Сүүлийн үед “Х ТҮЦ” ХХК-ийн хувь эзэмшигч И.Одончимэг Ардын жүжигчин болох нь тодорхой болчихлоо гэсэн мэдээлэл сайтуудаар зориудаар өөрийгөө магтуулжээ. Энэ нь цаагуураа МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг нийгэмд “нуман тулгуур” мэхэнд оруулж, буланд шахаж буй увайгүй үйлдэл гэдэг нь харагдаж байна. Энэ бүхнийг сошиал орчинд зохион байгуулж буй хүн нь мэдээж Ардын жүжигчин цол горилогч. Өмнөх жил МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Н.Батцэцэг жүжигчинд Ардын жүжигчин цол олгосон нь нэлээд хэл ам дагуулсан. Гавъяат жүжигчин Т.Карма “Тайзан дээр хорин жил гараагүй. АНУ-аас элдэв бэлдмэл, хувцас зарж лайв хийдэг хүн Ардын жүжигчин цол авах ёсгүй!” хэмээн шүүмжилж байсан. Тэгвэл энэ алдааг бүр дордуулж, алиа хошин шогч, оюуны өмчийн хулгайч, оройгүй худалч И.Одончимэгт Ардын жүжигчин цол хүртээвэл хожмын нэр хүнд тань шороотой хутгалдаж мэднэ.
И.Одончимэг нь хошин шоу, марзагналаар мөнгө олж явсан болохоос тайз, дэлгэцийн урлагт сэтгэлд мөнхөрсөн дүр бүтээж чадаагүй нэгэн. Хошин шог бол соён гэгээрүүлэх урлаг биш гэдгийг захын шүүмж, урлаг судлаач батладаг. Өдгөө И.Одончимэг, Н.Онон, Х.Баттулга нар Төрийн шагналт, СГЗ нэрт зохиолч Ц.Доржготовын зургаан бүтээлийг хулгайлсан, оюуны өмчийн хэргийн субьект болчихоод Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтэс дээр шалгагдаад, прокурор луу эхнээсээ шилжиж байгааг анхаарна уу? Оюуны өмчийн хулгайч, орон байрны хулгайч хоёр яг адилхан гэдгийг эрхэм Ерөнхийлөгч та эрхбиш мэдэх буй заа. Хулгайч гээд хуулийн өмнө шалгагдаж байгаа этгээд Ардын жүжигчин цол авч арай болохгүй байлгүй дээ.
Ёс суртахууны хувьд Н.Онон, Х.Баттулга нар нь нэрт зохиолчийн бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж, кино контент, тайзан дээр хошин үзүүлбэр болгон их хэмжээний ашиг орлого олсноо хүлээн зөвшөөрсөн. Н.Онон нь мэдүүлэгтээ “Доржготов гуайн зохиолыг хулгайлсан хүн нь яг би ч биш. И.Одончимэг хамтлагийнхаа хэдэн дүү нартайгаа нийлээд ашигласан...” гэж үнэнээ өчсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт багтжээ. Гэтэл И.Одончимэг нь араа шүдээ хавиран “Тэгж ярих юм бол би тэр Доржготов гэдэг хүний зохиолоос аваагүй” гэж ар гэрийнхний төлөөллийг загнаж, хашгирч цамнасан байдаг. “Утга зохиол” сонинд зохиолч Ц.Доржготов гуайн ярилцлаганд “Х ТҮЦ хамтлагийнхан миний зохиолыг удаа дараа зөвшөөрөлгүй ашиглаж, нийгмийг соён гэгээрүүлэх гэсэн үнэт үзэл санааг мушиган гуйвуулж, марзагнал, бохир заваан зүйл болгосонд маш их гомдолтой байна. Би гомдлоо цагдаад өгсөн, одоо болтол таг чиг, энэ асуудлыг хурдан шийдэж өгөөч?” гэсэн мөрүүд байдаг. Үүний хариуд И.Одончимэг нь “Зориудаар ингэсэн бол та нарт муу юм болно. Надаас шалтгаалахгүй би хориглож дийлэхгүй харсан тэнгэртэй хүүхэн. Миний ард ихээ том догшин хамгаалалттай өвөг дээдэстэй хүн шүү гэдгээ би хэлчихье. Мэдэх жинхэнэ хутагтууд нь мэднэ” гэж даналзсан байдаг. И.Одончимэг нь зохиолчоос бүтээлийг нь ашиглахдаа зөвшөөрөл аваагүй, хоёрт гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь цагдаагийн үүд давж, хэрэг бүртгэл мөрдөн байцаалт, гэрч шинжээчээр тогтоогдож байхад ингэж даналзаж буй нь ардын жүжигчин цол авах үнэт хэмжүүр мөн үү?! Хулгай хийчихээд буруугаа ухамсарлан ойлгож, уучлал гуйх нэг өөр. Бусдын өмч хөрөнгө, үнэт бүтээлийг хулгайлчихаад урдаас нь “Миний ард харсан тэнгэр байдаг юм шүү. Надаар оролдвол та нар муусайн дуусна шүү!” гээд цамнаад байдаг нь Ардын жүжигчин цолыг энгэртээ зүүх ёс суртахуунтай хүн мөн үү гэдгийг нийт монголчуудаасаа асууя. Өнгөрсөн жил Ардын жүжигчин цол хүртсэн Н.Батцэцэг жүжигчний хувьд ямар ч байсан бусдын бүтээлийг хулгайлаагүй, гэмт хэргийн субьект болж байгаагүй мөр бүтэн явсан эмэгтэй. Үүнээс гадна хятад хэлний нэрт орчуулагч Д.Болдбаатарын “Сэрүүн хасын нууц” жүжиг, “Солиот эх” өгүүллэгийг орчуулж, Монгол дахь оюуны өмчийн албан ёсны эрхийг нь авсан байдаг. Гэтэл И.Одончимэг дур мэдэн дээрх хоёр бүтээлийг зөвшөөрөлгүй ашиглаж, жүжиг, кино болгон ашигласанд Д.Болдбаатар орчуулагч өнөө хэр гомдолтой явдаг. Мөн “Х ТҮЦ” хамтлаг нь нэрт шог зохиолч Ж.Барамсай агсны олон бүтээлийг оюуны өмчийн зөвшөөрөлгүй ашигласан нь тогтоогдож, мөн л хуулийн байгууллагаар шалгуулж, тэдний үйлдсэн хулгайн хавтаст хэрэг улам зузаарч явааг сануулах байна.
МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх таны шударга ёсны сэлэм алиалагч, оюуны өмчийн хулгайчдын өмнө бүү хугараасай.