ОЛОН НӨХӨР СОЛЬСОН Л.И.БРЕЖНЕВИЙН ОХИН Б.ГАЛИНА АРХИНД ОРЖ, ТРАНШЕЙНД ҮХЖЭЭ


Хуучин ЗХУ гэж байхад 1960-1981 онд төрийн тэргүүнд байсан хүн бол Леонид Ильич Брежнев гэгч царайлаг, нуруулаг эрхэм байлаа. Тэрбээр хойд хөршийн төрийн тэргүүнээр хоёр удаа сонгогдсоны хувьд одоогийн Хан-Уул дүүргийн Соёлын төв, Гэрлэх ёслолын ордон, 3,4 дүгээр хороолол гээд бэлэглэсэн буянтай удирдагч юм. Үүнийхээ зэрэгцээ Брежнев нэлээд шалиг хүүхэмсэг, мэдээж архинд дуртай нэгэн байжээ. Түүний энэ явдлыг газар дээрх ганц охин Галина нь өвлөсөн тухай энд өгүүлэх болно. Гэхдээ Л.И.Брежневийн төрийн удирдагч нараас онцгойрсон нэгэн гаж мэндчилгээний талаар өгүүлэхгүй өнгөрч боломгүй. Хамгийн анх 1964 онд Леонид Ильич болон Чехословакийн Коммунист намын ерөнхий нарийн бичгийн дарга Густав Гусак нарын хошуу ам, уруулаараа озолдсон халуун үнсэлт ах дүү орнуудын ард түмний нөхөрлөлийн билэгдэл болжээ. Яаж ч бодсон хоёр эрэгтэй хүн уруулаа нийлүүлж шов хийтэл үнсэлдэх нь сайхан санагдахгүй биз. Харин Брежневийн хобби бол бусад орны удирдагчийн уруул дээр озон үнсэх байлаа. 1968 онд Румыны лидер Николай Чаушескуг ЗХУ-ын удирдагч үнсэхийг оролдсон. Тухайн үед Румыны удирдагч уурлаж Леонид Ильичийг цээжнээс нь түлхэн үнсүүлэхээс татгалзсан байдаг. Үүний дараа 1971 онд түүний бас нэг үнсэлт нь бүтэлгүйтжээ. Өмнө нь Л.И.Брежнев зүүн европын төрийн тэргүүнүүдийн уруул дээр озон үнсэж байхыг олонтаа харсан Английн Ерөнхий сайд Маргарет Тэтчер тэрхүү үйдлээс бултаж чадсан аж. 1973 онд ЗХУ-д АНУ-ын төлөөлөгчид айлчилсан. Нэгэн цэцэг барьсан америк бүсгүй Ильич рүү ирэхэд түүнийг барьж аваад уруул, хүзүүг нь шимэн үнсэхэд ойролцоогоор 3 минут болсон. Энэ нь ЗХУ-ын төрийн тэргүүний хувьд хамгийн удаан үнсэлт нь болов. Эмэгтэй хүнийг ч бас яая гэхэв. Бусад улсын нэр хүндтэй удирдагчдын уруул дээр үнсэх нь сэжигийн бас гомо цэнхэр ёс байсныг оросын бүдүүлэг удирдагч мэдсэнгүй. 1976 онд Америкийн 39 дэхь ерөнхийлөгч Жимми Картер Зөвлөлтийн удирдагчтай үнсэлцсэн анхны америк ерөнхийлөгч ажээ. 1974 онд Зөвлөлтөд анх удаа Кубын экс лидер Фидель ирсэн. Кастро навчин тамхиа амандаа зуугаатай байхад нь Брежнев секс довтолгоогоо өрүүлэн тэврэн аваад озон үнссэнээр дэлхий даяар бөөн инээдэм болж байсныг өөрөө мэдээгүй нь харамсалтай. Мөн Леонид Ильичийн хамгийн алдартай үнсэлтийг бичихгүй өнгөрч боломгүй. 1971 онд Германы удирдагч Эрик Хоннекертой зад үнсэлдэж, хожим Берлиний ханан дээр тэдний. “Ах дүүгийн үнсэлт” зураг 20 жил үзмэр болжээ. Эцэст нь эрчүүдийн уруул дээр үнсэх дуртай Брежнев болон Югославын лидер Иосиф Броз Тито нар үнсэлцэхдээ уруулаа гэмтээж байсан түүхтэй. Эргээд Брежнев Галинагийн амьдрал руу оръё. Зөвлөлтийн төрийн тэргүүний охин дунд сургуульд сурч байхдаа л хөвгүүдтэй үерхэж найзлах дуртай, дэндүүлж хэлэхэд садар самуун зөн билэг нь гажуудсан охин байсан тухай хамт сурч байсан сурагчид, багш нар нь баталдаг. Галина байн байн театр, цирк үздэг. Тэр хэрээр жүжигчин харчуулд дурлах нь бүр их байлаа. Чингээд хорин хоёрхон насандаа гэнэт циркийн хүнд жингийн тамирчин булиа эр Евгений Милаевтай гэрлэв.
