
Цөвүүн цаг ирж байгаа бололтой. Хулгайч нарын арга улам нарийсахаас гадна, бурхан шүтээн рүүгээ халдах явдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн байна. Ингээд олон зүйлийг нуршилгүй баримт руугаа оръё. Буяндаа бузрын гap дүрж, 200 сая төгрөгийн үнэ бүхий түүхийн хосгүй өвийг хулгайлж байсан гэмт этгээдийг эрүүгийн цагдаагийнхан баривчилсан байна. Уг этгээдүүд удаа дараагийн үйлдэлтэйгээс гадна, урд нь ял шийтгэл эдэлж явсан рецедив этгээдүүд байсныг тогтоожээ. Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн Баруун хүрээ хийд, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Паньдчойнхорлин хийдээс дөрвөн удаагийн үйлдлээр 59 тооны бурхан алдагдсан мэдээлэл эзэн холбогдогч нь тогтоогдолгүй Эрүүгийн Цагдаагийн Газар иржээ. Тиймээс ЭЦГ-аас эрүүгийн цагдаагийн чиглэл хариуцсан, тусгай төлөөлөгчид арга хэмжээ зохион байгуулсны дүнд 30 настай Архангай аймгийн харъяат Б.Тод-Эрдэнэ бусадтай бүлэглэж хоёр хийдээс нийтдээ 153 сая төгрөгийн бурхан эд зүйлс хулгайлсныг олж тогтоогоод байна. Сэжигтэн Б.Тод-Эрдэнийн хувьд өмнө нь 2016, 2018 онд бусадтай бүлэглэж 13-н удаагийн үйлдлээр хөдөө орон нутгийн сүм хийд музейгээс шашны эд зүйлс хулгайлж байсан засаршгүй гэмт хэрэгтэн юмсанж. Бурхны хулгайч эр өмнө нь ерөнхийлөгчийн өршөөлийн хуулийн дагуу суллагдаж байсан. Уг нь хулгай зэлгий хийгээд байхааргүй аж амьдрал нь боломжийн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Гэвч сурсан юмыг сураар яаж боож болох вэ? гэдгээр мань хулгайч энэ удаа маш нарийн тооцоолж зохион байгуулалттай хулгайн гэмт хэргийг үйлджээ. Хэд хэдэн газар байр түрээсэлж хулгайлсан бурханаа хадгалдаг байв. Хулгайлсан зүйлээ дотооддоо борлуулах сонирхолгүй, харин Тайвань, Солонгос, Хятад руу гаргах төлөвлөгөөтэй явж. Тэр байтугай Б.Тод-Эрдэнэ англи хэлний вакум сургалтанд сууж, улмаар анхан шатны англи хэлний мэдлэгтэй болоод интернетээр хэд хэдэн эртний эдлэл сонирхдог гадаад иргэдтэй холбоо тогтоосон байв.
Эрүүгийн цагдаагийн газраас эртний эдлэлийн ченж хийдэг Тайвань, Хятад Улсын иргэн Ли Бин, Цүн Хө, Лон Пи гэсэн нийтдээ монгол, хятад нийлсэн 10 гаруй хүнийг эл хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татаад байна. Хулгайлсан бурхан шашны эртний эдлэлээс Баянхонгор аймгийн Паньдчойнхорлин хийдээс лам хуврагууд ирж үнэтэй бурхан, эд зүйлсээ аваад явжээ. Бурханы хулгайч Б.Тод-Эрдэнэ хийсэн хэргээ үгүйсгэж, эл хэрэгт өөрийнхөө эхнэр, хүүхдийг хэрэг хамаараа татан мөрдөнд цугтаа хоригдож байгаа гэнэ. Мөн Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь Шанхын хийдээс эртний түүх соёлын ховор дурсгалт бүтээл болох шармал бурхад алдагджээ. Хулгайд алдагдсан 42 см Ногоон, Цагаан дарь эх, хөөмөл Доржсэмбэ, 16 см өндөр алтадмал Махгал бурхан зэрэг нь улсын үнэлгээгээр дор хаяж 300 сая төгрөг хүрэх юм байна. Энэ мэт эдийн засгийн хямралын жилүүдэд бурхан шүтээн рүүгээ уулгалан дайрах урт гартнуудын хэрэг огцом нэмэгдэж байгаа нь харамсалтай. Жишээ нь 2018 оны тавдугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Эрдэнэзуу хийдээс долоон бурхан хулгайд алдагдсан. Алдагдсан эдгээр бүтээлүүд нь XVIII зууны дунд үеийнх, тэр дундаа түүхийн нэн ховор, зарим нь хосгүй үнэт бүтээлүүдийн тоонд ордог. Мөн хөөмөл жавилтай, их бие болон суурь нь алтан шахмал, цутгамал 22,8 кг жинтэй Дүйнхор бурхан, 1.595 кг жинтэй, гууль цутгамал, алтан шармал Жүгдэрнамжил бурхан, зэс хөөмөл, алт шармал 1.230 кг жинтэй Майдар зэрэг бурхад байжээ. Гэвч өнөөдрийг хүртэл бурхан хулгайлсан гэмт хэрэгтнүүдийг олж чадаагүй өдий хүрэв.
