"Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Ард түмний элч төлөөлөгчид өө,
Төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын даргаар ажиллах итгэл хүлээлгэсэн Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх учир, миний бие ард түмнээс уг сурвалж, эх ундаргатай ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө Үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно.
Хууль тогтоох дээд байгууллагаас хулгайн сэжигтнүүд биш, хууль төрж байх ёстой. Улсын Их Хурлын нэр хүнд гишүүн нь гэмт хэрэг шалгуулаад байгаагаас болж унаагүй. Улсын Их Хурлын нэр хүнд Улсын Их Хурлын гишүүний шалгуулахгүй байх давуу, дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч, ард түмэнтэйгээ адил хууль шүүхийн өмнө эрх тэгш байх цагт парламентын нэр хүнд өсөх болно.
Улсын Их Хурлын дарга бол Улсын Их Хурлын гишүүдээс илүү эрх эдлэх биш, илүү үүрэг хүлээсэн ажил алба. Улсын Их Хурлын гишүүдийн санал бодол, байр суурь, олонхын саналаар хэлэлцэн гаргах шийдвэрт нөлөөлдөг давуу эрхтэй албан тушаалтан биш. Улсын Их Хурлын дарга бол Улсын Их Хурлын бусад гишүүнтэй адил ард түмнээс сонгогддог, Улсын Их Хурлын хуралдааныг зохион байгуулах чиг үүрэгтэй гэдэг итгэл үнэмшлээсээ би ухрахгүй. Үндсэн хуулийг дээдлэн сахих, эрх, үүргийн нэгдлийг хангах, тэгш эрх, шударга ёс энэ танхимаас эхэлж байх ёстой. Үндсэн хууль, хууль дээдэх ёсны өмнө улс төрийн нам, нас, хүйсийн ялгаа зааг, ямар ч дабль стандарт байх учиргүй. Та бид ард түмний 126 дарга биш. Та бид ард түмний 126 элч төлөөлөгч. Илүү, тусгай эрх дархтай, ард түмэнд зааж зааварладаг дарга нар бид биш.
Данхар том төрөөс ухаалаг, цомхон төрд шилжихийн тулд чиг үүргийн хийдэл давхардлыг арилгах, төрийн зарим чиг үүргийг мэргэжлийн холбоонд шилжүүлэх, гэрээгээр гүйцэтгүүлэх, төрийн албанд үр дүн, гүйцэтгэлд үндэслэсэн нэмэгдлийн систем нэвтрүүлж, хийснийхээ хэрээр авдаг болох, үндсэн ажлаас гадна нэмэлт орлого олдог эрх чөлөөтэй байх нь цомхон төр болох хууль эрх зүйн эрс өөрчлөлт шинэчлэлт нэн шаардлагатай байна" гэж хэллээ.