ЗАЛУУ УЛСТӨРЧДИЙНХӨӨ ЗАМД БҮҮ СААД БОЛ!




“Монголд амьдрах тамын тогоонд чанагдахаас хэцүү” гэсэн хэлц үг гартал монголчуудын амьдрал сүүлийн хэдэн жил хэцүүдсэн. Энэ нь ихэнх тохиолдолд иргэдийн зүгээс бус төр засгийн гэнэтийн хатуу шийдвэрүүд, иргэдээ боддоггүй улстөрийн бодлогоос хамаарч байгааг олон нийт шүүмжилж, байр сууриа илэрхийлдэг. Хамгийн сүүлийн жишээ гэхэд, тэгш сондгой дугаарын хязгаарлалт хийх болсныг гэнэт л зарлаж, ард иргэдийг амралтын өдрөөр айхтар бужигнуулав. Тээврийн цагдаагийн албанаас энэ талаар мэдээлэхдээ, “иргэдийн саналыг үндэслэн” хэмээн тодотгов. Үнэндээ ийм санал асуулга хаана хэзээ болсныг хариулах албан тушаалтан өнөөдөр олдохгүй байгаа бололтой. Уг нь бол ЕБС-ийн бага ангийнхны амралт эхэлчихсэн, харьцангуй хөдөлгөөн сийрч эхэлж байгаа долоо хоног эхэлж байгаа билээ. Гэтэл ямар шийдвэр, тушаалаар ийм гэнэтийн шийдвэр гаргаж иргэдээ бухимдуулах болов? Харин Хууль зүйн сайд Б.Энхбаяр энэ гэнэтийн шийдвэрийг нэн даруй цуцалж, “Албажаагүй, ам шийдвэрээр иргэдийн эрхийг хязгаарлахгүй” хэмээгээд дугаарын хязгаарлалтыг хэвийн болгохыг Цагдаагийн ерөнхий газрын даргад үүрэгдсэн юм. Мөн цаашид ч иргэдийн амгалан тайван амьдрах эрхэнд албан тушаалын нөлөөгөөр халдахгүй байхыг бүх байгууллагадаа тушааж, хариуцлага алдсан албан тушаалтанд ямар арга хэмжээ авахаа эргэн мэдэгдэхээр болсон.
Үүнтэй адил УИХ-ын дарга Н.Учрал ч ажлаа авснаас хойш чуулганыхаа хуралдаанд суудаггүй, хэт улстөрждөг, асуудлыг дэвэргэдэг, эх орныхоо эрх ашгийн эсрэг дуугардаг төрийн түшээдэд хатуухан сануулга өгсөн. Ирцээ бүртгүүлчихээд Их хурлын танхимаас гараад явчихдаг эрүүл бус тогтолцоог ч өөрчилнө гэдгээ мэдэгдсэн. Албан тушаал, ашиг сонирхлын асуудал орж ирэхээр арзайтал олноороо суучихаад ард иргэдийн амин чухал асуудлыг хэлэлцэх болохоор бие нь байтугай сүнс нь ч байхгүй болчихдог УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохоо амласан билээ. Тэр ч байтугай өөрийнх нь амь насанд заналхийлж байгаа тэмцэгч нэртэй нөхдөд хууль үйлчилдгийг сануулав. Бусад улстөрчид “Миний амь насанд халдах гэлээ” хэмээн хашгирч өөрийнхөө нэр төрийг өргөхийг л боддог байснаас хуулийн байгууллагад шалгуулж, худал үнэнийг тогтоохыг боддоггүй байлаа. Х.Баттулгын өмгөөлөгч гэгдэх Д.Пүрэвбаатар гэгч этгээд өнгөрсөн хавраас эхлэн Н.Учралын амь насанд халдах утга бүхий бичвэрийг өөрийн нүүр номын хуудсаар дамжуулан удаа дараа оруулж байсан билээ. Тэрээр “Хүрэлсүх ээ, Учралаа, Сү.Батболд оо, Оросоос том машины жолооч нар ирж байгаа шүү. Тэд Украинд байлдаж байгаад ирсэн” “Ураанчид Учралыг алах бололтой” гэх мэтчилэн сүрдүүлгийн өнгө аястай бичиж байжээ. Харин үүнд Н.Учрал хариулахдаа “Надад хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага байхгүй. Янз бүрийн пост хийж нийгмийг эмх замбараагүй байдалд оруулж, төрийн ажлыг жонхууруулдгаа таслан зогсоохыг шаардаж байна. Ямар постоор, хэнийг заналхийлэх нь хувь хүний асуудал. Гэхдээ Монгол бол хуультай, төртэй орон" гэж хариу барьсан юм.
Олон жил хуульгүй улсад амьдарч буй мэт хулгай, авлига хоёроор амин зуулгаа болгож ирсэн нөхөд айхдаа ийнхүү янз бүрээр хашгирч буй бололтой. Хууль үйлчилдэг болсон цагт хулгай зогсоно, худал хийрхэгчид ч үнэний өмнө бууж өгнө. Зоригтой, зорилготой залуу улстөрчдийнхөө замд бүү саад болоорой.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=