Баримт. Манай улсаас Японы Тоттори мужид гарсан “Экспо-97” үзэсгэлэнд 127 нэр төрлийн 81.4 мянган төгрөгийн үнэтэй үзмэр явуулжээ. Гэтэл зургаан ханатай, сийлбэртэй иж бүрэн гэр 19 ширхэг, нийт 64 үзмэр эргэж ирсэнгүй. Үзэсгэлэнд явуулсан нэг гэрийг 15 мянган ам.доллараар зарсан байжээ. Энэ мэтээр музейн ховор үзмэр гэнэт замаасаа алга болох явдал ихээр гарах болов. Улсын мэргэжлийн хяналтын газраас улс, аймгийн музейн сан хөмрөгийн улсын тооллогод шалгалт хийхэд олон сая төгрөгийн эртний эдлэл, бурхан тахил алга болсон байна. Шалгалтад 32 байгууллага хамрагдсан аж. Музейн сан хөмрөгийн улсын тооллогоор тоологдвол зохих 200595 үзмэрээс 200094 үзмэр тоологдсон байх юм. Увс аймгийн музейн сан хөмрөгч Б.Мягмарнарангаас 182 ширхэг үзмэр, түүний өмнө сан хөмрөгчөөр ажиллаж байсан Ч.Алгаагаас 53 үзмэр дутсан байна. Ч.Алгаа нь өмнө нь 47 ширхэг үзмэр дутааж байсан нэгэн аж. Энэхүү хоёр хүний балгаар 235 үзмэр хэн нэгний халаасыг “түнтийлгэсэн” бололтой гэж эрүүгийн ажилтнууд үзэж байна. Мөн сан хөмрөгч нар үзмэрийг дураараа сольж, холих явдал ч их гардаг. “Эрдэнэ зуу” музейн сан хөмрөгч Ю.Баяраа гурван бурханыг сольж, 2003 онд актлахаар Соёлын өвд хүргүүлсэн үзмэрээс наймыг дутаасан байдаг. Баянхонгор аймгийн музейн Ногоон дарь эх, Цагаан дарь эх цутгамал бурхад гэнэт солигдсон байх жишээтэй. 1993 онд Дундговь аймгаас ОХУ-ын Буриад улсад гарсан үзэсгэлэнд оролцох нэрээр тус музейгээс гаргасан Бурхан багш, Шавь Монголжийбуу, Шаарийбуугийн хамт гурван ширхэг цутгамал гуулин бурханыг шатаасан шавар ашиглан орчин үеийн хийцээр орлуулжээ. Үндэсний номын сангийн “Үнэт, ховор ном”-ын музейд энэ оны зургадугаар сарын 2-ноос долдугаар сарын 23-ны өдөр тооллого хийжээ. Тооллогоор 124 нэрийн 630 ширхэг ном судар тоолж, хуучин бүртгэлээс орчин үед хэвлэгдсэн 70 ширхэг номыг бусад сан хөмрөгт шилжүүлж хассан байна. Үндэсний номын сангийн эрдэм шинжилгээний ажилтан Б.Алтанзаяагийн хариуцсан үнэт ховор номын музейгээс “Алтан ганжуур” судрын Дүлбагийн) нэг боть алга болжээ. Энэхүү боть нь 272 хуудастай, түүхийн ховор эдэд тооцогддог. 1996-1997 оны улсын тооллогоос хойшхи хугацаанд 19 улс, аймгийн музейгээс 139 ширхэг үзмэр хулгайд алдсан, зарим музейн удирдлага хулгай гарсныг дээд байгууллагадаа мэдэгдээгүй зөрчил ч шалгалтаар илэрчээ. Улс, аймгийн 24 музейн сан хөмрөгөөс 3106 үзмэр дутсан. Зарим музей захиргаанаасаа алдсан, дутсан үзмэрээ хайж олох тал дээр ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэмт