Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өнөөдөр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүнтэй уулзлаа. Уулзалтын үеэр ЦЕГ-ын удирдлагууд байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. Энэ оны эхний таван сарын байдлаар иргэн, хуулийн этгээдээс гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 128 мянга гаруй гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас гэмтЙ хэргийн шинжтэй 48 мянга, зөрчлийн шинжтэй 71 мянган гомдол, мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн байна. ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан эх орныхоо тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах болон дотоод аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж буй цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдад талархал илэрхийлээд, хууль зүй, дотоод хэргийн салбарт “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг хэрэгжүүлж эхэлснийг онцлон тэмдэглэв. “Иргэн төвтэй эрх зүйн реформ”-ыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд хууль сахиулах байгууллагын тэргүүн эгнээнд ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид, тэр дундаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өдөр тутам эрхэлдэг цагдаагийн мөрдөгчдийн үүрэг, оролцоо онцгой ач холбогдолтой. Тиймээс цагдаа, мөрдөгчдийн мэргэжлийн ур чадвар, ажлын нөхцөл, нийгмийн баталгааг дэмжих, төр, иргэний харилцан итгэлийг бэхжүүлэх, цагдаагийн байгууллагын нэр хүндийг дээшлүүлэх зорилгоор “Цагдаагийн мөрдөгчдийн анхдугаар зөвлөгөөн”-ийг нийт бие бүрэлдэхүүний хэмжээнд зохион байгуулах үүрэг өглөө.
Мөн энэ уулзалтын үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд “Хууль иргэнээ ч хамгаалдаг хууль сахиулагчдаа ч хамгаалдаг байх ёстой. Олон нийтийн амар тайван амьдралын төлөө тангараг өргөн зүтгэж яваа цагдаа нараа Монголын төр, ХЗДХЯ хамгаалах болно” гээд албаа нэр төртэй хашиж, иргэдийн итгэл найдварыг тээж, цаг наргүй ажилладаг амаргүй албанд зүтгэж яваа эгэл жирийн эрхэм алба хаагчид, офицер генералуудад чин сэтгэлийн талархал илэрхийллээ.