УХАНИЙН ТАЛААР АНХ МЭДЭЭЛСЭН СЭТГҮҮЛЧ БҮСГҮЙД ЯЛ ОНООЛОО


Ухань хотод коронавирусийн цар тахал анх дэгдэхэд гадагш мэдээлэл түгээж байсан иргэн Зань Заньд Хятадын шүүх дөрвөн жил шоронд хорих ял оноосон юм. Түүнд “нийгмийг талцуулж, тогтворгүй байдалд турхирсан” гэх үндэслэлээр хорих ял оноосныг өмгөөлөгч нь баталж, олон нийтэд мэдээлжээ. Харин Хятадыг шүүхийн энэ шийдвэрийг олон улс орон болон Хүний эрхийн байгууллагууд эсэргүүцэж байгаа юм. АНУ-ын  зүгээс иргэний сэтгүүлч Зань Занийг даруй суллахыг уриалж, Уханьд дэгдсэн цар тахлын талаарх бодит мэдээллийг хааж, хориглож байгаа Хятадын Коммунист Намыг шүүмжилсэн байна. “Гадаадын ажиглагчдыг байлцуулалгүй яаран шүүх хурал зохион байгуулсан нь Хятадын Коммунист Нам иргэдийн шударга дуу хоолойноос ямар их айж байгааг харуулж байна” гэж Америк улс  мэдэгдэлдээ өгүүлжээ. Европын Холбоо мөн сэтгүүлч Зань Занийг даруй суллахыг Хятадын засгийн газарт уриалсан байна. “Найдвартай эх сурвалжаас авсан мэдээллээр хатагтай Занийг саатуулахдаа эрүү шүүлт тулгаж, зүй бусаар харьцаж байсныг тогтоосон. Үүний улмаас түүний эрүүл мэнд муудаад байна” гэж уг мэдэгдэлд өгүүлжээ. Одооноос бараг жил орчмын өмнө төв Хятадын Ухань хотод шинэ коронавирусийн халдвар тархах үед тус хотын бодит нөхцөл байдлын талаар гадаад ертөнцөд мэдээ түгээж байсан цөөхөн хүмүүсийн нэг Зань Зань байжээ. Сэтгүүлч Жан өнгөрсөн оны хоёрдугаар сард цар тахлын нөхцөл байдал болон халдварыг тогтоон барихын тулд хийж байгаа арга хэмжээний талаар сурвалжлахаар Ухань хотыг зорьсон байна.  Тэрбээр гурван сар гаруйн хугацаанд хөл хорионд орсон Уханийн оршин суугчдын бодит амьдрал, ачаалал нь хэтэрсэн эмнэлгүүд болон хөл хөдөлгөөнгүй болсон дэлгүүрүүдийн талаар дамжуулж байв. Сэтгүүлч өөрийн бичвэрүүд, зураг, бичлэгийг Wechat болон Хятадад хаалттай платформууд болох Twitter, Youtube-д байршуулж байжээ. Түүний бичвэрүүд тавдугаар сарын дундуур гэнэт зогссон бөгөөд цагдаа нар түүнийг саатуулж, амьдарч байсан газраас нь 640 гаруй км-ийн зайд орших Шанхай хотод аваачсан нь ил болсон байна. Прокурорууд түүнийг яллах дүгнэлт үйлдэхдээ Уханийн Covid-19-ийн талаарх нөхцөл байдлын талаар санаатайгаар өдөөн хатгах зорилготойгоор их хэмжээний худал мэдээлэл нийтэлсэн, “Чөлөөт Ази Радио”, “Epoch Times” сонин зэрэг хилийн чанад дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс ярилцлага авсан гэжээ. Сэтгүүлч Жан Занаас гадна өнгөрсөн хоёрдугаар сард Ухань хотоос бичлэг хийн, шууд дамжуулж байсан Чен Чюши гэгч алга болсон юм. Өнгөрсөн есдүгээр сард тэрбээр олдсон ба төрийн хяналтад байгаа талаар найз нь мэдээлжээ.  Түүнчлэн чөлөөт сэтгүүлчид болох Ли Зехуа болон Фан Бин нар Уханийн халдварын тархалтын талаар мэдээлснийхээ дараа цагдаад саатуулагдсан бөгөөд Ли Зехуа хоёр сар Уханьд хөл хорионд орсон тухайгаа ярьсан байна. 

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд horiotoi.mn хариуцлага хүлээхгүй болно. horiotoi.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг horiotoi.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.





Дараах нийлбэрийг тоогоор оруулна уу. Нэг+Xoёp=