хэрэгтнүүдэд ял завшуулан тэдний халаасыг түнтийлгэсээр байна. Жишээ нь, Завхан аймгийн музейгээс 343, Увс аймгийн музейгээс 316, Хөвсгөлөөс 244, Говь-Алтайгаас 230, Дорнод аймгаас 157, Өвөрхангай аймгаас 196 ширхэг үзмэр дутсан байна. Ховд аймгийн музейгээс “Түгээмэл агааржуулагч хийд”-д шилжүүлсэн 244 ширхэг үзмэр байхгүй. Хөвсгөл аймгийн музейгээс Гандандаржаалин хийдэд шилжүүлсэн 1709 үзмэрээс суварга дор хийж шүншиглэсэн гэх нэрээр 503 ширхэг үзмэр эргэж ирээгүй байна. Музейн захирлын шийдвэрээр 2003 онд бөөгийн хувцсыг хүнд өгсөн. 1988 онд Дүрслэх урлагийн музейгээс “Их тэнгэрийн ам” цогцолборт шилжүүлсэн 30 гаруй уран зургийг өнөө хүртэл Уран зургийн галерей эргүүлэн авч чадаагүй. Хэний гараар орсон нь тодорхойгүй. Үүнээс гадна өөрсдийн дураар соёлын өвийг акталж, устгадаг явдал ч гарчээ. Дорноговь аймгийн ИТХТ-ийн тогтоолоор 57 мянга гаруй төгрөгийн үнэтэй 1322 ширхэг үзмэрийг ашиглалтын хугацаа дууссан, цаашид ашиглах боломжгүй гээд устгах шийдвэр гарсан ч гүйцэтгэсэн баримт байхгүй. БСШУЯ-ны Соёл урлагийн газрын 2012 оны албан бичгийг үндэслэн Улаанбаатар хотын Түүх, шинэчлэн байгуулалтын музейн захирал 17 зургийг Монголын уран зургийн санд худалджээ. Завхан аймгийн музейн 2007-2008 оны улсын тооллогын тайлан, дүн мэдээнд сан хөмрөгч Г.Наранхүүгээс дутсан 321 үзмэрийг шүүхийн шийдвэрээр төлүүлсэн гэж бичсэн боловч шалгалтаар тухайн үеийн үнэлгээгээр сая гаруй төгрөгөөр үнэлэгдэж байсан үзмэрийг цагдаагийн ажилтны ам шийдвэрээр 249 мянга 170 төгрөгөөр төлсөн. Говь-Алтай аймгийн Боловсролын соёлын газрын 2005 оны 26 дугаар тогтоолоор 267 үзмэрийг музейн сан хөмрөгөөс хасч, устгахыг тооллогын комисст зөвшөөрч устгал хийсэн акт хийсэн боловч устгал хийгдээгүй. 2008 онд Богд хааны ордон музейд хийсэн шалгалтаар музейн сан хөмрөгийн 2002 оны улсын тооллогоор үйлдсэн эх бүртгэлийг хуулахдаа 75 нэрийн үзмэрийг баталгаат бүртгэлд бичилгүй орхисон. 158 үзмэрийн хувийн дугаар алдагдсан, 12 нь хувийн дугааргүй, 274 нь бүртгэл буруу бичигдсэн, зургаа нь бүртгэлийн бичээс дээрээс цаас наажээ. Чойжин ламын сүм музейн, Улаанбаатар хотын музейн 2008 оны улсын тооллогын ерөнхий бүртгэлийг алга болгосон. Дүрслэх урлаг, Байгалийн түүхийн музей зэрэг хэд хэдэн музей сан хөмрөгийн 1996-1997 оны улсын тооллогын тайлан, илтгэх хуудас, тооллогын комиссын акт гэнэт алга болсон зэргийг ЭЦГ, Тагнуул хамтран шалгаж, гэмт хэрэгтнүүдийг илрүүлнэ гэдэгт итгэж байна.