Вольф хүү багадаа лунатизм буюу зүүдэндээ босч явдаг, ухаангүй байгаад элдвийн зүйлс хийдлэг өвчтэй байсан ч хүйтэн устай тэвшинд оруулах эмчилгээ хийлгэсний дүнд хэдхэн хоногийн дараа зүгээр болжээ. Вольфыг зургаан нас хүрмэгч Синагогийн дэргэдэх сургууль Хедерт өгсөн ба тэнд голдуу Талмудын сургаал заадаг байв. Вольф маш сайн ойтой байсан болохоор Талмудын сургаалийн бусдаас илүү сурсан байна. Чухамхүү энэ авъяасынхаа хүчээр тэрээр Шоло Алейхемтэй уулзах боломж тохиожээ. Хедер сургууль болон гэрт нь давамгайлж байсан шашны уур амьсгал хүүг хэтэрхий сүсэгтэй, бие даасан бодолтой, бас их цочромтгой болгосон гэдэг. Хүүгийн сүсэг бишрэл, Талмудын сургаалийг цээжлэх чадварыг үнэлж, шашны зүтгэлтнүүдийг бэлтгэдэг иешибот хэмээх тусгай сургуульд оруулсан байна. гэвч хар өмсгөл өмсөх нь Вольфод таалагдахгүй байсан болохоор хувь заяаны тийм замыг сонгохоос эрс татгалзсанаас болж багш нартайгаа маргалдан, улмаар тэднээс холбоогоо тасалжээ. Гэтэл жаал хүү хожим их удаан хугацааны турш итгэх болсон “гайхамшигтайгаа” учирсан гэдэг. Нэг удаа аав нь мухлаг руу тамхи аваад ир хэмээн явуулжээ. Нар жаргаж бүрэнхий болсон хойно жаал хүү гэрийнхээ үүдэнд дөхөж иртэл цагаан хувцастай хүний аварга том дүрс үүднийх нь шатан дээр харагдаж, их сахал, булчинлаг өргөн нүүр, жирийн биш гялалзсан харцыг нь хүү олж харав. Өргөн ханцуйтай гараа дээш тэнгэр өөд өргөөд тэр хүн хэлж байх юм гэнэ.
-Хүү минь, дээд тэнгэр намайг чам руу илгээлээ. Ирээдүйг чинь хэлж өгөхөөр ирлээ, би. Иешибот сургуульд ор. Чиний мөргөл залбирал Бурханд хэрэгтэй. Энэ бүгдийг харж сонссон дэндүү эмзэг, бас ихээхэн сүсэгтэй жаал хүүд ямаршуухан сэтгэгдэл төрсөн нь ойлгомжтой. Хүү газарт унан ухаан алджээ. Тэгээд сэргэмэгцээ аавдаа бүгдийг ярьж өгөхөд аав нь “Бурхан тэгж хүсчээ. Тэгэхээр чи шашны сургуульд явах нь зөв” гэснээр Вольф хүү бууж өгчээ. Түүний сурах ёстой иешибот өөр хотод байсан тул Вольф гэрээ орхин явахад хүрэв. Хүү тэнд хоёр жил сураад раввин буюу еврейчүүдийн шашны номлогч болов. Нэг удаа Волфын амьдардаг мөргөлийн гэрт чийрэг биетэй, өндөр нуруутай хэрмэл эр орж ирэв. Нэгэн цагт гэрийнх нь үүдэнд тааран, шашны сургуульд ор хэмээн бурханы өмнөөс хэлж байсан тэр хүнийг дууг таньсан хүү их гайхав. Вольф хүү анх уулзсанаасаа дутуугүй сандарчээ. Аав нь тэр хүнтэй тохиролцсон юм уу эсвэл мөнгө төлж байж ятгуулсан болохыг хүү ойлгов. Вольф хүүг иешеибот сургуульд сургахын тулд л тэгсэн хэрэг. Тийнхүү хуурсан нь жаал хүүгийн сэтгэлийг ихэд эмзэглүлж, тэр сургуулиа орхихоор шийджээ. Өөрийг нь хуурсан эцэгтэйгээ эргэн уулзах нь байж боломгүй зүйл гэж үзээд гэрээ орхин явахаар болов. Ингээд халаасандаа аравхан рубльтэй тэрээр хамгийн ойрын тамар замын буудалд хүрч, түрүүлж ирсэн хоосон шахам вагонд орж, сандад доогуур нь орж нуугджээ. Учир нь түүнд тасалбар байсангүй. Тасалбар шалгахаар орж ирсэн кондуктор сандал доогуур нуугдсан жаалыг харж, тасалбараа үзүүлэхийг шаардав. Тийм эвшүй үед Вольф хүүд хичнээн хэцүү байсныг төсөөлөхийн аргагүй. Түүний мэдрэл дээд цэгтээ хүрэн хямарчээ. Тэгээд гараа сунган, шалан дээр хэвтэж байсан