СОЦ ҮЕИЙН ШОРОНД ӨЛСГӨЛӨН ЗАРЛАЖ ЯВСАН ЭРЧҮҮД


“Өлсгөлөн” Ядамсүрэн бол өлсөж ядарсандаа энэ хочийг аваагүй. Төрийн бодлогыг замаас нь хэт гуйвуулж, нугалаа завхрал гаргасан этгээд үг яриатай хэрцгий хуяг, дарга нарын өөдөөс нийт хоригдлуудын эрх ашгийг хамгаалж өлсгөлөн зарласны улмаас энэ хочийг авсан байна. Хамгийн олон удаа өлсгөлөн зарласнаараа Монголын шоронд рекорд тогтоосон бөгөөд хүний эрхийг хэт боогдуулсан хүйтэн цэвдэг хонгилд тэрбээр анх удаа эрх чөлөөний бамбар асаасан хүн. Ядамсүрэнгийн заасан замаар аажим аажмаар ургашилж “Өлсгөлөн зарлаад эрх ашгаа хамгаалж болдог юм байна” гэсэн ойлгоц авснаар 1975 онд “Галзуу” Чулуунбаатар гэгч ялтан 41 хоног өлсгөлөн зарлаж шоронд рекорд амжилт тогтоосон бол түүний дараахан “Үнэн” сонинд редактор хийж байгаад гяндангийн ялтай орж ирсэн Оршихын Цэдэндорж гуай 56 хоног өлсгөлөн зарлаж Чулуунбаатарын рекордыг эвджээ. Чулуунбаатар нь “Хоригдол хүн үнэ төлбөргүй эмчлүүлэх эрхтэй” гэж хуулинд заасны дагуу эмчлүүлэх, мөн НАХЯ-ны сайд асан Бугын Дэжидтэй биечлэн уулзах хүсэлт тавиад бүтэхгүй болохоор нь өлсгөлөн зарласан гэдэг. Тэрбээр 41 хоног ус ч уулгүй “хуурай хар өлсгөлөн” зарласан байна. Онцгой дэглэмийн шоронгийн төлөөлөгч Доржсүрэн тэр үед “Чулуунбаатар яагаад ийм удаан тэсч байна вэ? эсвэл та нар хуйвалдаад хоол унд өгөөд байгаа юм биш биз” хэмээн хардаж сэжиглэн өрөөг нь өөрөө цоожлоод өөрөө лацддаг болсон гэдэг. Эмч ирээд үзэхэд өөрөө онгойлгож өгнө. Өлсгөлөн зарласан хэнбугайд ч 24 цаг болоод гуянд нь 2 литр натрихлоридтой ус шахаад, судсанд нь глюкоз хийдэг ажээ. Хоол цай авчраад дэргэд нь тавьчихна. Ид, уу! гэж маш их ятгах бөгөөд яаж ч өлсгөлөн зарласан гадагшаа мэдэгддэггүй байсан нь хоригдлын эрх чөлөөг улам бүр зөрчсөн хэрэг байлаа. Харин Чулуунбаатарыг 41 хоног дээр нь Жамъянсэнгээ хурандаа очиж өлсгөлөнг нь зогсоож байсан гэлцдэг.
Хүний эрх, эрх чөлөөний төлөө 54 хоног өлсгөлөн зарлаж байсан шударга сэтгүүлч Оршихын Цэдэндорж агсны охин Ц.Наранхүү аавынхаа тухай ийм нэгэн дурсамж хүүрнэжээ.
