
Анх 1368 онд Юань гүрэнд хятадын тариачдын улаан алчууртны бослого дэгдэж Монголын их хаадын сүүлчийн хаан болох Тогоонтөмөр нууцгай амьдарч, зугтаж явсаар хорвоог орхижээ. Түшмэдүүд нь түүнд “Та хатад хөвгүүд, торго баялгаа аваад даруй бууна уу?” гэхэд Тогоонтөмөр хаан хоёр хоног дуугарахгүй суусныхаа хойно “Надад хатад, эд баялаг хэрэггүй. Харин хааны санд буй ном судраа аваад монгол нутагтаа нүүнэ!” гэж хэлсэн бичээс түүхэн архивт бий. Мөн Өвөрмонголд байсан 3000-аад монгол айлыг буцаан авч явах гэж ихээхэн зүтгэсэн ч заримыг нь алдаж асгажээ. Юань Улсын үед монголчууд 44 түм байсан, энэ нь зүүн Монголыг дөчин түм, Ойрад дөрвөн түм юм. Гэвч 1368 онд Юань гүрэн мөхөхөд монголчууд дөчин түм биш арван түм болтлоо цөөрсөн байлаа. Тогоонтөмөр хаан монгол газартаа буцаж ирснээс хойш 1636 он хүртэл хоёр зуу гаруй жилийн хооронд Монголын бага хаадаар олон хүн өргөмжлөгдсөн. Тэдний дотор хааны удмын бага насны хөвгүүд ч байсан юм. Яагаад насанд хүрсэн эрсийг хаан ширээнд залаагүй вэ гэхээр монголын ноёд хаадын дотор маш их зөрчил тэмцэл, цус урсгасан аллага өдөр алгасахгүй гарсаар байсан аж. Тэгээд л хүний өөдөөс эсэргүүцэн тэмцээд байхгүй гэдэг утгаар нөлөөндөө амархан суулгах гэж агиудыг хаанаар өргөмжилж эхлэв. Хятадаас гадна Оросууд ч Монголын хааны суудалд Дөрвөн Ойрадыг суулгахаар ятган хооронд нь хатган үймүүлэх ажлыг эхлүүлэв. Тиймээс Монголын бага хаадад захирагдахгүй гэсэн Ойрадын ханууд их байлаа. Уг нь Монголын хаан нь Чингисийн алтан ургийн хүн байх ёстой гэж “Их засаг” хуулинд тэмдэглэж үлдээжээ. Гадны нөлөөнөөс болж Ойрадууд “Заавал Алтан ургийнхан хаан ширээнд суух албагүй, Аль хүчтэй, улс орноо захирч чадах нэгэн нь хааныг албыг авна!” хэмээн мугуйдлан зүтгэх болов. Энэ санал Тайчун хаан, Эсэн Тайшийн үед бүр хурцадмал байдалд шилжив. Ойрадын Тогоон тайшийн хүү Эсэн тайш дөрвөн ойрадыг захирч, Тайчун хаантай хамтран Монголыг нэгтгэх гэж зүтгэжээ. Тогоон Тайш охиноо Тайчун хаанд хатан болгож өгсөн тул Эсэн Тайш түүнийг “Хаан хүргэн ах” хэмээн хүндэлж явав. Хятадын Минь улстай хамтран дайтаж явсан тэд сүүлдээ хаан ширээнийхээ төлөө хоорондоо эвдрэлцэж эхэлжээ. Тайчун хааны дараа бүх Монголын хаан ширээнд Тогоон Тайшийн охин Эсэн тайшийн эгч, Тайгун хааны хатнаас төрсөн хүүг хаан болгоно гэж тэд зүтгэжээ. Нэгэнт зүүн Монгол ба Дөрвөн Ойрад тохиролцоогүй учир Тайгун хааны эсрэг түүний дөрсөн дүү Авгаржин ноёныг ойрадууд тэмцэлд “бэлдэж” ухуулаад өөрийн талд урвуулан авчээ. Баруун