ӨВӨРМОНГОЛ ЗАЛУУ ХЯТАДЫН WECHAT-ААР “ХУВЬСГАЛ МАНДТУГАЙ” ГЭЖ УРИАЛЖЭЭ



Бүх Хятадыг эсэргүүцээд эвгүй үг хэлчихдэг өвөрмонгол хүн мэр сэр байдаг. Тэд арай ч бүх нийтээрээ Хятадыг дагаж гүйдэг долдойнууд болчихоогүй. Мянган хүн тутамд зүрх зоригтой ганц эсэргүү байдаг гэж бодвол таван сая өвөрмонгол хүнд дор хаяад таван зуун “эсэргүү” байж л таарна. Тиймдээ ч Хятадын WeChat-ын бүлгэмүүдээр хужаануудыг муулсан мэдээ үе үе явж л байдаг юм. “Бээжингийн засгийн газар сөнөтүгэй. Бид Хятадаас урван тэрсэлж байна” гэх мэтийн эсэргүү мэдэгдэл хийж гэмээнэ улс төрийн тэмцэл болчихно. Харин нутаг орныхоо байгаль орчныг хамгаалах, хэн нэгэн бүдүүн даргын үнэн нүүр царайг илчлэх зэрэг нь улс төрийн тэмцэл биш ахуй амьдралын тэмцэл болоод явчихна.
Саяхан WeChat-ын нэгэн бүлгэмээр Зуун-Уд чуулганы Бүргэдбэх гэдэг залуу “Хувьсгал мандтугай” хэмээх шүлэг уншив. Тэгтэл бүлгэмийн ахлагч “Энэ чинь ахуй амьдралын тэмцэл биш улс төрийн тэмцэл байна. Наад шүлгээ бүлгэмдэхээ боль” гэж сануулав. Гэтэл Бүргэдбэх “Энэ шүлгийг 2012 онд Өвөрмонголын Дөрвөд хошуунд болсон бүдүүн дарга нарын “илжирмэл” дутагдлын эсрэг манайхан уншиж байсан юм. Тэр үед Бээжингийн засгийн газар Өвөр Монголыг “Хятадын эрчим хүчний бааз” гэж зарлаад манай Дөрвөд хошууны газрын баялагийг ухаж сэндийлэхийн хажуугаар малчдыг хүчээр нүүлгэн шилжүүлж, үржил шимт нутаг бэлчээрийг нь сүйтгэх болсон юм. Тэгэхээр энэ чинь ахуй амьдралын бачим хэрэгцээ мөн биз дээ” гэсэн тайлбар тавьж байлаа.
Үнэндээ 2012 онд Дөрвөд хошууны засаг захиргаа тус нутгийн малчдыг төрөлх нутгаасаа нүүхийг шаардаж, өөр газар нутагт нүүлгэн шилжүүлэх тухай захирамж гаргасан байдаг. Тиймээс нутгийн зарим иргэд үе удам дамжин амьдарч ирсэн газар нутгаасаа нүүхгүй гэж эсэргүүцээд жагсаал цуглаан хийжээ. Гэтэл тэрхүү жагсагчдын толгойлогч болох 35 настай Мэргэн гэдэг залууг кабиндаа хоёр хятад дарга суулгасан 24 тонны жинтэй хүнд даацын машин шууд дайраад алчихжээ. Үүнээс болж Өвөрмонголын малчин ардын уур хилэн бадарч, талийгаач Мэргэний хар багын найз Жавхлант хэмээх залуу тус нутгийн 20 орчим хүнтэй нийлээд Хятадын нүүрсний уурхай дээр очиж албан газрынх нь цонхыг хагалж, улмаар малчид болон уурхайн ажилчдын дунд сүртэй зодоон үүсгээд авчээ.
Энэхүү зодооны үеэр Сунь Шунин гэгч хятад эр тэмцлээ илэрхийлж явсан Баатар хэмээх 22 настай залууг мөн л хүнд даацын машинаар дайраад алчихжээ. Ингээд хоёр ч удаагийн эсэргүүцлээрээ хоёр сайхан хүнийхээ амь насыг золионд гаргасан малчин залуусын уур хилэн улам ихээр буцлаад ирсэн байна. Үүнээс үүдээд өвөрмонгол малчдын дунд эмх замбараагүй явдал газар авч, төдөлгүй тэд хоёр мянга орчим хүний сүрт жагсаал зохион байгуулж гартаа “Монгол малчныг дураараа алж болохгүй”, “Миний Монгол”, “Чөлөөт Монгол” гэсэн бичигтэй лоозон барьцгааж малчдын эрх ашгийг хамгаалахыг орон нутгийн эрх баригчдаас шаардахын сацуу дээр өгүүлсэн Жавхлант хэмээх залуу “Хувьсгал мандтугай” хэмээх эсэргүү шүлэг уншсан байна. Жишээ нь:
Үжирсэн дорой Бээжин засаглалыг Өмнөд Монголоос үүрд арчиж
Үүлдэр нь доройтсон бүдүүн даргануудыг өндөр сэнтийд залмааргүй байна
Үелэж удамлан хүзүүн дээр сандайлж буй үй олон хужаануудыг
Үржил шимт нутаг орноосоо үтэр түргэн зайлуулмаар байна
Хуучин бүхэндээ дасан зохицсон улаан дарангуйлагч хятадууд
Хувьсгал, тэмцэлээс айсандаа л “Тайван байцгаа” гэж шулганаж байна
Хурц улаан туг гартаа өргөөд бадрангуй түмнийг уриалаад
“Хувьсгал мандтугай, урагшаа” гэж бардам омголон хашгирмаар байна.