Анхны нөхөр циркчин Е.Милаев
Тэр үед Галинагийн аав Л.Брежнев ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Молдавын Бүгд Найрамдах Улсын нийслэлд Коммунист намын ажлыг шалгаж явахад Кишинев хотод Милаевын ажилладаг цирк ирж тогложээ. Галина тоглолтыг үзэж байхад энэ булиа биерхүү эр арван хүнийг нэгэн зэрэг өргөж үзэгчдийн гайхашралыг төрүүлэн халуун алга ташилт хүртсэн байна. Тэрхүү тоглолтыг үзэж суусан Л.Брежневийн охин Галина үзэгчдийн суудлаас босч, хөшигний араар ороод түүнтэй шууд л гар сунган танилцжээ. Бүсүйн хувьд Милаев өөрөөс нь хорин насаар ах, мөн ихэр хүүхэд нь хамаагүй байлаа. Милаевын эхнэр ихэр хүүхэд төрүүлэхдээ нас барсан тул тэдэнд саад хийх хүн гарсангүй. Үхтэлээ дурласан Галина Е.Милаевтай танилцсан өдрөө түүнтэй зугаацаад алга болчихсон. Их удирдагчийн охин алга болсонд бүгд эрэлд гарч бөөн хэрэг мандах нь тэр. Жилийн дараа Галина албан ёсны нөхөр Милаев охин Витускийн хамт аав, ээждээ эргэж ирсэн аж. Л.Брежнев хүргэндээ бүхий л талаар тусалж, бүр “Социалист хөдөлмөрийн баатар” цол хүртэл гардуулав. Гэвч Евгений хэдхэн жилийн дараа Галинагаас урваж циркчин хүүхэнтэй ил далд явалдав. Үүний хариуд Галина зүгээр суусангүй, өөр нэг циркийн илбэчинтэй янаг амрагийн холбоо тогтоов. Тэр байтугай бүсгүй өөрийн эр нөхрөө чадахын тулд нуудгайгаа дагуулан Баруун европын улсад хамтдаа амарч, ёстой л шинэ хосууд шиг жаргалаа эдэлжээ. Энэ үед дагавар ихэр хүүхдүүд болох Саша, Наташа нар хойд эхдээ их муухай зан гаргажээ. Тэр үед Галина архинд нэлээд орсон боловч өөрийгөө архичин гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байв. Саша, Наташа хоёр Английн хувийн телевизийг урьж авчраад, “Брежневийн архичин охин” нэртэй баримтат кино хийхэд бүх талаар дэмжлэг туслалцаа үзүүлжээ.
Хоёр дахь нөхөр илбэчин И.Кио
И.Киотой танилцах үедээ Галина 30 гарсан архины хамааралд нэвтэрсэн байв. Харин түүний нөхөр Игорь Кио дөнгөж 18 нас хүрсэн. Тэр хоёр насны зөрүү их тул Крым лүү зугтаав. Хэдэн сарын дараа Галина эцэгтээ захиа бичиж “Аав аа, би дурласан. Миний хайрт хорин таван настай” гэсэн зурвас явуулжээ. Гэвч Төрийн тэргүүн үүнд нь хууртсангүй өөрийн тусгай албадыг Крым луу илгээв. Тусгай албад И.Киог баривчлан бичиг баримтыг нь шалгахад тэр дөнгөж 18 нас хүрч явсан байдаг. Ингээд Галинаг тусгайгийнхан Москвад хүргэж ирсэн түүхтэй.
