АРХИ, ХАР ТАМХИНЫ ДОНТОЛТООС АНГИЖИРСАН РЭППЭР ЭМИНЕМИЙН БОДИТ ТҮҮХ



/АА нийгэмлэгийн Талархлын баярт зориулав/
Маршалл Брюс Мэтерс буюу реппер Эминем дэлхийн хип-хоп урлагийн хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг. Гэвч түүний амьдрал зөвхөн амжилт, алдар нэрээр дүүрэн байгаагүй. Тэрээр архи, хар тамхи, эмийн хамааралд орж, амь насаа алдах шахсан. Гэвч Эминем донтолтоо даван туулж, амьдралаа шинээр эхлүүлж чаджээ.
Эминем 54 настай. Тэрбээр Америкийн дээрэмчдийн уурхай болсон Детройт хотод төрж, хүүхэд насаа өнгөрөөжээ. Аав нь архичин, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг учраас тэрбээр ээжийгээ аваад Миссури, Детройт хотуудын хооронд байнга нүүж амьдардаг. Ядуу зүдүү амьдрал, дунд сургуулийн дээрэлхэлт, дарамтын улмаас 17 настайдаа сургуулиа орхижээ. Эминем чөлөөт цагаараа рэп тулаанд оролцдог байхдаа архинд хорхойсон донтож эхэлсэн байна. Тэр үед 1997 онд алдарт продюсер Доктор Дре түүний авьяасыг олж харснаар амьдрал нь эрс өөрчлөгдсөн. 1999 онд гаргасан “The Slim Shady LP” цомог нь түүнийг дэлхийд анх цагаан арьст рэпийн ханхүү гэдгийг таниулсан юм. 2000-аад оны эхээр Эминемийн хувьд дэлхийн рэппэрүүдээс амжилт оргилдоо хүрч байлаа. Гэвч энэ үед тэрээр архи болон мансууруулах бодист бүрэн донтсон байв. Мөн нойргүйдэлд орж, эмийн хамааралтай болжээ. Эминем 2022 онд өөрийн донтолтын тухай ярихдаа зарим шөнө 75–80 ширхэг Валиум хэрэглэж байсан тухайгаа дурдсан байдаг. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас багадаа гэмтсэн оюун санаагаа хэвийн хүн шиг авч явахын тулд би хар тамхи хэрэглэдэг байсан гэж Эминем ярилцлагандаа нэг бус удаа дурсчээ.
2007 оны арванхоёрдугаар сард Эминем метадоныг ихээр хэтрүүлэн хэрэглэсний улмаас эмнэлэгт хүргэгдсэн. Метадон бол опиоид төрлийн хүчтэй эм бөгөөд хэтрүүлэн хэрэглэвэл амьсгал дарангуйлагдаж, амь насанд аюул учруулдаг аж. Түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байхад алдар дуучин Элтон Жон өөрийн биеэр ирж донтолтоос хэрхэн салах талаар удтал ярилцав. Элтон Жон залуудаа од болон гялалзаж явахдаа архи, хар тамхинд донтож, энэхүү хорт зуршлаа хаяад 30 гаруй жил өнгөрчээ. Элтон Жоныг сэтгэц, наркалогийн эмнэлэгт хэвтэж байхад АА буюу Архичид Аминчлахуй нийгэмлэгийн гишүүд ирж донтолтоос ангижирч, эрүүл амьдрах санал тавьсан. Тэднээс итгэл үнэмшил авсан Элтон Жон архи, хар тамхийг эгнэгт орхиж чаджээ. Ингээд Эминем мөн ялгаагүй архи хийгээд мансууруулах донгоос салахаар шийдсэн өдөр бол 2008 оны дөрөвдүгээр сарын 20 өдөр юм. Өдгөө Эминем архи, хар тамхи, мансууруулах бэлдмэл хэрэглэлгүй 18 жил өнгөрчээ. Түүнийг аварсан газар нь АА нийгэмлэг Донтогчид Аминчлахуй бүлгийн гишүүд болон нөхөрлөл юм. Тэрээр эрүүл амьдарсан он жилүүдийнхээ дурсгалын зоосоо олон нийтийн сүлжээнд байнга нийтлэдэг.
