
Н.Алтанхуяг АН-ын байрыг зарснаас хойш энэ нам “нар үзсэнгүй”. Гал голомтоороо тоглосон хүн өөдөлдөггүй гэдэг нь ийм учиртай юмсанж. Ерэн оны Ардчилсан хувьсгалын үр дүнд МҮАН, МСДН, МҮДН хотын төвд тус тусдаа байртай болов. Хожим МҮАН, МСДН, МҮДН гурав нийлж АН болсноор тус нам хотын төвд гурван байртай байсан цаг үе бий. Уг нь жаахан сэтгэлтэй улсууд тус намыг удирдаж байсан бол хотын төвд олон давхар гурван оффисын барилга сүндэрлүүлчихээд мөнгө санхүүгийн хувьд под хийсэн орлоготой нам байж болох байлаа. Гэхдээ талбайн урдах байрыг “Бодь” группын Д.Баясгалан, МоАХ-ны байранд Женко Х.Баттулга эзэн сууснаар намын бус хувь хүний өмчид шилжжээ. Гурав дахь байр буюу “Хүзүүвч”-ийг АН-ын дарга Н.Алтанхуяг 2013 онд намын ҮЗХ-ны хурлаар оруулалгүй хууль бус шийдвэр гарган 7 тэрбум төгрөгөөр сэм худалджээ. Гэтэл тус мөнгөнөөс нэг жилийн дараа буюу 2014 оны есдүгээр сарын 25-ны өдөр дансанд нь 45 мянган төгрөг үлдсэн байв. Дансны хуулгийг шалгахад 2013 оны 9 дүгээр 25-ны өдөр АН-ын дансанд орсон 7 тэрбум төгрөгийг 6 хоногийн дараа 3,1 тэрбум гаруй төгрөгийг “Зээл төлөв” гэсэн утга бичээд Н.Алтанхуяг хувийн данс руу гаргасан. “Мөнгө мөртэй” гээд хөвөрдөхөд Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа эрх мэдлийнхээ хүрээнд байгуулсан “Хаан жимс” амралтын газар, чацарганы аж ахуй руу дамжин орсон гэдэг. 2009 оноос эхлэн Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойд зориулж 20 давхар “Ардчиллын өргөө” гэх байшин барихаар АН-ын дарга Н.Алтанхуяг хандивын аяныг орон даяар өрнүүлжээ. Ингээд “Ардчиллын өргөө”-нд хандив өргөсөн гишүүддээ бэлгэдэл болгон “тоосго” болон дурсгалын зүйлс тарааж “попорч” байсныг мэдэх хүн олон. Гэтэл Н.Алтанхуяг АН-ын даргын ажлаа 2014 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр өгсөн. Өнөөдрийг хүртэл тэрбээр АН-ын байрыг зарсан 7 тэрбум төгрөг, “Ардчиллын өргөө” барих нэрээр цуглуулсан хандивын мөнгө хаашаа орсныг хэлж чадахгүй, мэдэн будилж явна. Тэр бол ийм л шударга бус этгээд.
Ардчилал, шударга ёс тогтсон улсуудад намын дарга залилан, луйврын гэмт хэрэг хийсэн бол өдийд шоронд хэвтэж байгаа. Гэтэл Н.Алтанхуяг “Би МУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшиж, санал асуулгаар тэргүүлж байна” гэх маягийн юм ярьж, сэрүүн зүүдлэж явна. Тэрбээр 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа намын дарга болчихоод УИХ дахь АН-ын цөөнхийн бүлгийг МАН-тай эвсэл болгох гол ажлыг гардан гүйцэтгэсэн билээ. Тэрбээр “Хоёр нам эвсээд явахад буруу нь юу байх вэ. Эвслийн засагт би сайд буюу өндөр албан тушаал хашихгүй” гэж амлаж байлаа. Гэтэл эвслийн засагт шадар сайд болохын төлөө Н.Алтанхуяг өнөөдрийн Оюутолгойн алдаатай гэрээг байгуулах үндэс суурийг тавьж, мөн хэлсэн үгнээсээ буцаж С.Баяр, Сү.Батболдын Засагт шадар сайд хийж байсныг бид мартах учиргүй. Үг, үйлдэл нь дандаа зөрдөг Н.Алтанхуяг албан тушаал, эрх мэдэл, мөнгөний төлөө юу ч хийхэд бэлэн нэгэн. Ерөнхий сайд байхдаа түүний байгуулсан “Цэвэр агаар сан”-гийн дарга Н.Хүрэлсүх, орлогч А.Болдмаа, нябо М.Хулан, Д.Цэцгээ нар 4.5 тэрбум төгрөг зувчуулсан хэрэгт хорих ялаар шийтгүүлсэн. Гэтэл “Цэвэр агаар сан”-нд Санхүүгий хэлтсийн даргаар ажиллаж байсан хамгийн гол этгээд А.Саранзаяаг /Н.Алтанхуягийн охин/ хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтаас сугалж, ял завшуулсан байдаг. Мөн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа ЗГХЭГ-ын дэд даргаар хүргэн Г.Дэнзэнгээ хууль зөрчин томилоод хэл аманд орж байсныг нийгэм мартаагүй. Өдгөө Н.Алтанхуяг “Манай Засгийн газрыг Ц.Элбэгдорж, МАН-тай нийлж унагасан. Би шударга бусын хонгилд үхэх шахсан” гэж жүжиглэдэг. Үнэн хэрэг дээрээ Н.Алтанхуягийн Засгийг 2014 оны 11-р сард гишүүн Х.Баттулга, Ж.Батзандан, Л.Эрдэнэчимэг, Г.Уянга, ИЗ-ын М.Зоригт, МАХН-аас С.Ганбаатар нар МАН-ын УИХ дахь цөөнхийн бүлэгтэй үгсэн хуйвалдаж унагасан баримт түүх болон үлдсэн. Ерөнхийлөгч болж, хонгилын түлхүүр атгасан Х.Баттулга “Н.Алтанхуягийг шоронд хийхгүй авч үлдэх нь зөв. Ийм хүмүүс дараа нь надад үнэнч зүтгэдэг юм” гэж хэлсэн үг үнэний ортой. Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Алтанхуягийг уралдуулахаар уяж байгаа уяачид нь Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёр. Женкогийн тролл арми, “Херо” хар технологи, өрсөлдөгчийг нь газар доор ортол гүтгэж, харлуулаад ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд уясан морь нь түрүүлэхгүй бол тэд шоронд орох нь эргэлзээгүй болсон. Иймээс Женко болон МАН-ын “Гучийн бүлэг”-ийн авралын од нь Н.Алтанхуяг болжээ. Женко, Н.Алтанхуяг хоёр бол зоосны хоёр тал. Үүнээс гадна улстөр дэх “UBS” нам Н.Алтанхуягийг мөнгө, санхүүгээр дэмжиж Монголд хоёр дахь Ю.Цэдэнбал төрүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх гэнэ. Эхнэрээ хулхидаж, туслах бүсгүйтэйгээ амраглаж, гэр бүлээ хайрлаагүй Н.Алтанхуяг Монголын төлөө амь биеэ хайрлахгүй зүтгэх нь үлгэр цаашаа болох байлгүй!