Гурав дахь нөхөр бүжигчин М.Лиела
Галина И.Киогоос холд­соны дараа алдарт балетчин Марис Лиелатай явалдаж эхлэв. Гэтэл тэр залуу эхнэртэй байсан юм. Удирдагч аавынхаа нөлөөгөөр бүсгүй өнөөх бүжигчин залууг бараг л богтлоод авчихав. Түүнд өндөр шагнал, одон медаль авч өглөө. Гэвч тэр залуу таван жил Галинагаас салаагүй ч, эхнэрээсээ албан ёсоор татгалзаж бас чадсангүй. Үүнээс болж Галина Лиела хоёр ам зөрөх болсноор Брежневийн дурламтгай охин бие бялдар өв тэгш хөгжсөн Юрий Чурбанов гэгч цэргийн офицертэй танилцав. Тэд танилцсан өдрөө Москвагийн томоохон зочид буудалд цурам хийлгүй эрхлэн цэнгэж хоносон гэдэг.
Дөрөв дахь нөхөр офицер Ю.Чурбанов
Согтуу танилцсан Галина түүнтэй шөнөжингөө энгэр зөрүүлээд өглөө нь тэд танилцаж “Би Галина Брежнев байна” гэхэд Юрий итгээгүй гэдэг. Тэр үед Л.Брежнев ЗХУ-ын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга хамгийн том лидер нь болж чаджээ. Хэдийгээр Юрий эхнэр, хоёр хүүхэдтэй байсан ч шууд л архинд нэвтэрсэн Галинатай гэрлэсэн нь цаанаа алсыг харсан бололтой. Брежневийн хүргэн Юрий Михайлович Чурбанов маш хурдан алба дэвшиж байсан. Түүнийг л дараачийн ЗХУ-ын Дотоод явдлын яамны орлогч сайд болох байх гэж хэн хүнгүй ойлгож байв. Юрий Михайлович Чурбанов 1971 оны дөрөвдүгээр сарын 17-нд Галина Леонидовна Брежневтэй гэрлэхдээ ердөө ДХЯ-ны хорих газруудын улс төрийн хэлтсийн орлогч дарга, дэд хурандаа байжээ. Чурбанов дунд гарын дансны ажилтны гэр бүлд 1936 онд төрсөн, Лениний районы комсомолын хороонд орж таараад, тэндээсээ хотын хороонд шилжсэн. 1961 онд комсомолын идэвхтэй ажилтныг хэв журам сахиулах байгууллагад дайчилжээ. Тэгээд ЗСБНХОУ-ын ДХЯ-ны (Төвийн ДХЯ-ыг Хрущёв татан буулгасан, дараа нь Брежнев сэргээн байгуулсан) хорих газруудын Ерөнхий газрын улс төрийн хэлтэст комсомол хариуцсан зааварлагч, дараа нь Москва мужийн мөн чиглэлийн газрын улс төрийн хэлтсийн даргын комсомол хариуцсан туслах хийжээ. Тэндээс нь Чурбановыг комсомолын ТХ-ны суртал ухуулгын хэлтэст зааварлагчаар авчээ.
Ю.Чурбановыг хуримласных нь дараа шууд хурандаа болгож, арай зохистой ажил олж, ДХЯ-ны дотоодын цэргийн улс төрийн газрын орлогч даргаар томилжээ. Тэр газрын дарга нь мандаж яваа одод суудлаа чөлөөлж өгч таарахыгаа удалгүй ойлгожээ. Брежневийн хүргэн хуримнаасаа хойш гурван жилийн дараа улс төрийн газрын дарга болж, генерал цол, Улаан таван хошуу одон авчээ. Дахиад нэг жил өнгөрөхөд дотоод хэргийн орлогч сайд, дэслэгч генерал болов. Нэг удаа сэтгэл хангалуун байдлаар Брежнев хүргэнийхээ ажил руу утасджээ.
