ЭРЧҮҮДИЙГ ЗАЛХААН ЦЭЭРЛҮҮЛДЭГ ХОТ



Энэтхэг улсад нэгэн сонин тохиолдол үүс­ээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Пабла тосгоны оршин суугч 30 настай Трайколья талбай дээр гарч ажиллахаар гарах гэж байснаа бие нь гэнэт муудаж, түр зуур хажуулдан хэвтжээ. Харин үүнээс хойш ганц хоёрхон цагийн дараа ах дүү, хамаатан садан нь түүний нас барсныг мэдэгдэн гашуудацгааж байв. Арван жилийн хугацаанд энэ тосгоны 40 эрсийн амь насыг авч одсон тэр л хувь тавилан түүнийг угтан авсан нь энэ ажээ. Пабла тосгон нь Энэтхэгийн үзэсгэлэнт газар болох Орисса нутагт оршдог юм. Энэ газар нутагт үеийн үед Канда омгийнхон амьдарсаар иржээ. Байгаль орчин нь намуухан, хүн малын аж байдал тайван аядуу энэ нутагт очсон хэн ч байсан энэ омгийнхны идэр залуухан сүүлийн 6 эр хүнийг хэн нэгэн алуурчин ч юмуу эсвэл хараал ч юмуу, эсвэл үл мэдэгдэх далдын хүч амь насыг нь хороон авч одсон гэхэд итгэхэд бэрх билээ. Гэвч энэ бол үнэн түүх юм. Энэ тосгоныг бэлэвсэн эхнэрүүдийн тосгон ч гэж нэрлэх болжээ. Бүх эрчүүд нь учир битүүлгээр нас барсан бөгөөд хамгийн ахмад настан нь 40 нас ч хүрээгүй байсан гээд бодоход гайхахгүй байхын аргагүй юм. Одоо тосгонд үлдээд байгаа 60 хүний 34 нь бэлэвсэн эмэгтэйчүүд гэнэ. Харин тосгоны ахмад настан болох 39 настай Бага энэ хачирхалтай өвчний талаар дурсан ярихдаа “Энэ өвчин зөвхөн эрчүүдийн амь насыг л авч явдаг. Дандаа идэр залуучуудыг л хохироохыг яана гээч. Энэ өвчнөөр өвчилсөн бүх хүнд нэг л өвчний шинж тэмдэг илэрдэг. Эхлээд өвчилсөн гэх тэр хүн халуурна. Дараа нь гэнэт гэдэс базлан гүйлгэж эхэлдэг. Харин сүүлд нь галд түлэгдсэн юм шиг бүх л биеэр нь цэврүү үсрэн хэдхэн цаг болоход тэр хүн нас бардаг“ гэж ярьжээ. Пабла тосгоны ойр дотныхоо хэн нэгнийг энэ өвчнөөр алдсан хүмүүсийн нүдэнд нулимс бус айдас хурдаг болов. Харин өнөөдөр энэ тосгоныхон бүх эрчүүд эрт цагийн үлэг гүрвэл шиг мөхөн алга болоход эхийн эрхт ёс тогтох магадлал өндөр буйг засаг захиргааны түшмэл ярьсан юм.



Харин Хятадад энэ дэлхийн хамгийн анхны эмэгтэйчүүдийн хотыг байгуулахаар болжээ. Энэ хотод бүх эрх мэдэл эмэгтэйчүүдийн гарт байж, эмэгтэйчүүд бүх шийдвэрийг гаргах аж. Мөн тэд үг дуулгаваргүй эрчүүдийг залхаан цээрлүүлэх гэнэ. Чунцин хотын хамгийн том дүүргүүдийн нэг болох Шуанцяог эмэгтэйчүүдийн хаант улс болгох юм байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийнхний өгүүлж байгаагаар энэ дүүрэг нь 2,3 км.кв талбайтай. Эрт дээр цагт энэ нутагт эмэгтэйчүүд эрх барьдаг байсан бөгөөд харин эрчүүд эмэгтэйчүүдийнхээ туш­аал заавраар хөдөлж, тэдний хүсэл сонирхолд нийцүүлэн амьдардаг зарчимтай байжээ. Өнөөгийн Хятадын хөрөнгөтнүүд  энэ зарчмыг баримтлан хуучны байдлыг сэргээхийг зорьж байгаа юм. Тэдний уриа бол “Эмэгтэй хүн хэзээ ч алддаггүй” гэнэ. Эмэгтэй хүний хүслийг биелүүлж үгэнд нь ороогүй ямар ч эр хүн энэ гайхамшигтай хотын үүдэн дээр цаазлагдах шийт­гэл хүлээнэ. Онц­гой эрхтэй энэ хотын бүтээн байгуулалтанд 2 жилийн хугацааг төлөвлөжээ. Шуан­ьцяо дүүргийн аялал жуулчлал хариуцсан захирал Ли Цзиган “Энэ хот амралт зугаа цэнгэлийн маш сайхан газар байх болно. Эмэгтэйчүүдийн хотод ирсэн бүх жуулчдад хүн төрөлхтөний ариун хэсэг болсон эмэгтэйчүүд туслах болно. Тэд нар ямар үзмэр үзэх, хаагуур зугаалах, ямар дэлгүүрээр хэсч ямар эд бараа, бэлэг дурсгалын зүйл худалдаж авах талаар найрсаг зөвлөгөө өгөх болно. Мөн бид байх ёстой зарчмаас хазайсан эрчүүдэд ямар шийтгэл оногдуулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Энэ хуулийн дагуу эхнэр хүүхнүүдийн сэтгэлд нийцэхгүй зүйл хийсэн эрчүүд жишээ нь цайны газар аяга таваг угаах юмуу, налуу байрлуулсан товгортой банзан дээр нүцгэн өвдгөөрөө хэдэн цагаар зогсох гэх мэт байж болох юм”  гэж ярьжээ. Энэ нь тийм харгис бөгөөд шудрага бус байна уу? Гэхдээ л энэ бол хуулийн хүрээнд хийгдэх асуудал болохоор зөв шийдэл гэж үзэцгээж байна. Ямар ч байсан 21-р зуун өөрийнхөө дүрэм зарчмыг тулгаж байгаа цаг үе иржээ гэж ойлгож болох нь ээ. 