“Миний аав О.Цэдэндорж Увс аймгийн Өндөрхангай сумын хүн байсан. Ээж Д.Банзрагч Говь-Алтайнх. Аав минь нутагтаа найман жилийн сургууль төгсгөөд хотод санхүү эдийн засгийн техникум төгссөн, санхүү бүртгэлийн мэргэжлийн хүн байсан. Дараа нь тэр үеийн ОХУ-ын Ленинградын хэвлэлийн сургууль төгсгөж хэвлэлийн техник-редактор мэргэжил эзэмшсэн хүн л дээ. Манайхан голдуу Ленинградад төгссөн. Том эгч маань хэвлэлийн хүн байсан. Гадаадад сургууль төгсч ирээд аав минь "Архангайн үнэн", Завханы "Туяа" сонинуудад сурвалжлагч, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэгээд л манайх хотод шилжиж ирсэн дээ. Аав минь "Үнэн" сонинд техник-редактор хийж байснаа санхүүгийн албанд нь ажиллах болсон. Санхүүгийн мэргэжилтэй сэтгүүлч хүн гэдгээр нь тэгж томилсон байх. 1979 онд баривчлагдталаа энэ албыг хашиж байсан. Аав минь угийн шударга хүн. "Үнэн" сонинд ажиллаж байхдаа Монгол Улсын нийгэм эдийн засгийн талаар өргөн мэдээлэлтэй болж л дээ. Тэгээд улс эх орныхоо хөгжил дэвшил, Ю.Цэдэнбал тэргүүтэй удирдлагуудынх нь увайгүй хоцрогдсон байдлыг сайтар ойлгон, гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан мэдээлэлдээ тулгуурлан гурван боть ном бичсэн байгаа юм. Улс орны эдийн засгийн хоцрогдол, хүн амын ядуу зүдүү байдлыг нарийн тоо баримтаар гаргаж бичсэн. Дээд удирдлагуудын бусармаг явдлыг ч олон баримтаар оруулсан юм билээ. Ийм номыг хэзээ ч Монголд хэвлэж өгөхгүй байсан. Тэгээд гар бичмэл нэг хувийг, одоогийн гурван буудалд байсан "Хятад ажилчдын хэрэг эрхлэх" байгууллагад, нэр ус, хаяг адрессгүй аваачиж өгөөд, элчингээрээ дамжуулан Хятадад хэвлэж өгөөч гэж гуйсан байгаа юм. Тэр нэгдүгээр ботийг "Хятад ажилчдын хэрэг эрхлэх газар" шууд Монголын НАХЯ-нд өгчихсөн гэдэг. Тэгээд хэрэг мандсан юм билээ л дээ. НАХЯ-ны удирдлага, Улс төрийн товчоонд энэ асуудал хүрч, эрх баригчид энэ гар бичмэлийн эзнийг яаралтай олох үүрэг тавьсан гэдэг. НАХЯ-ны мэргэжлийн шинжээчдээс өдөр болгон шаардаж, ном бичигчийн гарын үсгийг эрж эхэлсэн. Холбоогоор дамжиж байгаа бүх захидлын гадна хаягийг тулгаж үзэж байсан гэдэг юм. Олон сар жилээр эрсэн юм билээ. Тэгээд нэг захидлын бичиг, номынхтой яг таарч. Тэр захиа нь "Үнэн" сонины ажилтан О.Цэдэндорж гэж хүнийх байв. Ингээд л баривчлагдсан байдаг. 1979 оны арваннэгдүгээр сарын 9-нд аав Дэнжийн мянгад байсан гэрээсээ гараад Баянбүрдийн хойноос уруудан орж ирсэн гэдэг. Тэгтэл машинтай хүмүүс хоёр талаас нь хүрч ирж зогсоод шууд сугадаж аваад суудлын тэрэгнийхээ ард, хоёр хүн голдоо хийгээд суучихсан гэдэг. Тагнуулын байгууллагынхан нэгжиж байцаагаад удалгүй Ганц худагт аваачаад хорьчихсон юм билээ. Ээж дүү хоёр гэртээ байсан чинь олон машинтай бөөн хүч очиж нэгжээд аавын бүх бичиг номыг авч явсан гэсэн. Аав минь өвчин хуучгүй, бие сайтай хүн байсны хувьд л тэр олон янзын эрүү шүүлтийг давж гарсан