-Чамайг томилох тухай улс төрийн товчооны шийдвэрт би тун сая гарын үсэг зурлаа...
Өндөр албан тушаалын араас намын бүр өндөр зэрэг дэв ирлээ. Энэ яриаг сонсож суусан Ю.Зуйрган ч гэсэн хашир эр гэсэндээ:
-Ерөнхий нарийн бичгийн даргын гэр бүлийн гишүүдээс ТХ-ны бүрэлдэхүүнд оруулж болох уу гэж асуужээ.
Леонид Ильич жаахан гоморхсон янзтай,
-Юу вэ, миний гэр бүлийн гишүүд чинь эрхээ хасуулагчид юм уу? гэж зөрүүлж асуусан гэдэг. Яг дараачийн их хурал дээр Чурбановыг ЗХУКН-ын Төв шалган байцаах комиссын гишүүнээр, XXVI их хурал дээр ТХ-ны орлогч гишүүнээр тус тус сонгожээ. Дараа нь намын дээд удирдлагын бүрэлдэхүүнд Брежневийн хүү, гадаад худалдааны нэгдүгээр орлогч сайд Юрий Леонидовичийг ч бас сонгосон түүхтэй. Удирдагч гэхээсээ эцэг хүний хувьд Брежнев өөрийн ганц охиноо архинд найгүй орж, нэг архи уухаараа олон хоног үргэлжлүүлдэг, хордлогонд ордог шинж тэмдгийг анзаарсан бололтой. Тиймээс хатуухан хүний гарт өгч, сайн ханийн халамж нэмэгдвэл Галинагийн уух, бас эр нөхөр солих дон багасах байх хэмээн найджээ. Тэр үед ЗХУ-ын төрийн тэргүүн И.Л.Брежневт аминчлан “Архинд донтох нь сэтгэц зан үйлийн өвчин буюу ДЭМБ-аас F-10 гэж томъёолдог” тухай хэлээд өгөх доктор профессор байгаагүй нь ойлгомжтой. Ганц охиноо нөхөртэй болж, тэр үед Галина архи дарс уух нь багассанд баярласан Брежнев тэдэнд зориулан Москва хотод олон өрөө тансаг орон сууц, эдлэн газар, барууны “BMB”, “BENZ” загварын машинуудыг үйлдвэрээс нь захиалан бэлэглэв. Гэвч Л.И.Брежневийг нас барсны дараа байдал өөрөөр эргэлээ. КГБ-ийн дарга байсан Ю.Андропов төрийн тэргүүнд гарч “Ю.Чурбановыг их хэмжээний хээл хахууль авсан” гэмт хэргээр шоронд хорьжээ. Энэ үед Галина сэтгэлээр унаж дөнгөж 22 настай дуучин цыган Борис Буряце гэгчтэй гэрлэв. Гэвч тэр залууг циркийн амьтан сургагч И.Бугримовагийн бриллиант эрдэнэс хулгайлсан гэж бас л шорон луу явуулжээ. Харин цыганууд энэ үед Галинаг Борист туслаагүй гэж түүнд хараал хийсэн гэдэг. Энэ үеэс Брежневийн охин Галина ядуу зүдүү амьдралаар өдөр хоногийг өнгөрөөх болов. Удсан ч үгүй цыгануудын хараал биеллээ олж Галина бүх эд хөрөнгөө зарж, архинд нэвт орсноор хожмоо орох оронгүй орц хонгилоор амьдардаг болов. Бреженевийн охины архинд гүнзгий орж, амьдрал нь уруу тухай "Галина" нэртэй киног 2008 онд бүтээсэн байдаг. Энэ кино бол Зөвлөлтийн төрийн тэргүүн Галина гэж хэн бэ? гэдгийг түүх намтрын хувьд маш сайн харуулсан юм. Нэг үгээр тэнэмэл траншейны “гороочны” амьдралыг сонгосон Галина элэгний церроз өвчнөөр муу усны хонгилд нас барсан түүхтэй.
Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=