Оросын эмэгтэйчүүдийн төрөх эмнэлгийн эмч нар нэг сонин зарчим бий болсныг ажиглажээ. Сүүлийн гурван жилийн турш нэг л зүйл давтагдах болжээ. Жил бүрийн 1-р сар, болон 11-р сарын тодорхой хэдэн өдрүүдэд жирэмснийхээ  5-6 сард хүрсэн эхчүүд төрөх зөвшөөрлийг эрүүл мэндийн байдлаас болж авч төрөх болжээ. Хамгийн хачирхалтай нь эдгээр эхчүүдээс дандаа 560-600 гр жинтэй охид төрсөн байх бөгөөд тэд нар бүгд эрүүл саруул өсч торниж байгаа гэнэ. Мөн үе тэнгийнхнээ бодвол эдгээр охид өсгөлүүн, хурдан бойжилттой, оюун санааны хөгжил сайтай, санах тогтоох ой тогтоомж нь илүү байгаа нь ажиглагджээ. Эдгээр охидууд бүгдээрээ сугандаа улаан мэнгэтэй бөгөөд бүгдээрээ хар нүдтэй, намирсан улбар шар үстэй гэнэ. Тэд харьцангуй тайван бөгөөд хэтэрхий дөлгөөн гэмээр боловч бүтэн сартай шөнө болгон тэд хэнд ч дийлдэхгүй зөрүүд болдог байна. Тэд бүгдээрээ уснаас сүнсээ зайлтал айдаг гэнэ. Зурхай судлаачдын үзэж байгаагаар хэрвээ энэ нь энгийн нэг тохиолдол биш бол дэлхий дээр 300-400 жилийн дараа эхийн эрхт ёс тогтоод зогсохгүй дан ганц эмэгтэйчүүдийн эрин үе ирэх бөгөөд эрчүүд эрт дээр цагт мөхөн устсан үлэг гүрвэлүүд шиг мөхөх болно гэж дүгнэж байна. Дэлхийн хүн амын тал хэсэг болсон эрчүүдийн хувь заяаны энэхүү таагүй ирээдүйн тухай бас өөр нэгэн баталгаа байгаа гэнэ. Жишээлбэл, Лимагаас бага зэрэг өмнө зүгт орших  Перугийн нэгэн омог болох Турпод нэг эрэгтэй хүнд 3 эмэгтэй ноогдож байгаа гэнэ. Харин нутгийн оршин суугчид тооны харьцаа ийм харьцангуй байхад бид 3 эхнэртэй байгаагаа тийм ч муухай зүйл гэж боддоггүй хэмээн харин ч баяртай байдаг байна. Гэвч баярлах болоогүй бололтой. Эмэгтэйчүүд эр нөхрөө хардан харамлан нөхрөө хөнөөсөн хэрэг гарах болжээ. 7000 хүний 5200 нь эмэгтэй, 1800 нь эрэгтэй байдаг гэнэ. 3 эхнэртэй, 8 охинтой Хасинто Ласаро Антикамо охид давамгайлан төрөх болсныг махан хоолыг бус цагаан хоолыг эрхэмлэдэгтэй холбоотой гэж байна. 

