Иракт буудуулсан Монгол цэргийн тухай цахим орчинд цацагдсан ч тэгсхийгээд мартагдсан. Яам, Жанжин штабын зүгээс ч үүрэг гүйцэтгэж буй цэргүүдийн ар гэрийнхний сэтгэл зүйд нөлөөлж болзошгүй гэсэн учраас асуудлыг даамжруулаагүй аж. Энэ нь цэргийн нууцад хамаардаг бөгөөд Ирак дахь энхийн ажиллагаанд Монгол Улсаас оролцох 10 ээлж дууссан хойно болсон явдлыг задлах учиртай аж. Ингээд энэхүү нууцын зэрэглэлээс гарсан түүхийг эргэн нэг сануулъя.
Ирак дахь манай цэргүүд Олон улсын “Эко” баазын харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Тэдний дунд нүд хөмсөг, нуруу туруу болсон нэг жавхаалаг залуу байсан нь Монголын Зэвсэгт хүчний шүхэр десантын ангийн ахлагч цолтой албан хаагч байлаа. Түүний алдрыг Хунчууд овогт Батдэлгэрийн Эрдэнэболд гэнэ. 1980 оны өвөл цаг дор Увс аймгийн Бөхмөрөн суманд мэндэлжээ. Айлын таван хүүхдийн ууган хүү. Сумандаа найман жилийн дунд сургууль, Дархан хотод 10 жилийн дунд сургууль дүүүргэж, Баян-Өлгий аймаг дахь Хилийн цэргийн 0165 дугаар ангид алба хаасан. 2002-2004 онд холбооны 013 дугаар ангид гэрээт цэрэг, 2004 оноос хойш радио телеграфчин жолоочоор ажиллаж эхэлжээ. Тусгай томилолтын батальоны бүрэлдэхүүнд гранатмётчиноор багтаж Ирак улсад анх удаа хөл тавьж байгаа нь энэ. Ингээд эр цэргийн олон улсад Монголынхоо сүрийг илтгэх онцгой хүндтэй алба эхэллээ. Цэргийн баазын хээрийн эмнэлэгт үе үе халдлагад өртсөн гадны цэргийн албан хаагчид ирнэ. Б.Эрдэнэболдыг Буянт-Ухаагаас Иракийн зүг хөдлөх гэж байхад зөрж ирсэн Сьерра Леоны II ээлжийн цэргүүдийн дунд Ганбат ахлагч таарч, дотно андууд тэврэлдэн уулзжээ. Тэрбээр харь нутгийг зорьж буй анд нөхөртөө цэргийн хээрийн эрээн цамцаа өгөхдөө “За Эрка минь, чиний наад өмссөн хувцас чинь шинэ болохоор их халуунд агаар нэвтрэхгүй хэцүү. Бие барьж дарайгаад хөдлөхөд ч тээртэй. Найз минь, үүнийг харуулд гарах үедээ өмсөж байгаарай. Хөнгөн, сэрүүхэн, аятайхан байдаг юм” гэжээ. Тухайн үед Эрдэнэболд “Би энэ хөлстэй цамцаар яадаг юм” гэж бодсон ч нөхрийн сэтгэлийг бодон авч аранзандаа хийв. Нэг удаа харуулд гарахдаа Ганбатын цамцыг өмсөж гартал уур амьсгалд нь зохицсон хувцас байсан нь батлагдаж, сэтгэлд таатай санагдав. Харин хамгийн доод талын товч нь хэзээ мөдгүй унах болчихсон санжигнаж үзэгдэв. Энэ товчийг нэг чөлөө завандаа оёж бөхөлнө дөө гэж бодоод л өнгөрчээ. Мань хүн мөнөөх цамцтайгаа харуулд гарсаар, нөгөө товч ч санжигнасаар. Нэг мэдэхэд гурван сар улиран оджээ. Хэрэг явдал ингэж өрнөжээ.
