Хүүхдүүд төдийгүй томчууд бидний үзэх дуртай Чехийн “Мат
ба Пат” гэх бүтэлгүй хоёр эрийн түүхийг өгүүлдэг хүүхэлдэйн кино байдаг. Яг энэ хоёр бүтэлгүй эр шиг Х.Нямбаатар, Б.Одбаяр
гэх хоёр нөхөр нийслэл хотыг самарч дууслаа. Мат, Пат хоёрт бүх багаж хэрэгсэл
нь байгаад толгой нь хүрдэггүй шиг Х.Нямбаатар, Б.Одбаяр хоёрт төсөв хөрөнгө нь
байгаад ч сэтгэл гардаггүй болохыг сүүлийн үед нийслэлд болж буй олон баримтаас
харж болно. Үг, үйлдэл нь үргэлж зөрдөг хоёр бүтэлгүй эрээс нийслэл хотоо аврахгүй
бол тоос шороондоо дарагдсан тосгон шиг боллоо.
Х.Нямбаатарын
захирамжаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын даргаар томилогдсон Б.Одбаяр гэгч
нь нийслэл хотод стандарт гэдэг зүйлийг мөрдүүлэхдээ тун хойрго нэгэн. Хамгийн
сүүлийн жишээ дурьдахад, Дүнжингаравын нүхэн гарцны өндрийн хэмжээг заасан
тэмдэг тэмдэглэгээг тавиагүйгээс болж, автобус гацсан ноцтой осол гарсан. Гэвч
тэрээр “Автобус явах замгүй замаар явж, дөтөлсөн бөгөөд жолооч нь буруугаа
хүлээсэн” хэмээн биеэ өмөөрч, хариуцлагаас зугтсан. Тухайн замаар автобус явсан
нь буруу байж болох ч өндрийн хэмжээг заасан тэмдэг, тэмдэглэгээ байгаагүй учир
автобусны жолооч тэр замаар явсан нь ойлгомжтой. Гэтэл мөн л “Өндрийн хэмжээг
хоёр хоногийн өмнө нэг жолооч дайрч эвдэлсэн байсан” гэсэн байж боломгүй
хариулт өгөв. Хоёр өдрийн өмнө өндрийн хэмжээний тэмдэглэгээг нь эвдчихээд
байгааг мэдсэн хэрнээ засч сэлбэж тавиагүй нь түүний хариуцлагын асуудал мөн
баймаар. Өндрийн хэмжээг стандартад зааснаар, тухайн нүхэн гарцын дээд хэсэгт
тавьдаг бөгөөд тэр хэсгийг очиж мөргөж эвдэлнэ гэдэг стандартад нийцэхгүй байна
гэдгийг баталж байгаа юм. Хэрвээ өндрийн хэмжээг заасан тэмдэглэгээ байсаар
байхад ямар ч жолооч тэнд очоод тэгнээд зогсчихъё гэж зүтгэж орохгүй. Ийнхүү
өөрийгөө өмгөөлж, хариуцлагаас зугтах хариулт өгч суудаг Б.Одбаяр даргын худал
ярих үүгээр дуусаагүй.
Өнгөрсөн сарын 23-ны өдөр орсон ширүүн борооны улмаас шинээр тавьсан бродюрууд эвдэрч, зам цөмөрсөн байгааг иргэд олон нийтийн сүлжээнд баримтжуулж оруулж, төсвийн мөнгөнд үрэлгэн хандаж байгааг шүүмжилж, хариуцлага шаардсан. Гэтэл Б.Одбаяр дарга “Нэг ч замын бродюр эвдрээгүй” гэж ярьсан атлаа маргааш нь 180 хэм эргэж, “Борооны улмаас 3,9 тэрбум төгрөгийн замын ажил эвдэрч сүйдсэн. Энэхүү зам засварын ажил зургадугаар сарын 21-ний 22:00 цагаас 22-ны 06:00 цагийн хооронд авто замыг түр хугацаагаар хааж, ус зайлуулах шугамын угсралт болон замын хучилтын ажил хийгдсэн. Зургадугаар сарын 23-ны 18:00 цагт хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн ч байгалийн гэнэтийн хүчин зүйл буюу хүчтэй борооны улмаас эвдрэл үүссэн” гэж ярьсан юм. Ингэхдээ мөн л чанар, стандартын талаар нэг ч үг дуугарахгүй, бороо руу буруугаа чихсэн билээ. Харин тухайн хэсэгт ажиллаж байсан зам засварын ажилтан “Ус зайлуулах шугамын ажил бүрэн дуусаагүй байсан учраас зарим хэсгийн суурь угаагдаж, хучилт цөмөрсөн” гэж үнэнийг илчилсэн юм. Бродюр өндөрлөхөөс илүү борооны ус зайлуулах шугам сүлжээгээ эхлээд хийх байсан гэж буруугаа хэзээ хүлээж сурах вэ, Б.Одбаяр дарга аа. Нэлийсэн их усан дундуур туучиж яваа нийслэл хотын иргэдээ хараад сэтгэл чинь өвдөхгүй байна уу?