цаасыг шүүрч авах үед тэдний харц мөргөлдөв. Тэр үрчгэр цаасыг кондуктор тасалбар гэж бодоосой хэмээн хүү сэтгэлийнхээ хамаг хүчийг шавхан дайчлав. Кондуктор цаасыг авч, гартаа эргүүлж тойруулж үзээд тасалбар цоологчийн хүнд эрүүнүүдийн завсар оруулаад тасхийн цоолох сонсогдов. Тэгээд “Тасалбартай байтлаа сандал доогуур яагаад шургасан юм бэ. Суудал байна шүү дээ. Хоёр цагийн дараа Варшавт хүрнэ. Мессингийн анхны авъяас чадвар сэтгэлээ хүчлэн дайчилсан тэр үед л ийнхүү илэрсэн гэдэг. Берлинд хшрээд Вольф Драгунгтрассед очдог хүмүүсийн элч зарлагын ажилд оров. Тэр эд юм зөөж, илгээмж хүргэн, сав суулга угааж, гутал цэвэрлэдэг байжээ. Маш бага мөнгө олдог байсан тулд их өлсдөг байжээ. Нэгэн тохиолдол таараагүй бол тэр ихээхэн эмгэнэлтэйгээр өнгөрөх байсан ч байж мэднэ. Нэг удаа түүнийг хот орчмын газарт илгээмж хүргүүлэхээр явуулжээ. Тэгж яваад өлссөнөөсөө болж, Берлиний гүүрэн дээр ухаан алдан унасныг нь хүмүүс олж эмнэлэгт хүргэжээ. Ухаан орсонгүй, зүрх нь цохилдоггүй, амьсгалахгүй болохоор нь талийгаач нарын цогцсыг түр хадгалах өрөөнд оруулж орхиод байтал хүүгийн зүрх цохилж байгааг нэгэн оюутан санаандгүй анзаарч мэдсэн байна. Гурав дахь хоног дээр нь профессор Абель гэгч хүүг ухаан оруулав. Абель бол авъяаслаг эмч, мэдрэлийн эмгэг зүйч, тэр хавьдаа л нэртэй нэгэн байжээ. Цус багадалт, тураал мэдрэлийн хямралаас болж тийнхүү ухаан алдсанг гэж эмч түүнд хэлсэн ба Вольф хүү бие махбодио бүрэн удирдаж чаддагийг мэдээд гайхаж, түүнийг “Гайхамшигт медиум” гэж нэрлэжээ. Ингээд Абель эмч Мессинг дээр туршил явуулж эхлэв. Юуны өмнө өөртөө итгэл төрүүлэхийг хичээж, хүссэн бүхнээ өөртөө тушаан хэрэгжүүлж чадна гэж түүнд хэлжээ. Тэгээд өөрийн найз, хамтран зүтгэгч сэтгэл мэдрэлийн эмч профессор Шмидтийн хамтаар Абель эмч хүүд албадан итгүүлэх эмчилгээг хийв. Сэтгэл бодлынхоо хүчээр ямарваа өвдөх мэдрэмжийг үгүй хийх чадварыг Абель, Шмидт хоёр түүнд эзэмшүүлэв. Эхлээд тэр илбэчин болж, цээжиндээ зүү хатгуулах, хүзүүгээ сүлбүүлэх зэрэг үзүүлбэр хийж байснаа үдэшлэг дуусахын хэрд саятан байдлаар хувцаслан гарч ирдэг байв. 1915 онд Мессингш өөрийн ивээн тэтгэгч ноён Цельмейстерын хамтаар Вена руу тоглолтоор явж, сэтгэл зүйн туршилтууд бүхий үзүүлбэрээ толилуулжээ. Венад байхдаа тэрээр Альберт Эйнштентэй уулзжээ. Эйнштен нэг удаа Мессингийн тоглолтыг хараад түүнийг гэртээ урьжээ. Тэднийд очсон Вольф гэрийн эзнээс гадна бас нэг хүнтэй таарсан нь Австрийн нэрт сэтгэл судлаач, сэтгэл зүйн анализын аргыг үндэслэгч Зигмунд Фрейд байлаа. Түүнийг даруйхан туршилтанд орохыг чухамхүү Фрейд л санал болгожээ. Тэр өөрөө Мессингийн зааварлагч, өөрөө хэлбэл бодоороо тушаал өгөгч нь болов. Ариун цэврийн ширээнд дөхөж очин, дээрээс нь хавчаар аваад буцаж, Эйнштений бавгар сахлаас гурван ширхэг үс тасдаж авах гэсэн эхний тушаалыг мэдэрсэн Мессинг хавчаар авч, их эрдэмтэн дээр очоод уучлал гуйн, Фрейд өөрөөс нь юу хүссэнийг хэлэхэд Эйнштен инээмсэглэн сахлаа тавьж өгсөн гэдэг. Ийнхүү бодлоороо хүн удирдаж болохыг амжилттай туршсан хоёр эрдэмтэн Вольфыг явахад нь “Ямар нэгэн муу юм болбол над дээр ирээрэй” гэжээ.