түмнийг захирч байсан Агваржинд Эсэн Тайш элч илгээж “Хаан ах тань намайг тэнэг мунхагаар дуудаж байна. Ерөөсөө чи ахаасаа салж бидэн дээр ирж нийл. Чамайг бид Монголын хаан болгоё” хэмээн ятгасанд тэр хаан болохыг мөрөөдөж явсан тул шууд зөвшөөрч, цус урсгах ажилдаа оров. Ахтайгаа муудалцах шалтаг олохын тулд хаан ахынхаа нум сумыг нэгэн этгээдээр хулгайлуулжээ. Тайгун хаан өнөөх хулгайчийг шийтгэх гэхэд Агваржин нум сум хулгайлсан зарц боолыг өмөөрөн “Намайг та хэзээ хаанд өргөмжлөх юм бэ?” хэмээн өдөөн хатгаад хааны хилэнг улам бадрааж орхив. Ойрадын Эсэн Тайш өөрийнх нь дүүг Тайгун хааны эсрэг турхирч явааг тэрбээр яахан мэдэх билээ. Сүүлдээ Тайгун хаан хүргэн дүүдээ цухалдан “Баруун түмнээ дуугүй захирч явсугай!” гэж хэлүүлж, тангараг тасарсан байна. Гэвч Агваржин ноён тэр даруй Эсэн Тайш руу одож түүнтэй хүч хавсран Тайгун хааны эсрэг дайтан, хагас жилийн дараа, хэдэн мянган ойрад цэргийн амиар ялжээ. Дарагдсан Тайгун хаанд очих газар, орогнох нутаг ус олдоогүй тул өөрийнхөө оронд хаан болгохоор үе залгамжилсан хүүгийнхээ эх бага хатныхаа нутгийг бараадан Цавдан ноёнд очжээ. Эсэн Тайш, Агваржин дүү хоёртоо цохигдоод зугтаж ядарч туйлдсан Тайгун хааныг Цавдан ноён тун хүйтэн угтаж авсан ба “Хангай ханы ар урьд дулаан байсан. Одоо хүйтэн болж уу. Миний охины өвөр урьд хүйтэн байсан. Одоо дулаан болоо юу. Чи юунд энд ирэв. Очих газар олдсонгүй юу?” хэмээн тавласан төдийгүй хааныг шөнө амарч байхад нь баривчлан бүрэлгэсэн түүхтэй. Нэгэнт хаангүй болсон бүх Монголд шинэ хааныг өргөмжлөх шаардлага гарахад Эсэн Тайш болон ойрадын ноёд Авгаржинд амласан ёсоороо “Чамайг хаан ширээнд залах болсон тул морилон ирнэ үү?” хэмээн элч илгээн урьжээ. Ахынхаа амийг “барьж” санасан бодсон нь бүтэх болсонд магнайгаа хагартал баяссан Авгаржин гарынхаа цусыг дутуу арилгачихаад 100 гаруй дайчдаа дагуулан яаралтай довтлон иржээ. Агваржин ноёны хувьд Эсэн Тайшид чин сэтгэлээсээ итгэсэн тул тэрбээр их цэргээ орхисон аж. Хааны залрах ширээг нэгэнт нүсэр том цагаан эсгийгээр бүрсэн тансаг өргөө босгож Агваржин тэргүүтэй ойрадууд түүнд алхан оров. Үүдний эсгий дэвссэн тэрхүү ширдэг дээр Агваржин ноён сүртэй нь аргагүй хөл тавихад гүнзгий нүх рүү хөл алдан унаад, ирт суманд сүлбүүлэн цэрэг дайчдынхаа хамт тамын оронд очих нь тэр. Энэ бусармаг, балмад хуйвалдаанаас хойш монголчуудын хувьд “Ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл гадаа” гэдэг хатуу зүйр цэцэн үг гарсан билээ. Ойрадын энэ муухай тэрслүү