар үзвэр үйлчилгээ үзэх, аль буудалд буух зэргийг нь Нийслэлийн Зам засвар, арчлалт, хяналтын хэлтсийн шинэхэн дарга О.Энхбаатар удирдан зохион байгуулсан байдаг. О.Энхбаатар нь нийслэлийн удирдлагуудын аялал, архидалтыг зохион байгуулахдаа төрмөл авъяастай, өөрөө бор дарсанд нугасгүй тул хотын “шоу менежер”-ийг хийдэг нэгэн. Энэ этгээд 2026 оны нэгдүгээр сард нийслэлийн 12 удирдах албан тушаалтныг Малайз улсад төсвийн хөрөнгөөр тансаглуулсан. Ингэхдээ Туулын хурдны зам төслийн гүйцэтгэгч нэрээр та бидний татварын мөнгө болох 500 тэрбум төгрөгийг авсан Хятадын “Haoyuan Group” компанийнхантай О.Энхбаатар нь нууц уулзалт зохион байгуулсан талаар бид өмнөх өдрүүдэд мэдээлж байсан.
Хөл толгойгүй архидалт Хайнанийн хамгийн өндөр үнэтэй “Phoenix” зочид буудалд үргэлжилж, дуулж хуурдаж байх зуур нэгэн золгүй явдал болжээ. Мөн оны аравдугаар сарын 22-ны өдөр Хятадын Хайнань зочид буудалд Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаяр өндөр барилгын 21 давхраас унаж амиа алдсан харамсалтай явдал гарав. Хятадын голлох хэвлэл болох "Weibo"-д “МУ-ын иргэн “Phoenix” зочид буудлын С барилгын 21 давхарт өндрөөс унаж амь насаа алдсан. Архи, мансууруулах зүйл хэрэглээгүй. Гадны нөлөөтэй, нөлөөгүй эсэхийг Хятадын хууль хяналтын байгууллага шалгаж байгаа” гэжээ. Ингэхдээ Хятадын цагдаа, криминалистик шинжээчийн эцсийн дүгнэлт ямар гарсныг хэн ч мэдээгүй. Харин ар гэрийнхэн нь Хайнаньд талийгаачийн шарилыг авахаар очихоос өмнө СХД-ийн цагдаагийн мөрдөгч очиж хэргийн нөхцөл байдалтай танилцаад “Гадны нөлөөгүй, архи хэтрүүлэн уусны улмаас өндрөөс унаж амиа алдсан” гэдэг дүгнэлтийг яаран гаргасан байдаг. Энэ мэдээллийг нь ГХ-ийн сайд Б.Батцэцэг өлгөн авч “Тайван амгалан байцгаа. О гэгч иргэн гадны ямар ч нөлөөгүй нас барсан” хэмээн ярьжээ. Яагаад Хятад, Монголын мөрдөгчдийн дүгнэлт зөрөв. Талийгаачийн ар гэрийнхэн, хамгийн ойр дотны хүмүүсийн дүгнэж буйгаар Т.Отгонбаяр архи, согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй хүн байсан гэнэ. Мөн Т.Отгонбаяр нь ажилдаа шулуун шударга, зарчимч нэгэн байсан бөгөөд зүгээр байгаа бродюрыг солих, хотын зам, завсар нэрээр мөнгө угаах, авлигын эсрэг тууштай тэмцдэг, дарга нартаа шууд хэлчихдэг хүн байсан талаар нөхөд нь ярьж байна.
Ерөнхийдөө Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт худалдан авах ажиллагааны хэлтсийн дарга Т.Отгонбаярын үхлийн шалтгааныг нууцалж, хав дарсаар өнөөдрийг хүрсэн. Нийслэлийн ОНХХ-ээс хэвлэл мэдээлэл, сайтуудтай гэрээ байгуулан энэ талаар мэдээ нийтлэхгүй байхыг үүрэгдэж байсан аж. Гэвч өнөөдөр хотын захирагч Х.Нямбаатарын бүлэглэл эхнээсээ сэжигтний сандалд сууж буй. Х.Нямбаатар дээлээ нөмрөх нь цаг хугацааны асуудал болсон. Тэгвэл нэгэн шударга залуугийн үхэлд шууд бус утгаараа Х.Нямбаатар түүний үнэнч боол О.Энхбаатар нар холбоотой гэдэг нь эндээс харагдаж байна. Улс дамнасан архидалт зохион байгуулаагүй бол нэгэн гэр бүл хагацаж, өнчрөхгүй, шударга албан амьд байх байлаа. Хайнань, Малайз руу хотын удирдагчид архидалт зохион байгуулахдаа өдөрт нэг өрөөний төлбөрт 500-1000 ам.долларын зочид буудалд төлдөг. Гэтэл талийгаачийн ар гэрт Нийслэл хотын захирагчийн албанаас ердөө 1 сая төгрөг өгсөн байх жишээтэй. Т.Отгонбаяр шударга зарчимч залуу болоод ч тэгэв үү эсвэл зөн совингоо дагаад тэгсэн үү эхнээсээ Хайнань руу сонгуулийн ялалтын баяр тэмдэглэх аялалд явах хүсэлгүй байсан. Түүнийг “шоу менежер” О.Энхбаатар дахин дахин гуйж, гувшаад явуулсан тухай зарим эх сурвалжууд баталдаг. Ямар ч байсан хотын төсвөөр гараа угаасан Х.Нямбаатарын араас О.Энхбаатар 461 дүгээр анги руу ачигдсаны дараа энэхүү бугшмал хүн амины хэргийн жинхэнэ эзэд илэрнэ гэдэгт найдъя.