Эминем амьдралаа өөрчлөхийн тулд:
1. Эм, мансууруулах бодисын хэрэглээг бүрэн зогсоосон.
2. Донтолтоос ангижрах зөвлөгөө, тусламж авч эхэлсэн.
3. Өдөр бүр гүйж, биеийн тамирын дасгал хийдэг болсон.
4. Амьдралын хэв маягаа өөрчилсөн.
5. Хөгжимдөө эргэн төвлөрсөн.
Түүний хувьд гүйлт маш чухал. Эминем өдөр бүр хэдэн километр гүйдэг болж, биеийн тамирын дасгалыг амьдралынхаа нэг хэсэг болгосон байна. 2026 оны дөрөвдүгээр сарын 20-нд Эминем хар тамхи, мансууруулах эмийн хэрэглээнээс татгалзсаны 18 жилийн ойгоо тэмдэглэжээ. Энэ ойгоороо рэппэр Эминем тоглолт хийж, олсон орлогынхоо тэн хагасыг архи болон мансууруулах бодист донтсон хүмүүсийн сайн сайхны төлөө зориулжээ. Мөн 2025 онд гарсан STANS баримтат кинонд ч өөрийн донтолт, амьдралаа өөрчилсөн түүхээ ярьж донтох эмгэг туссан залуусыг өөрийн адил хорт зуршлаа орхиж, АА нийгэмлэгт ирэхийг санал болгов. Ер нь Эминемийн 2008 оноос хойших уран бүтээлийн 60 хувийг эрүүл саруул амьдрах итгэл үнэмшлийн талаар өгүүлдэг.
Донтолтын дараах хүнд үе, сэтгэл зүйн тэмцэл, дахин босох оролдлогыг тусгасан цомгоо 2009 онд гаргасан бол жилийн дараа “Recovery” буюу “Өөрийгөө ялан дийлэх, амьдралаа шинээр эхлэх тухай” цомог гаргажээ. Түүний хит болсон “Not Afraid” дуунд “Өөрийнхөө өмнөх алдааг хүлээн зөвшөөрч, амьдралаа өөрчлөх зоригийн тухай дуулдаг. Мөн Эминемийн нэгэн хит дуунд:
Намайг алдар нэр үхлээс аварч чадаагүй
Намайг мөнгө үхлээс аварч бас чадаагүй
Намайг хайр дурлал үхлээс холдуулж чадаагүй
Намайг итгэл үнэмшил, андын нөхөрлөл бас
Өөрийгөө өөрчлөх эр зориг үхлээс аварсан хэмээн дуулдаг.

Жч: Өнөөдөр 11 сарын 28-ны өдөр бол Архичид Аминчлахуй нийгэмлэгийн Талархлын баярын өдөр. Дэлхийн АА нийгэмлэг нь Америкт 1935 онд үүссэн бөгөөд монголын АА нийгэмлэг үүсээд даруй 28 жил өнгөрчээ. Энэ хугацаад олон хүн архинд донтох хорт зуршлаа орхиж, рэппер Эминемийн адил эрүүл саруул амьдралд хөл нийлэн алхаж явна. АА нийгэмлэгийн дараа Донтогчид Аминчлахуй нийгэмлэг монголд үүсэх бэлтгэл ажил явагдаж буй. Монголд үй олон байдаг Төрийн бус байгууллагаас АА нийгэмлэг нь төрөөс мөнгө, санхүүгийн хандив авдаггүй, зөвхөн өөрсдийн хандив цуглуулгаар үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг гэдгээрээ ялгаатай. Хэрвээ танд архины асуудал байгаа бол, гэр бүлд тань архинд автан зовж шаналж байгаа хэн нэгэн хүн байгаа бол та АА нийгэмлэгт хандаарай. Үнэ төлбөргүй. /Оффис утас 11-351056/ 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=