явуулгыг халх байтугай, өвөр Монголчууд хүртэл ой гутан зэвцүүцэн үзэн яддаг. Баянмөнх жононгийн хөвүүн Батмөнхтэй ханилсан Мандухай хатан өөрөөсөө хорин зургаан насаар дүү бяцхан хааныхаа өмнөөс хаан төрийн бодлогыг эрхлэн явуулж байлаа. Ойрадуудын хаан Иштөмөр “Бэскэй хүн биднийг удирдах нь хамхууль адил” хэмээн Их Монголын хаан ширээг авахаар дайн дэгдээсэн. Гэвч Ойрадын хаан Иштөмөр ичгэвтэртэйгээр ялагдсан түүхийг бид “Мандухай цэцэн хатан” киноноос хангалттай мэднэ. Их хатны зарлигт ойрадуудыг “Завилж сууж болохгүй, сөхөрч сууж бай!”, “Халх хүний малгайны оройноос хоёр хуруу бага бай”, “Махыг шүдээрээ зулгааж ид!”, “Гэрээ орд гэж бүү нэрлэ. Айргийг цэгээ гэж хэлэгтүн” гэх мэтээр хууль гаргасан нь түүхэнд байдаг. Хожим Галданбошигт нэгэнтээ “Мандухай гэдэг нэрийг сонсоход ойрад эр хүний нүдэнд цус хуралддаг” хэмээн шазуур зуун хэлсэн нь түүхийн хуудсанд хэдийнэ тэмдэглэн үлджээ. 16-р зуунд нийт Ойрад 40 хошуутай, Зүүн Баруун гарт хуваагдаж байв. Гэтэл Баруун гарын ойрадууд Ижил мөрөн, Баруун Сибирь, Хөх нуур, Төвд рүү таран бутарч, нутгаа сахиад Зүүн гар үлджээ. Зүүн гар зүгээр суусангүй. Дайн хийв. Дорнот Туркистан, Хами, Турфан, Кашгар, Ярькинд зэрэг оронд довтолж улмаар Самарканд, Сайран, Бухар хотыг эзэлж, 1681 онд Тэнгэр уулын хэрэгслүүдийг түйвээж, Ферганд нэвтэрчээ. Тэднийг дундад азийнхан Жунгар хэмээн айж, Чингиз Айтматов нэг зохиолдоо Жуан жуан гэж тун эвгүй бичсэн. Галдангийн төрсөн хоёр ах дүү аав Эрдэнэбаатарыгаа залгамжлан Зүүн гарын хаан ширээнд суусан Сэнгэ ахыгаа өргөөнд нь хаан ширээний төлөө алсан. Галдан Баруун зуугаас яаралтай ирж, төрсөн ахан дүүстэйгээ алалцаж, Ойрадын хаан болохоор зүтгэсэн. Хаан ширээний тэмцэлд хүчин мөхөстсөн Галдан Ойрадын чуулган дарга Очирт сэцэн ханы хүчийг ашиглахын тулд Очирт сэцэн ханы охин бөгөөд төрсөн ах Сэнгийнхээ бэлбэсэн хатан Анударьтай гэрлэсэн. Очирт сэцэнтэй хүч хавсарсан Галдан бошигт, хаан ширээний төлөөх дайнд ялж, дараа нь хадам эцэг Очирт сэцэн ханыг даржээ. Галдан бошигтыг Халх руу дайлаар мордсоны ар хударгаар Сэнгийн хүү Цэвээнравдан өөрийгөө Зүүн гарын хаан ширээнд залав. Хаан ширээ! Хаан ширээн дээр эрх мэдэл, эд хөрөнгө!