Хуурамч дипломтой хүнийг ажиллуулж байснаа мэдсээр байж бас л өөрийгөө өмгөөлж “Төрийн албаны зөвлөлөөс томилсон хүнийг би мэдэхгүй, тэр хуулийнхаа дагуу л шалгалтаа өгч орж ирсэн” гэж мэлздэг. Үнэндээ мэдэхээр барахгүй, ШУТИС-ийн Сургалтын бодлого, хөтөлбөрийн албаны дарга М.Эрдэнэтуяагийн гарын үсэг бүхий албан бичиг Замын хөгжлийн газарт ирснийг тэрээр маш сайн мэдэж байсан атлаа тэр цагаас хойш албан тушаалаас нь чөлөөлөхгүй явсаар олон нийтэд сэтгүүлчдийн баримтаар ил болонгуут “өөрийнх нь хүсэлтээр” гэх малгай өмсгөж, ажлаас нь чөлөөлсөн байдаг. Төрд хуурамч дипломоор ажилд орсон бол төрөөс авсан цалин хөлсийг нөхөн төлүүлэх хуулийн заалттай. Хуурамч дипломтойг нь мэдсээр байж ажиллуулсаар байсан учир хариуцлагыг хамтдаа үүрэх ёстой. Хэзээ энэ хохирлыг улсад нөхөн төлүүлэх вэ, Б.Одбаяр дарга аа.
Нийслэл хотын хамгийн урт гүүр гэх нэршилтэй Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто замын гүүрээс 150 м урт гүүр нь сох дутчихсан асуудлыг эрэн сурвалжилж, хяналт шалгалт тавих ёстой байсан түүнээс асууж тодруулахад “Дөрвөн гүүр биш гурван гүүр баригдах тендер зарласан” гэж гүрийсээр байх нь гайхалтай. Зураг төслийг нь гүйцэтгэсэн “ГБЭТ” ХХК-ийнхан хүртэл 150 м урт гүүр алга болсныг гайхаж, “Хэрвээ зураг төсөл өөрчлөгдөх бол заавал бидэнд эргэн хандаж, зураг төслийн өөрчлөлт хийлгэх ёстой” гэж ярьж байхад Б.Одбаяр дарга “150 м урт гүүр гэж байгаагүй, гурван гүүр барьсан” гэж худал ярьсаар байна. Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас зарласан тендерийн баримт бичиг болон тендерт оролцогсдод илгээсэн тодруулгад 780 м урт гүүр гэж бичигдсэн байгааг уншигч та харж байгаа байх. Гэтэл 150 м урт гүүр барих 17,7 тэрбум төгрөг хэн гэгч эрх мэдэлтний халаас руу орсон байж таарах вэ? Үнэнд гүйцэгдээд ирэхээрээ “Би энэ гүүрийг баригдсаны дараа ирсэн, өмнөх даргаас асуу” гэж мөн л хариуцлагаас бултсан. Өмнөх даргын ажлыг сайжруулах гэж томилогдож ирсэн атлаа хариуцлага үүрэх болохоор бусад руу буруугаа хэдий болтол чихэх вэ? Нийслэл хотынх нь нэг газрын хурган дарга л хэдэн арван тэрбум төгрөгөөр яригдах хохирол улсад учруулчихаад, араас нь эрэл сурал болохгүй, буруутай этгээдэд хариуцлага тооцохгүй байхад хэрүүлч заргачаараа алдартай Х.Нямбаатар нь хэл ам нь татчихсан юм шиг явсаар байгаа нь гайхалтай.
Мат,
Пат хоёр шиг бүтэлгүй хоёр эрээс нийслэл хотоо салгаж авахгүй бол нэг л өдөр тоос
шороондоо дарагдсан тосгон болгох вий дээ.
Үргэлжлэл
бий
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.