Гэхдээ энэхүү шүлгийг Хятадын нөхцөлд тохируулж гуйвуулсан байх аж. Энэ нь манай зохиолч Б.Ойдовын "Хувьсгал мандтугай” хэмээх шүлэг бөгөөд үүнийг 2008 оны 7-р сарын нэгний үймээн самуун, мөн Ху намын цагаан ордон шатсан энэ тэр гээд бөөн дуулиан өрнөж байх үед бичиж хэвлүүлжээ. Тэр шүлэг нь нэг иймэрхүү.
Үжирсэн дорой засаглалыг уулганч Ленин шиг түлхэн унагаж
Үүлдэр нь доройтсон удирдагчдыг дахиад огт хармааргүй байна
Үелэж удамлан олон жил хүзүүн дээр сандайлж буй ноёдыг
Өндөр төрийн данс руу хумсаа дүрэхийг дахин дахин тэвчмээргүй байна
Хуучин бүхэндээ дасан зохицсон хувхай ёдор түшмэдүүд
Хувьсгалаас айсандаа л “Тайван байцгаа” гэж бувтнаж байна
Хувьхан заяаны төр улсаа хувалзны өрөнд сэглүүлчихээд
Хувиа хичээж, довоо шарлуулан тэрүүхэн тэндээ бүгэцгээж байна
Хувьсан өөрчлөгдөхийг хуулиар хорих нь хохой халаг байгаа
Хурдасгуур нь удааширсан худалч төрийг хуйгаар нь авч солимоор байна
Хурц улаан туг гартаа өргөж бадрангуй түмнийг уриалаад
“Хувьсгал мандтугай, урагшаа” гэж бардам омголон хашгирмаар байна
Дорой ядуугаа хүлээн зөвшөөрч эвлэрсэн олон түмэндээ
Долоон сарын нэгний эрч хүчийг давтуулж нэг амсуулмаар байна
Далан жил ноёрхсон Ху намын байр өрвөлзсөн галд автсан шиг
Даварсан авилгачдын оромж түймэрт өртөхийг дахиад нэг хармаар байна... гэх мэт.
Тэртээ 2008 онд бичигдсэн гэхэд энэ шүлэг өнөөгийн нөхцөлд улам их тохироод байгаа юм. Ер нь Б.Ойдовын зохиолуудыг Өвөр монголчууд маш их сонирхдог, тэр хэрээрээ номуудыг нь хулгайгаар хэвлэж ирсэн нь олонтаа. Дээрхи шүлгийг Өвөр Монголын яруу найрагч До.Сэчинбаатар криллээс уйгаржин руу хөрвүүлж, харин Жавхлант хэмээх залуу өөрийнхөө нутаг орны нөхцөлд тохируулан бага зэрэг гуйвуулсан байх аж. Нэгэнт эсэргүү, бас хориотой шүлэг уншсан болохоор дөнгөж уншингуутаа л Жавхлант тайзнаас буугаад зугтчихжээ Тэгэхгүй бол шууд баривчлагдана. Ер нь Хятад улсад эсэргүү шүлэг унших хориотой байдаг бөгөөд Хятадын коммунистууд Монгол үндэстнийхээ эрх ашгийн төлөө үгээ хэлсэн зүрх зоригтой өвөрмонгол залуусыг нухчин дарж ирсэн нь нууц биш ээ.
Харин саяхан Бүргэдбэх гэдэг залуу WeChat-ын бүлгэмээр “Хувьсгал мандтугай” гээд аваад хаячихсан нь өнгөрсөн жилээс Өвөр Монголын Жирэм аймагт бүдүүн дарга нарын “илжирмэл” дутагдлын эсрэг тэмцэл хийж эхлээд буй зовсон малчдын дуу хоолойг дэмжих зорилго агуулжээ. Бүргэдбэх гэдэг энэ залуу ч асуудалд орох нь орсон байх аа.
Эрэн сурвалжилсан Б.Тэмүүлэн
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=