АЛМАСЫН ЗУЛЗАГЫГ АСАРЧ ЭДГЭЭСЭН АНЧИН ӨВГӨНИЙ ТҮҮХ


Колымийн хойг гэхээр орос төдийгүй якут, тувачууд андахгүй. Учир нь 1930-аад оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд монголын олон зуун буриад эрчүүд Колымт цөлөгдөн, Сибирийн хүйтэн, өлсгөлөн хоёрт амь тавьсан болохоор тэр. Колымт зөвхөн цаатнууд л амьдарч иржээ. Тэд бол эвекүүд. Битүү цасаар хучигдсан хөвч тайга бөгөөд хүйтний эрч дээд тал нь 70 хэм хүрнэ. Эвекчүүд цаа бугаа маллаж нүүдэллэн аж төрдөг энэ битүү тайгад бидний ярьдаг зэрлэг хүн буюу алмас амьдардаг гэнэ. Ялангуяа Колымийн их намагтай хөвч тайгад одоо хүртэл алмас байдаг тухай энэ нутгийнхан ярьцгаадаг. Цас их унасан нэгэн өвөл өвгөн цаатан хэдэн арван цаагаа маллаад Колым голын дээд биеийн битүү тайгад цор ганцаараа өвөлжиж байжээ. Нэг орой ноход нь жигтэйхэн боргож, босож гүйлдээд цаа бугын сүрэг нь үргэж бужигнаад явчихав. Өвгөн анчин хөвчийн баавгай ичээнээсээ гараад ирсэн юм болов уу гэж санаад буугаа сумлан гарчээ. Гэтэл баавгай биш зургаа долоон тохой өндөр том биетэй, бүх биеэр нь өтгөн үс бүрхсэн хоёр амьтан зогсож байх нь тэр. Алмас болохыг өвгөн таамаглаад тэднийг тогтон ажиглавал  өөрт нь муу юм хийх бодолгүй өөдөөс нь том гэгчийн номхон хүрэн нүдээр ширтэнэ. Битүү бараан үс даахины наагуур унжиж сунайсан хоёр том хөхтэй амьтан нь нэг гартаа юм тэвэрснийг үзвэл зулзага нь бололтой. Алмасын зулзага гэгч нялх хүүхэд шиг чарлаж байв. “Энэ нялх үр нь өвдөөд хүнээс тусламж эрэн энд иржээ” гэдгийг өвгөн ойлгожээ. Өөрийгөө болон бусдыг өвс ургамлаар эдгээж сурсан хөгшин анчин зоригтой эрэмгий хүн байсан тул өөрөөс нь аврал эрж урцных нь гадаа ирсэн хоёр алмасаас ч айж эмээлгүй явж очоод нялх зулзагыг нь авбал амьсгал нь тасалдаж амьсгаадан халуурчээ. Зул­за­гыг тэврээд урцандаа орох агшинд нөгөө хоёр эцэг эх алмас ямар нэг хөдөлгөөн хийсэнгүй. Өвгөн урцандаа ороод алмасын төлийг эмчилж эхэлжээ. Өвсний ханд буцалгаж аманд нь цутгав. Халуу шатаж байгаа биеийг нь цааны хөдсөнд ороож хэвтүүллээ.  Энэ зуур түүнийг хальт анзаарахуйд хоёр алмас урцны үүд хаасан баавгайн том арьсыг хальтхан яраад дөрвөн том нүдээрээ өвгөний хөдөлгөөн бүрийг ажиглаж байсан гэнэ. Анчин өөрийнхөө чадах мэдэх бүхнээ хийсээр гурав дөрөв хоноход алмасын хүүхдийн халуун буурч эдгэрчээ. Энэ хэдэн хоногт нөгөө хоёр алмас түүний урцнаас холдолгүй ойрхон хоноглож байв. Хэдэн цаагаа эргэж тойрч явах үед алмасуудын том мөр харагдах агаад ойролцоох модонд эргэлдээд байсан бол тэр хэдэн өдөрт бараа сураггүй алга болжээ. Бодвол аварга биет хоёр цасны хүн хүмүүсээс дөлж зайлсан бололтой. Нэг тохой гэдэг нь 40 см-ээс багагүй тул зургаан тохой гэвэл 240 см, долоон тохой гэвэл 280 см болох ба алмасуудын өндөр 2 метрээс хавьгүй илүү байжээ. Алмасын хүүхэд тачирхан боловч ширэлдсэн битүү бараан шаргалдуу үсээр бүрхэгдсэн бөгөөд халуун нь бууж цааны өтгөн сүү өгөхөд ховх сорно. Чанасан мах өгөхөд идэхгүй мөртлөө түүхий махыг хоромхон зуурт зажлалгүй шахам залгина. Алмасын үр зулзага хэдийнэ эдгэрсэн тул өвгөн цаатан урцнаасаа тэвэрч гарахад өнөө хоёр модны дэргэд сэрэмжлэн хараад зогсож байв. Өвгөн тэр хүүхдийг цасан дээр тавихад эцэг эхийгээ үзсэн зулзага сарвалзан хүрхрэн чарлахад дэлэн хөхөө унжуулсан эх алмас нь хэдхэн харайгаад үр төлөө тэврэн авчээ. Анчин хөгшин урцандаа ороход тэдгээр алмас сонин бөглүү сөөнгөдүү хоолойгоор хүрх­рэн архирч байсан гэдэг. Тэгэхдээ цасны хүмүүс их баярлан талархаж байгаа нь илт гараараа даллаж байв. Зулзагыг нь эдгээж чадаагүй бол тэр алмасууд цаатан өвгөнийг яах байсныг хэн ч таашгүй. Азаар алмасын төл эдгэсэн байна. Маргааш өглөө нь өвгөнийг урцнаасаа гарахад гадаа нь үхсэн хандгай хэвтэж байсан ба мөнөөх алмасууд түүнийг авлаад хүүхдийг нь эдгээсэнд талархал илэрхийлэн идэж төхөөрч өгсөн нь тэр бололтой. Ерөөсөө тэр өвөл хавар өвгөн анчинд ан хийх хэрэг гарсангүй. Яасан бэ гэвэл хэд хоноод л алмасууд анчны урцны гадаа ховор ангийн мах авчирдаг болсон гэнэ. Цаатан өвгөн үхэн үхтэлээ ангийн махаар тасраагүй бөгөөд хаана ч явсан нөгөөх алмасууд түүнийг олоод урцных нь гадна авласан ангаа авчраад тавьдаг болсон ажээ. Харин өвгөн анчин өөд болтлоо алмасын үр төлийг эдгээсэн тухайгаа мужийн захиргааныханд хэлэлгүй тас нууж байв. Учир нь Тува, Якутын ард түмэн алмасыг нэгэн төрлийн амьд шүтээн гэдэг бөгөөд түүнийг харсан хүн хойд насандаа диваажинд очдог хэмээн ярьцгаадаг.


Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=