гэдэг юм. Хилс хэрэг хүлээлгэх гэж "Хятадын тагнуул", "Төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан", "эсэргүү" гэж байцаасаар олон жилийн ял тулгасан л даа. Аав минь, би үнэн юм хэлсэн, бичсэн. Над ямар ч буруу байхгүй гэж өчсөөр тулган таслуулсан. Ганц худагт хоригдож байхдаа үзэл бодолдоо үнэнчээ илэрхийлж 54 хоногийн өлсгөлөн зарласан гэдэг юм. Шороо чулуун шалтай хүйтэн өмхий нүхэнд ганцааранг нь хорьж байсан тухай номондоо бичсэн л дээ. Босч, өндийж чадахгүй байгаа аавыг минь "үхэж үү, үгүй юу" гэж байнга хүн явуулдаг байсан гэсэн. "Энэ муу эсэргүү өлсгөлөн зарлаж ашгүй өөрөө үхэх нь" гэж хорих ангийн удирдлагууд баярлаж байсан гэдэг юм. Аав минь нүхэн шоронгийн ханан дээр цусаараа "үнэн ялна" гэж бичсэн нь хэзээ хойно хүртэл байсан гэдэг. Би аавыгаа Мааньтын хорих ангид чулуун дээр ажиллаж байхад нь эргэж очсон. Даанч яав даа гэмээр хачин болсон байсан. Турж эцээд яс арьс болсон, хоёр нүд л гялалзаж байлаа. Аав минь хэзээний өөдрөг бодолтой, үргэлжийн цог золбоотой хүн байсан учраас, охиноо тэвэрч үнсээд "Зүгээрээ, аав нь зовсон юм огт алга" гээд инээж байсансан. Өөрчлөлт шинэчлэлтийн уур амьсгал мэдрэгдэж эхэлсэн 1980-аад оны дундуур аавыг минь сулласан. Зүгээр ч суллаагүй л дээ. Гурван жил нутаг зааж, нийслэлд орж ирэх эрхгүйгээр ажиллуулсан. Говь-Алтай аймгийн Тайшир сумын ногоо бригадад данс бүртгэлийн ажилтан болсон. Ажлыг бол хийсэн шиг хийдэг, хамт олонтойгоо эвсэг хүн байснаас аав минь тэнд нэг их зовж зүдрээгүй. Аав маань ардчилсан хувьсгал ялсны дараагийн жил 1991 онд таалал төгссөн. Аав минь ардчилсан хувьсгал, зах зээлийн нийгмийг ямар өрнүүн сэтгэлээр угтсан гээ. "Шинэ цаг ирлээ" гээд л хачин баярлачихсан, хавь ойрынхонтойгоо ярьдаг л юм энэ байсан. Төрийн цагаатгал үзүүлсэн. Монголын социал-демократ нам байгуулагдахад хамгийн түрүүн очиж элсээд хадаг сүү барьж байсан даа. Аав минь даанч энэ сайхан цагийг үзэж чадаагүй дээ. Аав минь шоронгоос гарч ирэхдээ зүрх нь муудсан байсан. Эрүүл агаарт бол гайгүй байгаад байдаг, хотын утаанд орж ирэхээрээ л зүрх нь тавгүйтдэг байсан юм. 1991 оны өвлийн тэр нэг өдөр "аавын чинь бие муудаад эмнэлэгт хэвтчихлээ" гэсэн мэдээ аваад хүрч очсон л доо. Нэгдсэн I эмнэлэгт хэвтсэн байлаа. "Аав нь хэдэн тариа хийлгээд, зүгээр болчихлоо. Удахгүй гарах байхаа" гээд хоолоо идэж, инээж хөхрөөд сууж байсан. Эргэлт оруулчихаад явсан чинь шөнө дууддаг байгаа. Шөнө дөрвөн цагийн үед "Аав чинь өнгөрчихлөө" гэж. Эмч нь солигдчихсон, нэг л хачин байцгаана билээ. Орой нь тийм сайхан байсан хүн хэдхэн цагийн дотор өнгөрчихлөө гэхэд, нэг л сонин санагдаад байсан. Энэ аймшигт явдлаас хойш ээж минь санаа сэтгэлээр унаж, хүнд байдалтай байсаар таван сарын дараа таалал төгссөн. Ингэж л манайх гэдэг айлын хоёр багана нэгэн зэрэг хугарч унасан даа...” гэж өгүүлсэн байх ажээ.
