ЭХНЭРЭЭ ХӨНӨӨЧИХӨӨД ТАЙГАД 2 ЖИЛ БҮГСЭН Л.МӨНХБАТ


Эхнэрээ хөнөөсөн Л.Мөнхбатыг бүтэн хоёр жил эрэн сурвалжилж, цагдаагийнхан хэсэгтээ л ацан шалаанд орж, гэмт этгээд газрын гаваар оров уу гэлтэй алга болжээ. Гэвч Гачуурт тосгоны уулнаас улс орон даяар хайж байсан хүн амины хэрэгтнийг баривчлав. Лхагва овогтой Мөнхбат нь хамтран амьдарч байсан бүсгүй Г-г хөнөөсөн хэрэгт сэжиглэгдээд оргон зайлжээ. Тухайн үед Төв аймгийн нутагт цагдаагийнхан нисдэг тэргээр эрэл хийж байсан нь дуулиан тарьж байсан юм. Мөн УМБГ-ын “Онц хүнд зохион байгуулалттай гэмт хэргийг мөрдөх” хэлтсийн дарга, хошууч Д.Отгонжаргал тэргүүтэй цагдаагийнхан сэжигтэн Л.Мөнхбатын араас хайж байгаад тайгад төөрч хөлдөхөө дөхөж сандралд оруулж байсан түүхтэй. Эл этгээд хоёр жилийн турш уул тайгаар амьдарч ан амьтны махаар хооллож шилийн сайн эр болон манаргаж явжээ. Ноцтой гэмт хэрэгтнийг баривчилсан багийн гишүүн болох Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн Гачуурт дахь цагдаагийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Батмөнх энэ тухай ийн өгүүлснийг хүргэе.
-Гэмт хэрэгтнийг яаж баривчилсан бэ?
-Тэр өдөр Улиастайн эхэнд аргамжаатай хоёр морио алдлаа гэсэн мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу Гачууртын цагдаагийн ажилтнууд эрэн сурвалжлах ажиллагаа явуулав. Эсгий гуталтай дээлээ дулаалсан хүн хулгай хийсэн мөр олж илрүүлэн хайсан боловч цас мөстэй замд боогдоод буцсан юм. Гурав хоногийн дараа бямба гаригийн 10 цагийн үед малын эрэлд явсан иргэнээс мэдээлэл ирсэн. Гачууртын Заан Тэрэлжийн ууланд модноос адуу малын мах дүүжилчихсэн нэгэн этгээд байна гэсэн мэдээллийн мөрөөр орсон. Цагдаагийн ажилтнууд иргэдийн хүчийг нэмэгдүүлэн Заан Тэрэлжийн уул тайгад эрэлд гарсан. Тэр өдөртөө зургаан групп гаргаж эрэл хийгээд маргааш өглөө нь хулгайчийн халуун мөрөөр орсон. Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн Л.Мөнхбатыг үйлдэл дээр нь баривчилсан.
-Гэмт хэрэгтэн ямар байдалтай байж байх юм. Эсэргүүцэл үзүүлсэн үү?
-Эхлээд биднийг харахдаа анчин гэж эндүүрсэн байх. Бид буу зэвсэг агссан дээл өмссөн морьтой хэдэн хүмүүс байсан. Хутга шөвөгтэй гэсэн мэдээлэл бидэнд байсан болохоор бид байрлаж байгаа үүрэнд нь оронгуутаа шууд буу тулгасан. Л.Мөнхбатын хаж­уу талд нь балиуснууд, хөлийнх нь дор сүх хэвтэж байсан. Сүхэндээ хүрч чадаагүй ч эсэргүүцэл үзүүлж ноцолдсон. Манай цагдаа түүний өвдөг рүү өшиглөж сөхрүүлж суулгах үеэр гарыг нь хүлсэн. Энэ этгээд 2010 онд СХД-т хамтран амьдарч байсан эмэгтэйнхээ амийг хөнөөгөөд оргон зайлсан байдаг. Энэ үеэр Гачууртын цагдаагийн тасгийн дарга би, Х хорооны хэсгийн байцаагч дэслэгч Д.Баяр-Эрдэм, хорооны цагдаа ахлах ахлагч Д.Хүрэлбаатар, жижүүрийн цагдаа дэд ахлагч Л.Мөнхбат нарын бүрэлдэхүүн иргэдийг дайчилж ажилласан. Гачууртаас 50 км орчим газар Хан Хэнтийн уулын салбар тайгад бүгж байсан. Битүү цастай, их бартаатай газар. Овоохой барьчихсан дотор нь зуух, ор дэвсгэр гээд хүнд хэрэгтэй бүхэн байна лээ.
Ийнхүү улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж цагдааг­ийнхныг цагтаа мухардалд оруулж явсан Лхагва овогтой Мөнхбат нь 37 настай. Бүрэн бус дунд боловсролтой. Төв аймгийн Жаргалант сумын харьяат. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдарч байгаад салсан. Хожим дахин эхнэр авч тэр бүсгүйнхээ аминд хүрсэн хэрэгт сэжиглэгдээд оргожээ. Тэрбээр эхээсээ дөрвүүлээ. Айлын том. Одоо аав, ээж нь Жаргалант сумандаа амьдардаг. “Бух” хочтой, бөх барилддаг. Эрхэлж байсан ажлын хувьд мал аж ахуй, барилгын ажил эрхэлж байсан. Мөнхбат ууланд амьдрах болсон цагаасаа хойш зун цагт тарвага, зурмаар хооллож идэж үзээгүй амьтан гэж бараг байхгүй болсон бололтой юм. Өөрийнх нь яриагаар өнгөрсөн сард чонын мах иджээ. Чонын мах хэл ам дарвигнуулаад халуу оргиод айхтар л байдаг гэнэ. Гэмт хэрэгтэнд хутга, сүх байснаас галт зэвсэг буу байгаагүй аж. Тэрбээр хутганы тусламжтайгаар шархадсан чоныг нударчих­сан байна. Түүнд майхан сав, яндан зуух, таван литрийн багтаамжтай түмпэн, адууны ширэн дэвсгэр, хөнжил пүүгээ зэрэг эд хэрэглэл байжээ. Эд хогшил дунд нь эртний бололтой радио ч байв. Хоёр шуудай дүүрэн мах хэргийн газраас олдсоныг нь өнөө малаа алдаад эрэл болж байсан эзэн нь авчихсан гэнэ. Улаан шоргоолжны үүр хамгийн дулаан байдаг гэж сонссон тэрээр хээр тайгад унтахдаа шоргоолжны үүрийг ашиг­ладаг байсан тухайгаа гэмт хэрэгтэн ярьсан юм. Ийм л маягаар хүнээс дайжсан Л.Мөнхбат хот руу хааяадаа орж хүнс, унааны зориулалтаар адуу мал хулгайлж амьдарч байжээ. Хамгийн сүүлд оргодол эр хоёр адуу хулгайлж авснаа тайгад очоод нэгийг нь хэдийнэ төхөөрчихсөн, махыг нь арьсанд нь туламлаад модонд өлгөчихсөн байжээ. Тайгад 2 жил бүгсэн Л.Мөнхбатын хэргийг яаж шийдсэн тухай сонин хэвлэл дээр огт гараагүй юм. Бодвол цаазын ял оноосон буй заа.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=