Иймд Мессингт хандаж гэр бүлийн асуудлаа шийдүүлэх, алдагдсан үнэт зүйлсээ олуулах зэрэг хүсэлт тавих улс олон байлаа. Гүнтэн Чарторый Польшид ихээхэн алдартай баян нөлөөтэй улсын нэг байв. Үе дамжуулан хадгалж ирсэн үнэт эрдэнийн чулуун зүүлт хатгуур нь алга болоход тэрээр Вольцид ханджээ. Гүнтэн хэн нэгнийг хардах боломжгүй байсан ба хамгаалагдсан цайзад нь гаднын хүн орох аргагүй байлаа. Гүнтэн өөрийн зарц үйлчлэгч нартаа туйлын их итгэдэг байж. Тэд ч хэдэн арван жил дамнан гүнгийн удмынханд үйлчилж ирсэн үнэнч улс байв. Хувийн мөрдөгчид урьж ажиллуулаад ч хэргийн учрыг олж чадсангүй. Вольф цайзад очсоны дараа бүх хүний бодлыг уншсан бөгөөд тэдгээрээс хэн нь ч эрдэнийн зүүлтийг аваагүй байлаа. Харин нэг хүний талаар тодорхой хэлж чадсангүй. Тэр нь 11 настай, ухааны хомсдолтой, цайзад эртнээс ажиллаж ирсэн нэг зарцын хүү байв. Түүнтэй өдөржин тоглож байгаад бодлыг нь уншсанаар хүүг хаана эрдэнийн чулууг нуусныг олж илрүүлсэн байна.
1943 онд буюу дайны ид үед Мессинг Новосибирскийн дуурийн театрт хүмүүстэй уулзав. “Дайн хэзээ дуусах вэ” гэсэн асуултыг дөнгөж уншиж дуусмагц “Тавдугаар сарын 8” гэсэн тоо тэр дороо Вольфид харагджээ. Түүний энэ зөгнөл Сталины сонорт хүрчээ. Мессингийн хэлснээр германчууд үг дуугүй бууж өгөх баримтанд гарын үсэг зурмагч Сталин түүнд цахилгаан явуулж үнэн хэлсэн байна гэж мэдэгдсэн гэдэг. Гэтэл дайн тавдугаар сарын 9-нд дууссан шүү дээ. Мессинг ганцхан өдрөөр алдсан байлаа.
1960-аад оны үед Мессингтэй нэгэн сонирхолтой явдал тохиолджээ. “Би нэг сонины газарт сэтгэлзүйн туршилтуудаа үзүүлж байлаа. Дараа нь намайг ерөнхий редакторын өрөөнд урив. Тэнд арваад сэтгүүлчя цуглаад телепатийн боломжийн талаар яриа өрнүүлэв. Хэн нэг нь миний боломж чадварт итгэсэнгүй. Тэгээд би “Тэгвэл би танд боломж чадвартаа итгэх боломж дахин олгоё. Сэтгүүлчид та нар бүгдээрээ тэмдэглэлийн дэвтрээ авцгаа. Зарим нь ихэд сониучирхан, бас нэг хэсэг нь үл итгэсэн байдалтай бүгд дэвтрээ гаргаж ирлээ. “За одоо бичицгээ. Өнөөдөр зургадугаар сарын таван. 6 сарын 20-25-ны хооронд гэснээ би “Өршөөгөөрэй, таны нэр хэн билээ” гэж нэгнээс нь асуулаа.
-Иван Иванов гэж тэр хариуллаа.
-Тэгэхлээр Иван Иванович та энэ хугацаанд албан тушаал ахих юм байна. Шинэ томилолт. Тэр цагт та над руу утасдаарай. Миний зөв байсан эсэхийг хэдхэн долоон хоногийн дараа харцгаагаарай гэж би хэллээ.
6 сарын 22-нд дөрвөн хүн над руу өөр өөр цагт утасдаж, Ивановыг нэгэн томоохон сонины эрхлэгч болсныг дуулгасан билээ. Ийнхүү ирээдүйг зөгнөгч Вольф насан туршдаа хүмүүсийн ирээдүйг хэлж байгаад 1974 онд нас барсан байна.