Энэ мэтээр соц нийгмийн үед шоронд өлсгөлөн зарлаж байсан явдал мэр сэр байх аж. Мөн нөгөө дуулиант эр Дугархорлоогийн амь насны хэрэгт гүтгэгдсэн Мөнхнасангийн Авирмэд гянданд 40 гаруй хоног өлсгөлөн зарлаад амжилтанд хүрсэн удаатай. Өөр бас хэд хэдэн хүн өлсгөлөн зарласан түүхтэй. Ядамсүрэнгийн салхийг нь хагалсан эрх чөлөөний замаар олон арван хоригдол замнаж явсаар 1990 оны ардчилсан хувьсгалтай золгожээ. Очирын Ядамсүрэн нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын хүн бөгөөд анх халаасны хулгайн хэргээр шоронд орсон байна. Жигтэйхэн цэмцгэр хувцасладаг, зарчимч шударга хүн бөгөөд одоо ч амьд буй. Анхныхаа хэргийг үйлдэх үедээ дипломат барьж, ромбо, зангиа зүүчихээд хармаа суйлаад явдаг байсан хэмээн зарим нэг хүн ярьдаг л юм. Гарын авъяасын хувьд дэндүү уран хүн ажээ. Маш сайхан зурдаг бөгөөд халхын шоронд олон арван зураг үлдээсэн гэнэ. Өөрийнхөө үзэл бодлыг хамгаалаад ямар ч том даргатай сөргөлдөж чаддаг туйлын зоригтой хүн байж. Нэгэн удаа түүнд хорих ангийн дарга нь Лениний зургийг зурах үүрэг даалгавар өгчээ. Гурав хоногийн дараа маш сайхан зурчихаад даргыгаа дуудаж үзүүлтэл захиргаадалтын үеийн хямсгар дарга янзыг нь үзэх санаатай үл ялих шалтагаар зургийг нь өөнтөглөжээ. Гэтэл Ядамсүрэн уурлаж босож ирээд “Энэ муу хувхай оросыг чинь би яаж мэдэх юм бэ?” гээд зурсан зургаа ураад хаячихсан гэдэг. Ядамсүрэнгээс гадна Чаргарав гэдэг бас нэг зарчимч шударга хүн Монголын шоронд зохих мөрөө үлдээжээ. Дээхэн үед хятадуудын барилгын инженер хийж байсан Чаргарав нь 1964 онд нэг сая төгрөг шамшигдуулсан хэргээр 15 жилээр яллагдан Улаанбайшингийн шоронд очжээ. Энд ирээд хожим “Гурван хөшөөтийн амралт” гэж нэрлэхдэх болсон дээд хэмжээтнүүдийн сахилгын байрны зураг төслийг гаргаж өөрөө гардан барьжээ. Мөн Мааньтын шоронгийн хэрмэн хашаа, 20 автомашины гарааж мөн шохой шатаадаг баюуны зураг төслийг гаргаж мөн л өөрөө гардаж барьсан байна. Ер нь шоронд маш их юм хийж бүтээсэн гэлцдэг. Чаргарав нь хоолны дэглэм маш сайн баримталдаг бөгөөд өдөрт 3 ширхэг ёотон байнга хүлхдэг байж. Хоол унд граммладаг жижиг граммын туухай биедээ байнга авч явдаг байжээ. Хоригдол хүн 300 грамм талх идэх ёстой гэвэл тэр л талхаа иднэ. Авчирсан талхыг граммлаж үзээд 300 граммаас илүү байвал илүүг нь буцаагаад өгчихнө. Дутуу байвал нэхсээр байгаад гүйцээж авдаг ийм л зарчимч шударга хүн байж. Зөв зүйтэй юмны төлөө бас өлсгөлөн зарлаад үзсэн байна. Өсгөлөн гэснээс Монголын шоронгуудад хамгийн айхтар өлсгөлөн болж байсан үе нь 1990-1993 оны үе ажээ. Ялангуяа Мааньтын шоронд өлсгөлөн гэгч нь ёстой л дээд цэгт хүрч хоригдлууд зудтай жилийн хонь, ямаа шиг л хиарчээ. Өдөрт 4-5 хоригдол тураалаар үхэх нь ердийн үзэгдэл болсон байна. Энэ үед дээхэн үеийн шоронгийн босс “Шулга” Сандаг Мааньтын шоронгоор бас шүргээд авчээ. Тэрбээр нэгэн оройн тоон дээр: “Энэ өлсгөлөн тураал чинь хэрээсээ хэтэрлээ. Та нар ямар ялаа алж байгаа биш, наана чинь хүн үхэж байна. Ийм байдлаар үргэлжлээд байвал бид тэмцэл хийнэ” гэжээ. Тэгтэл маргааш нь Сандагийг ерөнхий журам сахиулагчаар томилж тусгай өрөөнд тусгай хоолтой байлгах болсон гэдэг. Мөн 17 жил шоронд ял эдэлсэн Дундговь аймгийн дуулиант эр Н.