Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын Эрүүл мэндийн төвийн эмч нар болон холбогдох ажилтнууд багтсан нийт 49 хүнд холбогдох халамж, хөдөлмөрийн чадвар алдалтын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд долоо дахь хоногтоо үргэлжилж байна. Эдгээр эмч нар хоорондоо үгсэн хуйвалдаж, авлигын сүлжээ бий болгож, эрүүл саруул казах иргэдээс авлига авч нийгмийн халамжинд оруулдаг байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогджээ.
Цагаан халаат өмссөн эдгээр гэмт хэрэгтнүүд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоох болон сунгахдаа 415 удаа бусдаас хахууль авсан, эрүүл иргэдэд хуурамч материал бүрдүүлж өвчтэй хүмүүсийн тэтгэвэр, тэтгэмжийг олгосон байдаг. Уг хэрэг нь Баян-Өлгий аймгийн зарим эмч, холбогдох албан тушаалтнууд иргэдээс хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг үндэслэлгүйгээр тогтоон, группт оруулж, улсаас халамжийн болон тэтгэмжийн мөнгө авах боломж бүрдүүлсэн гэх иргэдийн гомдол, мэдээллийн дагуу шалгагдаж эхэлсэн байдаг. Мөн группт оруулж өгсөн иргэдийг цаашид дарамтлах, улс төрийн сонгуульд ашиглах зорилгоор шахалт үзүүлдэг гэх мэдээлэл ч шалгуулахаар ирүүлсэн гомдолд багтжээ. Шалгалтын явцад хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмж авч байсан 420 орчим иргэний 268 нь буюу 68 орчим хувь нь эрүүл мэндийн хувьд хөдөлмөрийн чадвар алдаагүй, цоо эрүүл атлаа хуурамч бичиг баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр тэтгэмж авч байсан гэх нөхцөл байдал тогтоогдсон байна. Тухайлбал, 30 жил хэлгүй хэмээн тэтгэмж авч байсан 15 иргэн, хөдөлмөрийн чадвараа алдаагүй мөртөө сохорсон хэмээн өндөр халамж авч байсан 18 иргэн хүртэл гэрчийн мэдүүлэг өгсөн аж. ЭХ-ийн тусгай ангийн 18.6-р зүйлийн 2, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1-р зүйлийн 1 дэх хэсэг, 22.4-р зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч их эмч М.Рауза, Ш.Хуат, Х.Хурманхан, Б.Ханат, К.Төлеген, Ө.Ертай, М.Есенкелди, Т.Жайна, Ө.Женис нар энэхүү авлига авдаг схемийг зохиож, удирдаж байсан аж. Нэг үгээр Баян-Өлгий аймгийн сумын эмчээс эхлээд Аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн баг хүртэл эрүүл хүмүүсийг сохор, доголон, хөдөлмөрийн чадвараа алдсан болгож дундаас нь авлига авч байсан талаар шүүхэд мэдүүлжээ. Мөн энэ хэрэгт бага эмч, сувилагч, их эмч гээд Ө.Ахмарал, С.Айгүл, Х.Аманбек, Х.Өмиргүл, Ш.Гүлжаукар, С.Нурбек, Д.Сара, А.Серикболат, Х.Серикжан, Х.Манчук, Н.Маргулан, М.Мейрамбек, Б.Жанбота, Х.Бигавил, З.Мухтар, А.Еркегүл нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Ховд аймгийн шүүхэд 7 дахь өдрөө үргэлжилж байна.
Түүнчлэн Монгол Улсын иргэнээр бүртгэлтэй боловч Бүгд Найрамдах Казахстан Улсын иргэншилтэй эсэх, хоёр улсаас зэрэг тэтгэвэр, тэтгэмж авдаг эсэх, мөн хүүхдүүдийг өндөр настай эцэг, эхийнхээ овогт бүртгүүлж халамж авахтай холбоотой асуудлуудыг шалгуулах хүсэлт иргэдээс гаргаж байжээ. Уг хэргийг АТГ-аас 2020 оны аравдугаар сараас шалгаж эхэлсэн бөгөөд ийнхүү эрүүгийн хэрэг шүүхийн шатанд шилжин, 49 хүнд холбогдох шүүх хуралдаан удаан үргэлжлэх нь ойлгомжтой. Монголд урд өмнө эрүүгийн хэргийн түүхэнд огт болж байгаагүй олон тооны эмч нарын хэрэгт дор хаяж 20 эмч торны цаана суух нь тодорхой болоод байна. Эцэст нь хэлэхэд цоо эрүүл атлаа халамж авч, улсыг хохироож байсан олон тэрбум төгрөгийн хохирлыг яаж барагдуулах вэ?