Бага Азийн бүгчим шөнө. Ирак дахь олон үндэстний цэргийн дивизийн “Эко” бааз. 2007 оны 10 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнийн 03:10 цаг болж байлаа. Цэргийн хүрээний харуулын цамхаг дээр нэгэн цэрэг үүргээ гүйцэтгэн харуулд зогсож байсан үе. Эргэн тойрноо шөнийн харааны хэрэгслээр ажиглаж, хяналт үйлдэж байтал хөл доор нь торхийх чимээ гарчээ. Цочсон харуул зөнгөөрөө доош хартал духанд нь алхаар цохих мэт тас бууж, арагш хүчтэй саван, манааны цамхгийн ханыг биеэрээ алгадаж, эрчиндээ урагшаа шидэгдээд дөрвөн хөллөн ойчжээ. Эхлээд чухам юу болоод байгааг цочролд орсон мань эр сайн ойлгосонгүй. Гэнэт тархинд нь нэг бодол зурсхийсэн нь “Намайг буудчихлаа” гэсэн зөн мэдрэмж байлаа. Тэрбээр гараараа шал тулаад болгоомжтойхон өндийж дуран руугаа тэмүүлэхүй, гарт нь холбооны хэрэгсэл тэмтрэгджээ. Харилцуурыг шүүрэн авч төвтэйгөө холбогдон “Тавдугаар харуулын цэг рүү чиглэсэн буудлагын халдлага үйлдэгдлээ. Нааш нь яаралтай шуурхай бүлэг илгээн хүч нэмэгдүүлээч” гэж байдгаараа орилсон байна. Өндийх л юм бол духанд нь сум зоогдоно гэдгийг хал үзсэн эр цэрэг сайтар гадарлаж байв. Цааш эргэж эгээ л муур мэт мярааж, ротын пулемёт дээр суурилсан шөнийн дурангаар хяналтын орон зайг болгоомжтой нь аргагүй хараачлах аядав. Гэтэл харуулын цэгээс урагш 80 градусын өнцөгт, багцаалбал 800 шахам метрийн зайд тун чиг сэжигтэй зүйл илэрчээ. Дэлбэрэлтэнд өртөж балгас болсон шавар тагзны дээвэр дээрээс нэг буутай хүн үсрэн бууж байгаа нь тод үзэгдэв. Ахиулан дурандваас урд талд нь бас нэг алан хядагч тэнхээ мэдэн гүйж явна. Харуул учрыг гадарлаж “Алан хядагчид!!!” хэмээн амандаа бувтнаад пулемётоо сумлан хоёр этгээдийн бараа үзэгдсэн газарт тусгалыг нь тааруулж байгаад магазин дахь 100 сумаа дуустал нь шүршиж орхижээ. Үнэндээ яг хоёр хүн байсан уу, түүнээс олон байсан гэдэг нь өнөө ч оньсого. Дахин дурандваас үхдэлүүд битгий хэл юу ч үл үзэгдэх, шороо тоос агаарт дэгдсэн байлаа. Тэр шөнө Эрдэнэболд цамхаг дээрээс гурван талаа хянаж, цээжээ эргүүлэн дурандаж зогсох мөчид сум нэвтэрдэггүй хантаазных нь доод ирмэг мөнөөх унах дөхсөн товчны утсыг үрсээр байж. Эцэст нь товч тасарч, харуулын цамхгийн төмөр дэвсэг дээр донхийн унажээ. Чимээ анирдсан цэрэг эр даруй эрүүгээ даран хүзүүгээрээ огцом тонгойж доош харах чөлөөнд дуулганд нь сум тусчээ. Өөрөөр хэлбэл гох дарж байхад товч тасарч таарчээ. Маш ховор тохиолдол. Юмны нарийн холбоос гэдэг ийм л учир жанцантай. Хэрвээ тэрээр тухайн агшинд тонгойгоогүй байсан бол мэргэн буудагчийн сум яг цохонд нь тусах байжээ. Амьд үлдэх ямар ч боломжгүй. Алан хядагч хэрвээ 750 метрээс дотогш зайнаас буудсан бол тонгойсон ч сум дуулгыг нэвтлэн гарах магадлал өндөр байдаг. Хэт ойроос буудахад хүн амьд үлдэж мэднэ. Яагаад гэвэл сум эрчээ авч амжаагүй байдаг. Хэт алсаас гох дарвал сумны хурд сулардаг. Дундын зай бол мэргэн буудагчийн хувьд хамгийн найдвартай байрлал гэнэ. Б.Эрдэнэболдын өмсч байсан дуулга Америкт хийсэн гипсээр хийчихсэн юм шиг сонин малгай байжээ. Мэргэн буудагч түүнийг 790 орчим метрийн зайнаас яг цохонд нь барьж буудсан байгаа юм. Мөнөөх эзнийхээ амийг аварсан бууны сумны “шархтай” дуулга эдүгээ Монгол цэргийн музейд хүндэтгэлтэйгээр заларсан түүхтэй.