“Карибын тэнгисийн хямрал”-ын оргил үед 1962 оны аравдугаар сард болсон ЗХУ, АНУ-ын хооронд цөмийн дайн гарах тун дөхсөн. Зөвлөлтийн удирдлага Америкчуудын хамар дор, Кубийн арал дээр цөмийн пуужин нууцаар байрлуулсан явдал нь Америкийн зэвсэгт хүчнийг түгшүүрийн дохиогоор босгож, арлыг бүхэлд нь бүслэхээс өөр гарцгүй байдалд оруулсныг бид мэднэ. Энэ бүх үйл явдал өрнөж байх үед усан дор, арал дээр хүн төрөлхтнийг газрын хөрснөөс арчиж чадахуйц цөмийн дайн гарах явдлаас сэргийлж чадсан зөвлөлт болон Америкийн хоёр офицерын өгүүлье.
Тусгай ажиллагааны хүрээнд 1962 оны 10 дугаар сарын сүүлээр Б-130, Б-36, Б-59, Б-4 гэсэн дугаартай зөвлөлтийн 4 нэгж шумбагч завинууд Кубийн арлыг чиглэн далайд хөдөлгөөн үйлдэж байлаа. Тэдний нэг болох “Б-59” шумбагч завь, Атлантын далай дахь Саргассовын тэнгисээр 20 хоног хөвсний дараа Кубийг эрэгт дөхөж иржээ. Энэ үед тус арлыг бүсэлсэн Америкийн тэнгисийн цэргийн усан онгоцнууд, нисдэг тэрэг, нисэх онгоцнууд зөвлөлтийн шумбагч завинуудыг олж илрүүлэхээр эрчимтэй эрэл, хайгуул хийж байлаа. Дизель-цахилгаан хөдөлгүүртэй “Б-59” завины ахмадаар В.Г.Савицкий, орлогчоор В.А.Архипов, улс төрийн комиссараар И.Масленников гурав ажиллаж байв. Гэхдээ 91,3 метр урттай, 1953 тонн усан түрцтэй “Б-59” завь ердийн нэг шумбагч онгоц биш байжээ. Уг завийг зөвлөлтийн цэргийн технологийн хамгийн сүүлийн үеийн бүтээл болох тус бүр нь японы Хирошима хотод хаясантай тэнцэх дэлбэрэлт үүсгэх хэмжээний хүчин чадалтай “Т-5” загварын цөмийн торпедоор (15 килотонн хүчтэй) зэвсэглэсэн байв. Энэ тухай багийн гишүүдээс тун цөөн хүн мэдэж байжээ.
Аравдугаар сарын 27-нд “Б-59” завийг Америкийн эргийн хамгаалалтын “Беале” усан онгоц Кубийн эргийн ойролцоо явж байхад нь олж ирүүлжээ. “Б-59” ч ослын шумбалт хийж далайн гүнд орсон байна. Удалгүй уг зөвлөлтийн шумбагч завийг хайх ажилд ойролцоо явж байсан Америкийн бусад усан онгоцнууд татагдан орж нийтдээ 11 нэгж бүхий тэнгисийн цэргийн бүлэглэл болж хувирсны дотор нисэх онгоц тээвэрлэгч “Рэндольф” багтаж байв. Америкчууд шумбагч завийг аль улсынх болохыг нь таних зорилгоор гүний цэнэг хэрэглэж эхэлжээ. Гүний цэнэг гэдэг нь тэсрэх бодисоор дүүргэсэн бөмбөг бөгөөд тодорхой гүнд очоод өөрөө эсвэл удирдлагаар тэсэрдэг. Хэрвээ цэнэг нь шумбагч завины ойролцоо дэлбэрвэл уг завийг устгах эсвэл ноцтой гэмтэл учруулах байжээ.
