
Арван таван толгойтой атгаалжин хар мангас гэдэг шиг л МАН-ынхан сүүлийн хэдэн сар “Админерал” гэх компаниар арай дэндүү наадаж байна. Үнэн хэрэгтээ энэхүү компани нь улсад татвараа төлөөд, ус байхгүй говьд технологийн хөгжлийг ашиглаж, нүүрс цэвэрлэх угаах байгууламж өөрсдийн хөрөнгөөр барьсан ч өнөөдөр түүнийг нь битүүмжилчихсэн. Харин одоо тус компанид хамаарал бүхий хүмүүсийг ээлж дараагаар нь барьж хорьсоор байна. Тус компанийн гүйцэтгэх захирал Ц.Лхамжавыг өчигдөр цагдан хорьсон бөгөөд өмнө авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, оргон зайлсан гэх үндэслэлээр саатуулжээ. Тэрээр МАН-ын Хэвлэл мэдээлэл, цахим бодлогын асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдын төрсөн ах бөгөөд Ц.Чулуунзагд нь Д.Амарбаясгалантай ойр ажилладаг байв. МАН-ын дотоод “зодоон”-ы улмаас Д.Амарбаясгаланг зайлуулахын тулд хамтран ажилладаг хүмүүсийг нь толгой дараалан шалгаж эхэлсэн билээ. Хэдийгээр Ц.Чулуунзагд “Миний ах намайг хүүхэд байхын л бизнес эрхэлдэг байсан, би энэхүү компанитай нь ямар ч хамааралгүй” гэж мэдүүлсэн ч цагдан хорьсон байдаг. Одоо ахыг нь араас нь хорьжээ. Хууль зүйн сайд Б.Энхбаярын мэдээлснээр, “Админерал” компаниас Ц.Чулуунзагдын эхнэр болон ах нь 100 тэрбумын хахууль авсан гэдэг. Харин үүнийг Ц.Лхамжав тайлбарлахдаа “Хятадын хоёр компанитай хамтарч энэ үйлдвэрийг байгуулсан бөгөөд хөрөнгө оруулалт хийсэн” гэж хэлдэг. Гэвч өнөөдрийг хүртэл энэ сэдвийг улстөрчид өөрсдийн оноо авах, нэр хүндээ өсгөх, өөрт ашигтай хувилбараар эргүүлэх зэргээр ашиглаж байгаагаас биш үнэхээр хээл хахуулийн хэрэг байсан эсэх асуудал дээр хуулийн байгууллагаас хараахан дүгнэлт гараагүй байгаа юм. Аль хоёр жилийн өмнө болсон нүүрсний сонсголын үеэр ч энэ асуудал яригдаж байсан бөгөөд тухайн үеэс эхэлж шалгалаа гэхэд өнөөдөр цэг тавьж, зөв бурууг нь дэнслэх хангалттай хугацаа өнгөрөөд байна. Гэтэл хэсэг байж байгаад л нийгмийг самууруулж, хоёр талцуулж, айхтар том хэрэгтэн илрүүлсэн мэтээр байсхийгээд “Админерал” гэх энэ хэргээр шоудахаа боливол яасан юм бэ. Улсын төсвийг уул овоо шиг залгичихсан нөхдөөсөө хариуцлага нэхдэггүй байж, хувийн компанийн асуудал руу ороод хоёр хүний өгөө авааны асуудлыг хэдий болтол улстөржүүлэх юм бол? Хуулийн байгууллага нь шалгаж мөрдөөд явж байгаа ажлын урдуур Хууль зүйн сайд нь байн байн орж, хэрэгтэн гэж шүүхээр эцэслэн шийтгээгүй байхад хэрэг тохоод байгаа нь зүйд нийцэхгүй. Ах дүү хоёрыг ээлжилж хорьж цагдаж байгаагийн цаад шалтгаан нь МАН-ын ах нар нь эрх мэдлийн төлөөх эцэс төгсгөлгүй “зодоон”-доо золиос болгон ашиглаад байгаа юм биш биз дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.