Дорнод Хятадын Фуцзянь мужийн Шаоу хотын ойролцоох нэгэн тосгонд бас нэгэн гаж үзэгдэл болсоор байна. Синьхуа агентлагийн мэдээлснээр Уи уулын энгэрт “Охидын тосгон” нэртэй нэгэн суурин байдаг аж. Энэхүү Гаоян тосгоны иргэдийн ихэнх нь эмэгтэйчүүд. Тосгоны нас тогтсон хүн амын дунд хааяа ганц нэг сахал самбаатай эр хүн тааралдах ч идэр залуучуудын дунд эр хүйстэй нэг ч хүн байхгүй. Үүнийг нарийвчлан шалгавал их эрт дээр үеэс улбаатай аж. 1950 онд шинээр төрсөн эрэгтэй эмэгтэй хүүхдийн харьцаа 1,1:1 байжээ. Харин үүнээс хойш эр хүйстэй хүүхдийн төрөлт эрс багасчээ. Сүүлийн 40 жилд энэ тосгонд шинээр мэндэлсэн 136 хүүхдийн дөнгөж 11 нь л эрэгтэй байсан юм. Харин 1976 оноос хойш энэ тосгонд нэг ч удаа эрэгтэй хүүхэд төрсний баярыг хийгээгүй гээд  бодоход энэ тосгон эрчүүдгүй тосгодын тоонд зүй ёсоор орж байна. Үүнээс санаа авч зовнисон судлаачид судалгааны ажлын баг бүрдүүлэн ажилласан ч амьдран аж төрөх ёс, ахуйн хэрэглээ, ундааны ус, тэр ч бүү хэл хоол хүнсэнд хүний генид нөлөөлөхүйц зүйл юу ч байхгүйг тогтоожээ. Гэхдээ л үүсэн бий болсон энэ байдлын цаана ямар нэгэн зүйл байгаа гэж эрдэмтэд санал нэгтэй байгаа ч чухамдаа яг ямар учир шалтгаан болохыг одоо хүртэл тогтоож чадаагүй байна. Ангараг гариг бол зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдах болно гэсэн үгийг сонссон эрчүүд одоогоор амьд үлдээд байгаа цөөн тооны эрчүүдийнхээ удмын санг аваръя гэж тоглоом шоглоомоор хэлэх байх. Сансар уудмыг эзэмших мөрөөдөл бол мэдээж хэрэг сайхан зүйл мөн. Гэвч зарим эрдэмтдийн судалснаар бол хүн төрөлхтөн Ангараг гаригийг таньж, түүнийг эзэмшихээр очих цаг ойрхон гэдэг ч харин тийшээ эрчүүд очиж чадахгүй гэнэ. Учир нь эрчүүдийн бие махбодийн онцлог байдлаас болж хүчтэй хүйстэн маань тийш хүрч чадахгүй гэнэ. Мөн манай гаригийн хүмүүс Ангараг гариг дээр очоод үр удмаа хэвийн хүний ёсоор үлдээж чадахгүй юм байна. Хэргийн учир нь Ангараг гараг дээр бидний дасал болсон агаар мандал байхгүйгээс болж байгаа биш гэнэ. Мөн ус болон ахуй бусад хүчин зүйлс аль нь ч биш гэнэ. Хамгийн гол нь эрчүүд сансрын уудамд тийм удаан хугацаагаар аялан Ангараг гараг дээр очиж чадахгүй гэнэ. Энэ харамсалтай дүгнэлтэнд Огайогийн анагаах ухааны их сургуулийн профессор Уильям Роу хүрчээ. Гариг хооронд аялах сансар уудмын энэ аялал нь эрчүүдэд биологийн хувьд боломжгүй зүйл юм гэжээ. Үүнд 1-рт эрчүүд зүрх судасны өвчнөөр өвчлөх нь элбэг байдаг бол харин эмэгтэйчүүдийг энэ төрлийн өвч­нөөр өвчлөхөөс тэдний гормон нь авардаг байна. Харин дэлхийн агаар мандалаас гарсан тох­иол­долд зүрх­ний хэмнэл 1 минутанд 170 хүртэл өгсөх боломжтой байдаг гэнэ. Мөн эрэгтэй хүний бие махбодид эмэгтэй хүнийхээс илүү хэмжээний төмөр агуулагддаг бөгөөд их хэмжээний төмөр нь задгай сансарт аюултай нэг хүчин зүйл болох магадлалтай. Эцэст нь эмэгтэйчүүд жин багатай бөгөөд хүнсэндээ бага уураг хэрэглэдэг учраас тэднийг Ангараг гариг руу тээвэрлэх нь арай хямд зардалтай байх болохоор эдийн засгийн хэмнэлттэй. Тиймээс Ангараг гариг дээр үнэхээр амьдрал тогтдог л юм бол тэнд ч гэсэн Хятадын Шуанцзяо шиг л эмэгтэйчүүдийн хотууд бий болох нь ээ.  Ийнхүү эмэгтэйчүүдийн зуун дэргэд ирснийг эрдэмтэд ч сануулсаар байна.  


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=