Америкчуудын хэрэглэсэн гүний цэнэгийн дэлбэрэлтээс болж “Б-59” завины радио холбоонд саатал гарснаас гадна, далайд 250 метр гүнд орсон байсан нь завийг “Москва”-тай холбоонд орох боломжгүй болгожээ. Ингээд завь Америкчуудыг явахыг хүлээн усан дор 7 хоног “тас” гүрийжээ. Энэ үед шумбагч завь дотор 60 хэм хүрч халснаас гадна, цэвэр ус, агаарын гүнзгий дутагдалд орж эхэллээ. Усан цэргүүдэд хоногт нэг аяга цэвэр ус ногдож байв. Шумбагч завины бүх цахилгаан багаж, агаар шүүгч, бусад хэрэгслийг тэжээж буй батарейг дахин цэнэглэхийн тулд усны мандал дээр зайлшгүй гарах шаардлагатай болсон, цаашид удаан тэсэх боломжгүй болсон байна. Ахмад В.Г.Савицкийг Америкчуудын эсрэг цөмийн торпедоо ашиглах тухай нухацтай бодоход хүргэжээ. Ингээд тэд цөмийн зэвсэг хэрэглэх, эсэх тухай тун чухал санал хураажээ. Харин санал хураалтад оролцсон В.А.Архипов нь нөгөө хоёрынхоо эсрэг санал өгснөөр дэлхий ертөнцөд цөмийн дайн гаргах явдлаас сэргийлж чадсан юм. Цөмийн торпед хэрэглэх боломжгүй болсон тул хөлгийн ахмад В.Г.Савицкий завийг усны мандалд гаргав. Улмаар “Москва”-тай холбоонд орж, үүсээд буй нөхцөл байдлыг илтгэхэд түүнийг бааздаа буцах тушаал өгчээ.
Кубын аралд ЗХУ цөмийн зэвсэг байрлуулсантай холбогдуулан АНУ-ын стратегийн бүх хүчин байлдааны бэлэн байдлын хоёрдугаар зэрэглэлд шилжээд байв. Үүнийг “Бэлэн байдлын 1-р зэрэглэл”-д шилжүүлж, цөмийн пуужингууд харваж эхлэхэд ердөө хэдхэн минутын үлдсэн гэж ойлгож болно. Ажил үүргийн хуваарийн дагуу нэг офицер “Марк-28” цөмийн цэнэгтэй бүхий 4 нэгж “Масе-В” пуужин харвах ажиллагааг гардан удирдах ёстой. Тэгэхээр уг дөрвөн нууц байгууламжид нийлбэр дүнгээрээ 32 нэгж “Масе-В” пуужинтай болж таарч байна. “Марк-28” цөмийн цэнэгийн хүчин чадал нь 1,1 мегатонн тротилын дэлбэрэлттэй тэнцүү хэмжээтэй. “Масе-В” пуужин 2250 км алсын зайд нисэх боломжтой гэж бодвол “Окинава” арлаас харвасан эдгээр пуужингууд тухайн үеийн коммунист дэглэмтэй орнуудын нийслэл Ханой, Бээжин, Пхеньян хотууд тэр ч бүү хэл зөвлөлтийн алс дорнодын зарим байгууламжид цохилт өгөх боломжтой байжээ. Тухайн өдөр уг байгууламжийн 32 цөмийн пуужинг бүгдийг хөөргөх тушаал “Төв”-өөс ирсэн юм. Эхний бүлэг код ирэнгүүт, жижүүр хүлээн авч байгууламжийн дарга уг кодыг өөрт байгаа кодтой тааруулж үзээд тулж байвал төвөөс ирж буй дараагийн тушаалыг биелүүлж эхэлдэг. Нэг их удалгүй “Төв”-өөс хоёр дахь бүлэг код ирж, жижүүрийн байранд буй кодтой таарлаа. Хоёр дахь баталгаажуулалт хийгдсэний дараа ахмад Виллиам Бассетт, зөвхөн онцтой тохиолдолд задлах тушаалтай дугтуйг задлах үүрэг өгчээ. Энэ дугтуйд цаашид ажиллах заавар, устгах “бай”/целүүд, гурав дахь бүлэг