Ганзориг ярихдаа: “Мааньтын шоронд өдөрт 4-5 хоригдол өлсгөлөнгөөр тогтмол үхдэг байлаа. Би дандаа газар шороог нь ухаж ажил явдлыг нь гүйцэтгэдэг байсан. Хоригдлуудыг цогцсыг миний жижүүр хийдэг өрөөний хажуу талын галладаг котельд оруулна. Тэндхийн муур нь час улаан нүдтэй том алаг муур байсан. Тэр муур үхсэн хоригдлуудын хамар чихийг идчихсэн байж билээ. Монгол улс тэр үед дэндүү доошоо орсон шүү!” хэмээсэн юм. Мааньтаас наашаа найман км газарт “Дэн-Дун”-гийн оршуулгын газар бий бөгөөд энд тураалаар үхсэн мянга мянган хоригдол нойрсож байна. Хүнийхээ шарилыг ав! гэж ар гэрт нь хэл хүргүүллээ ч ирж авдаггүй байсан гэлцнэм. Харин Дорнод аймгийнхан махны машинд баахан австай ирж өөрийнхөө аймгийн хоригдлуудын цогцсыг ачаад явсан бөгөөд бусад аймгийн бүх хулгайч нар эл явдлыг хараад “”Ар гэр, амьдрал гэж ийм л байдаг юм байна” хэмээн нулимс унагасан ажээ. Тураалаар үхэж байгаа хоригдол үхэх өдрөө яг мэддэг байсан гэлцнэм. Ор дэрэндээ бааж шээгээд байсан нөгөө сул биетнүүд чинь үхэхийнхээ өглөө гэнэт хөдөлгөөнд орж “За, миний найзаа, ганц тамхи татуулчих. Сайхан цай уучихмаар байна. Би өнөөдрөөс хэтрэхгүй болчихлоо. Алив хоёулаа нэг сайхан бааварлаадахъя” гээд нүгэлтэй сэргэлэн болчихдог ажээ. Амь нь хаана байсан юм гэхээр хүмүүс учиргүй яриад эхлэхээр хүн айдаг, бараг л араг яс босоод ирэх шиг болдог хэмээн нүдээр үзсэн хүмүүс толгой сэгсрэн гасална. Заим нь бүр үхсэн амьд нь мэдэгдэхгүй байсаар өдий болдог байж. Оройн тоонд жагсах гээд чадлаараа гүйж яваад нүүрээрээ харуулдаж ойчоод газар дээрээ нам үхсэн тохиолдол ч байдаг байна. Мөн Кайдарбек гэдэг казак эр өлсөхийн эрхэнд худгана барьж идсэн гэдэг. Кайдарбекийн ар гэрийнхэн байнга эргэж ирдэг хэдий ч тэрээр өгсөн мөнгө төгрөгийг нь хэдхэн хоногийн дотор идээд дуусгачихдаг байна. Тэгээд хогийн бункер дотроос хулгана бариад шорлог хийж идэж байгаад баригджээ. Мөн өлсөхийн эрхэнд жорлон дотроос хатсан баас түүж идсэн хоригдлууд ч нэг бус удаа гарсан байна. Ийнхүү 1990-ээд оны Мааньтын шоронгийн өлсгөлөн Монголын шоронгийн түүхэнд дэндүү муухай хар түүх үлдээжээ. Зөвхөн ерээд он гэлтгүй 2014 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа 409-р хорих ангид 80 орчим хоригдол өлсгөлөн зарлаж байлаа. Тэд “Монгол улсын ямар ч хуулинд байхгүй ялгааны шорон 409-р ангид бий боллоо. Энд хоригдлуудыг мөнгөтэй,мөнгөгүйгээр нь ялгаж,хуулийн хугацаа нь болсон зарим хоригдлын дэглэмийг буруулахгүй магадланд оруулахгүй байна” хэмээн өлсгөлөн зарлаж байсан юм. Мөн тэдгээр хоригдлуудад махны үйлдвэрийн муудсан махаар хоол хийж байна, энэ байдлаа зогсоо гэж тус хорихын удирдлагуудад асуудлыг тавьж байлаа. Өлсгөлөн зарласан 80 хоригдлыг 2013 онд бусад хорих ангиудаас татаж авчирсан байна. Хоригдлуудын дийлэнх нь 5-25 жилийн ялаар шийтгүүлсэн байх бөгөөд тэднийг өмнөх хорих ангийнхаа удирдлагуудын тушаал шийдвэрийг эсэргүүцэж, хэл ам таталдаг байсан болохоор нь ийнхүү ялгахад хүрсэн гэдэг. Тэдгээр хоригдлууд ар гэрийнхнээрээ дамжуулан Хүний эрхийн коммист хандаж байсан бөгөөд үүний хариуд Хүний эрхийн коммиссынхон “Албан ёсоор өргөдлөө гарга. Хэн яаж хохироод байгааг нэр устай нь бичээд ир” гэжээ. Гэвч хоригдлууд “Хэрвээ нэр усаа бичиж өргөдөл өгвөл хорихын удирдлагууд биднийг тусад нь дарамтална. Тиймээс наян хүн бүгд өлсгөлөн зарлана” гэж мэдэгдэж байлаа. Ингэснээр тэдний хэл ам намжиж байсан удаатай.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=