Засагт хан Норов нас барж, ууган хүү Чу мэргэн залгамжлах байтал хоёр дахь хүү Ванчиг хан ширээг авчээ. Гэтэл Засагт ханы Хотгойд ноён Лувсан тайж Ванчигийг алаад Чу мэргэнд хан ширээг шилжүүлэв. Ванчиг ханы талынхан Түшээт хан Чахундоржоос тусламж гуйжээ. Ванчиг ханыг алсан Лувсан тайж Түшээт ханаас дүрвэж Галдангийн нөмөрт шургасан аж. Засагт ханыхан Чу мэргэнийг хан ширээнээс буулгаж Ванчигийн дүү Цэнгүүнийг хан ширээнд залжээ. Ингэмэгц Халхыг эзлэх бэлтгэлээ базаасан Галдан Засагт хан Цэнгүүнийг биедээ татахын тулд дэргэдээ амь хоохойлсон Лувсан тайжийг барьж Цэнгүүнд тушааж цаазлуулаад, Цэнгүүнийг Түшээт ханы эсрэг хамтран дайтахыг ятгажээ. Юуны төлөө? Мэдээж хаан ширээний төлөө! Бүх Хятадыг нэгтгэн захирах гэж самгардаж асан жижиг авч том санаатай нүүдэлчин Манж, ар талын түшиг-нүүдэлчин Монголын ханууд хоорондоо муудалцах нь уршиг дагуулж, Импер болоход садаа болно гэж сэрэмжлээд, Хүрэн бэлчирийн чуулган хуралдуулж, Засагт хан Түшээт ханыг эвлэрүүлэн, найрамдлын тангараг өргүүлэв. Халхын хоёр хан эвлэрэх нь бүх Монголыг эзлэхээр тэмүүлсэн Галдангийн уурыг бадрааж, тэр бээр Хүрэн бэлчирийн чуулган дээр Далай ламын элч Галдан ширээтийг Далай ламын зэрэгт хүндэлсэнгүй, суудлын эхэнд мөр зэрэгцэн суулаа гэж Өндөр гэгээнийг баалж дайн зарласан нь гэнэн мугуйдлал харагдавч цаанаа бол тийм биш байв. Төвд Өөлдийн эрх ашгийн үүднээс Халхыг эзлэхээр Дэв Санжайжамцтай Галдан бошигтын хийсэн “нууц тохиролцоо” хэрэгжихэд Халх 7-н хошууг нягтрахыг уриалсан Хүрэн бэлчирийн чуулган тээг болох нь мэдээж. Галдан бошигтын бухимдал “суудал зэрэгцлээ” гэсэн оноогүй шалтгаар бүлтэрсэн нь ойворгон ойрадын нийтлэг зан. Засагт хан Түшээт хантай эвлэрсэнд Галдан бачимдахдаа Манжид элч зарж, Гадаад Монголын төрийг засах яам, улмаар Энх-Амгалан хаанд бичиг илгээж, түүндээ “Богд эзний суурин шашин хэмээвээс Шар малгайн шашин, лам хэмээвээс Далай лам болой” гэж Өндөр гэгээнийг “Умар зүгийн амьтны итгэл-Богд Жавзандамба хутагт” гэж Банчин богд Далай лам нарын айлдсан зарлигийг үгүйсгэв. 1688 онд Галдан бошигт Манжийн хаанд Өндөр гэгээнийг “Зонховын шашныг хиртээсэн хүмүүн,.. шашныг эвдэж хоёрын хооронд муухан явах хүмүүн, аливаад сайн үгүй. Эдүгээ түүнийг сөнөөвөөс Дундад улсын Хуанди болон Далай ламын сэтгэл ч амар болох буй за” гэж дахин элч зарж байв. “Үүнээс Галдан бошигтын зорилгыг ажиглахад Жавзандамба нарыг Дундад улсын хилийн харуулын дотор оруулахгүй, улмаар баривчилж өгсөн нөхцөлд Манжийн Энх-Амгалан хаан, Түвдийн Далай ламын төр шашны бодлогоос огт гажихгүй, чухамхүү “цавхийтэл” нийлэлцэх тухай өгүүлсэн нь Галдан бошигт Манжийн төрийн эсрэг монголчуудын хүчийг нэгтгэн тэмцэх зорилгыг анхнаасаа агуулаагүй нь илэрхий байна” гэж СГЗ доктор Л.Хүрэлбаатар түүх шашны сурвалж бичгүүд судлан байж дүгнэжээ.