код, пуужинг харвах түлхүүрийн хамт хадгалагдаж байсан юм. Төвөөс радиогоор илгээх гуравдугаар бүлэг код, уг дугтуйд буй кодтой таарвал тушаал үг дуугүй биелүүлэх ёстой байлаа. Гэтэл “Төв”-өөс илгээсэн гурав дахь бүлэг код, дугтуйд байсан кодтой таарчээ. Ингээд дэлхийд цөмийн дайн эхлүүлэх үү, болох уу гэдгийг шийдэх хариуцлагатай цаг мөч америкийн нисэх хүчний ахмад Виллиам Бассеттын өмнө тулгарчээ. Ахмад В.Бассетт, үүсээд буй нөхцөл байдалд дүгнэлт хийсний дараа ямар нэгэн зүйл буруу байна гэдгийг зөнгөөрөө мэдэрчээ. Энэ нь нэгт цөмийн пуужинг зөвхөн “Бэлэн байдлын I зэрэглэл”-д шилжсэн үед хөөргөх ёстой гэдгийг бүгд мэдэж байсан. Харин түүнд “1-р зэрэглэлд шилж” гэсэн тушаал ирээгүй байв. Хоёрдугаарт дугтуйнаас гарч ирсэн устгах ёстой целүүдийн жагсаалт дотор тэдний дайсан ЗХУ-тай хамааралгүй хэд хэдэн “бай”-нууд байсан нь түүнийг эргэлзэхэд хүргэжээ. Ахмад дугтуйнаас гарч ирсэн “бай”-уудын жагсаалыг чанга дуугаар уншиж эхлэхэд тэнд байсан 4 “цель”-ийн гурав нь зөвлөлтийнх биш байв. Яг энэ үед зэргэлдээх байгууламжийн офицер утастаж түүнд буй 4 целийн хоёр нь өөр газар байна гэдгийг мэдээлжээ. Ямар нэгэн байдлаар дайсагнадаггүй орнуудыг устгах жагсаалтад оруулсан байсан нь ахмадад эргэлзээтэй санагдсан бололтой. Гэхдээ хэрвээ дайсан түрүүлээд цөмийн цохилт хийчихсэн байвал яах вэ гэдэг асуудал гарч ирлээ. Энэ нь дайсны пуужингууд тэдний байгууламжийг чиглэн агаарт нисэж яваа гэсэн үг юм. (Тухайлбал оросын пуужингууд атлантын далайг гаталж америкийн эрэгт хүрэхэд 30 минут нисэх шаардлагатай.) Ийм тохиолдолд байгууламжийн дарга “Төв”-ийн шийдвэр хүлээхгүйгээр бие даан “Бэлэн байдлын 1-р зэрэглэл”-д шилжүүлээд пуужингуудыг харвах эрхтэй байжээ. Ахмад В.Бассеттийн пуужингуудаа хөөргөөгүй гурав дахь шалтгаан нь тун энгийн байлаа. Хэрвээзээ дайсан түрүүлж пуужингуудаа хөөргөсөн бол Окинова арал тэдний цохилтод өртөх хугацаа аль хэдийнээ өнгөрөөд байна гэдгийг ойлгосноос гадна радиогоор дамжуулж буй ямар нэгэн мэдээ, радарт харагдах зүйл байхгүй, цөмийн дэлбэрэлтийн гялсхийлт чимээ ч байсангүй. Ийм шалтгаанаар Америкийн залуу ахмад пуужингаа хөөргөөгүй нь манай гаригт цөмийн дайн гарахаас аварчээ. Ахмад В.Бассетт, өөрийн шууд удирдлагын офицер руу утсаар ярьж, хоёр зүйлийг тодруулсан байна. Тэр нэг бол “Байлдааны бэлэн байдлыг 1-р зэрэглэл”-д шилжүүлэх эсвэл тушаалаа цуцлахыг шаарджээ. Удалгүй түүнд “Пуужин харвах тушаалыг цуцалсан тушаал,” ирснээр уг явдал төгсөж, болсон явдлыг нууцын зэрэглэлд оруулсан юм. Энэ бол хэн нэгний санамсаргүй алдаа, буруу тооцооллоос болж дэлхий ертөнц цөмийн дайнд өртөхөд тун ойрхон байсныг нотолсон тохиолдол болсон юм.